2026 оны 11 дүгээр сарын 13: 60 жилийн өмнөх “мөхлийн өдөр”-ийн таамаг юу хэлж байна вэ?

Хиймэл оюун ухааны ирээдүйг эртнээс таамаглаж байсан эрдэмтэд 1960-аад онд дэлхийн хүн амын өсөлтөд тулгуурласан нэгэн сонирхолтой математик тооцоо хийж байжээ. Тэдний загвараар хүн төрөлхтний тоо хэт хурдацтай өссөөр байвал энэ оны арваннэгдүгээр сарын 13-нд хүн ам “хязгааргүй” болох цэгт хүрэхээр тооцоолсон байна. Гэвч энэ нь өнөөдөр дэлхий сүйрнэ гэсэн шинжлэх ухааны таамаглал биш аж.

Иллинойсын их сургуулийн эрдэмтэд Хайнц фон Фёрстер, Патрисиа М.Мора, Лоуренс В.Амиот нар 1960-аад онд дэлхийн хүн амын өсөлтийн хурдыг судалж, цаашид энэ хандлага үргэлжилвэл хүн төрөлхтөн хязгаарлагдмал нөөцтэй орчинд оршин тогтноход улам хүндрэлтэй болно гэж үзсэн байна.

Тэдний судалгаанд тухайн үеийн хүн амын өсөлтийн хурдыг математик загвараар тооцож, тодорхой хугацааны дараа өсөлтийн муруй нь “хязгааргүй” рүү тэмүүлэх цэгт хүрнэ гэсэн үр дүн гарчээ.

Хүн ам 60 жилд бараг хоёр дахин өсжээ

Эрдэмтдийг тооцоо хийх үед дэлхийн хүн амын өсөлтийн хурд анхаарлыг нь татаж байжээ. 1900 онд дэлхийн хүн ам ойролцоогоор 1.6 тэрбум байсан бол 1960 он гэхэд 3 тэрбумд хүрчээ. Өөрөөр хэлбэл, ердөө 60 жилийн хугацаанд хүн төрөлхтний тоо бараг хоёр дахин нэмэгдсэн байна.

Энэ хугацаанд дэлхийн хоёр том дайн болж, асар их хүний амь эрсэдсэн ч хүн амын нийт өсөлт зогсоогүйг судлаачид онцолжээ.

Технологийн дэвшил нь хүнсний үйлдвэрлэл, эрүүл мэнд, үйлдвэрлэл болон бусад салбарыг хөгжүүлж, өсөн нэмэгдэж буй хүн амыг тэтгэх боломжийг бүрдүүлж байсан ч энэ өсөлт хязгааргүй үргэлжилж чадахгүй гэж тэд үзсэн байна.

Судлаачдын анхааруулснаар, хүн амын нягтаршил нэмэгдэх тусам хязгаарлагдмал орчинд хувь хүн болон нийгмийн амьд үлдэх боломжид сөргөөр нөлөөлөх эрсдэл нэмэгдэх аж.

Яагаад арваннэгдүгээр сарын 13 гэж?

Тухайн үеийн хүн амын өсөлтийн математик загварыг цааш нь үргэлжлүүлэн тооцоход хүн амын муруй 2026 оны арваннэгдүгээр сарын 13-нд “хязгааргүй” болох цэгт хүрэхээр гарсан байна.

Энд “хязгааргүй” гэдэг нь бодит амьдрал дээр тэр өдөр дэлхийн хүн ам хязгааргүй тоонд хүрнэ гэсэн үг биш. Харин тухайн үеийн өсөлтийн хурд өөрчлөгдөхгүй гэж үзэн математик томьёог цааш нь сунгахад тодорхой хугацааны дараа загвар нь бодит утгаа алдах буюу хязгааргүй рүү тэмүүлэхийг хэлж байгаа аж.

Өөрөөр хэлбэл энэ бол математик загварын үр дүн болох “мөхлийн өдөр”-ийн тооцоо юм байна.

Судлаачид өөрсдөө ч хүн төрөлхтөн ийм хурдаар өөрийгөө сүйрүүлэх үйл явц үргэлжилсээр байхгүй, тодорхой үед ямар нэг хүчин зүйл энэ өсөлтийг зогсооно гэж үзэж байжээ.

Бодит байдалд юу өөрчлөгдөв?

Тэдний тооцоо гарснаас хойш дэлхий маш их өөрчлөгдсөн. Ялангуяа сүүлийн хэдэн арван жилд дэлхийн хүн амын өсөлтийн хурд саарч, төрөлтийн түвшин олон оронд буурсан байна. Тиймээс 1960-аад онд ашигласан хүн амын өсөлтийн хандлагыг өнөөдөр шууд үргэлжлүүлэн тооцох боломжгүй. Иймээс 2026 оны арваннэгдүгээр сарын 13-нд дэлхий сүйрнэ гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй таамаг байхгүй юм.

Уг судалгаа нь хүн амын өсөлт, байгалийн нөөцийн хязгаар, технологийн хөгжил болон хүн төрөлхтний ирээдүйн талаарх нэгэн сонирхолтой асуултыг олон арван жилийн өмнө хөндөж байснаараа анхаарал татаж байна.

Дэлхий хэзээ амьдрах боломжгүй болох вэ?

Хүн төрөлхтний ойрын ирээдүйг тооцсон өөр судалгаанууд ч бий. Японы Тохо их сургуулийн судлаачдын NASA-тай хамтран хийсэн судалгаагаар, дэлхий дээрх хүчилтөрөгчөөр баялаг агаар мандал нь нарны хувьсалтай холбоотойгоор маш алс ирээдүйд өөрчлөгдөнө гэж тооцоолсон байдаг.

The Future Lifespan of Earth’s Oxygenated Atmosphere нэртэй уг судалгаанд дэлхийн хүчилтөрөгчөөр баялаг агаар мандал ойролцоогоор 1.08 тэрбум жилийн дараа оршин тогтнох боломжгүй хэмжээнд хүрч болзошгүй гэж тооцсон байна.

Энэ нь 1960-аад оны хүн амын математик загвараас огт өөр асуудал бөгөөд дэлхийн урт хугацааны хувь заяаг нарны хувьсал, агаар мандлын өөрчлөлт болон биосферийн хөгжилтэй холбон авч үзсэн судалгаа ажээ.

Хиймэл оюун ухааны тухай анхааруулж байсан эрдэмтэн

Энэ түүхийн бас нэг сонирхолтой хэсэг нь Хайнц фон Фёрстер. Тэрбээр зөвхөн хүн амын өсөлтийг судалж байсан эрдэмтэн биш бөгөөд хожим хиймэл оюун ухаан, кибернетик болон хүний танин мэдэхүйн талаар ч байр сууриа илэрхийлж байжээ.

1995 онд өгсөн ярилцлагадаа тэрбээр хиймэл оюун ухаан асуудлыг шийдвэрлэх боломжтой ч түүнийг хүн шиг “сэтгэдэг” гэж ойлгох нь буруу хэмээн тайлбарлаж байсан аж.

Өнөөдөр хиймэл оюун ухаан өдөр тутмын амьдрал, шинжлэх ухаан, бизнес, боловсрол зэрэг олон салбарт өргөн ашиглагдаж буй үед түүний хэдэн арван жилийн өмнөх энэ байр суурь дахин сонирхол татаж буй юм.

Эх сурвалж: UNILAD