Зүрх нь долоон минут орчим зогссон гэж ярьсан нэгэн одон орон судлаач эмнэлгийн ажилтнууд түүнийг сэхээн амьдруулахаар ажиллаж байх үед юу мэдэрч, юу харсан талаараа сонирхолтой түүх хуваалцжээ.

Тэрбээр Reddit-ийн нэгэн хэлэлцүүлэгт туршлагаа нэрээ нууцлан бичсэн бөгөөд өөрийн харсан зүйлсийг харанхуй орчинд дараалан гарч ирсэн гурван зууван дүрс хэмээн тайлбарласан байна.

Түүний ярьснаар, амьсгал давчдан эмнэлэгт очиход уушгинд нь их хэмжээний цус алдалт үүссэн байжээ. Улмаар маш их цус алдсан тул зүрх нь шахах цусгүй болж, зогссон байна. Эмч нар “Code Blue” буюу амь насанд аюултай яаралтай тусламжийн ажиллагаа эхлүүлж, долоон минутын турш зүрхийг нь дахин ажиллуулахыг оролдсон аж.

Мөн тэрбээр хүчилтөрөгч дутагдсаны улмаас тархинд нь цус харвасан байна. Эцэст нь ухаан орсон ч амьсгалын гуурстай, бүрэн ухаан ороогүй байдалтай хоёр хоног болсон бөгөөд дараа нь ухаан санаа нь сэргэж, хамгийн түрүүнд “Юу болсон бэ?” хэмээн асуужээ.

Тэр юу харсан бэ?

Түүний хэлснээр, хамгийн эхний зууван дүрс тас харанхуй орчинд агаарт тогтож байгаа мэт үзэгдсэн байна. Дүрсний дотор болон гадаргуу дээр уулс, гол горхи, ой мод, үүлс харагдаж байсан бөгөөд эхэндээ түүнд маш үзэсгэлэнтэй санагджээ. Гэвч өнгө нь аажмаар шаргалтаж, улмаар дүрс алга болсон байна.

Үүний дараа хоёр дахь зууван дүрс гарч ирснийг тэр улайссан төмөр цагирагтай зүйрлэжээ. Дүрс аажмаар хөрөх явцдаа хэсэг хэсгээрээ бутран харанхуйд уусаж байсан бөгөөд тэр төмрийн үнэр хүртэл мэдэрсэн гэж ярьсан байна.

Хожим сэрснийхээ дараа энэ талаар сувилагчтай ярилцахад сувилагч түүнд цус өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй байдгийг хэлжээ. Үүнийг сонсоод тэр хоёр дахь дүрсийг зүрх нь зогссон үетэй холбоотой байж магадгүй гэж таамагласан байна.

Харин гурав дахь дүрс нь орчин гэрэлтэж эхлэх үед гарч иржээ. Ягаан, цэнхэр үүлсээр бүрхэгдсэн энэ дүрс түүнд нар мандах, эсвэл жаргах үеийн тэнгэрийг санагдуулсан байна. Тэрбээр үүнийг зүрх нь дахин цохилж эхэлсэн үетэй холбоотой гэж үзжээ.

Кеплерийн судалгаа түүний зүүд, дүрслэлд нөлөөлсөн үү?

Түүний үзсэн гурван дүрсийг өөрийнх нь өмнө нь бодож байсан зүйлтэй холбоотой байж болохыг тэр таамаглажээ.

Эмнэлгийн яаралтай нөхцөл үүсэхээс өмнөх хэдэн долоо хоногт тэрбээр Германы нэрт одон орон судлаач Иоганнес Кеплерийн Astronomia Nova бүтээлийг судалж, гаригуудын тойрог зам яагаад дугуй бус зууван хэлбэртэй байдгийг ойлгохыг хичээж байсан аж.

Тиймээс тэрбээр тархи нь хүнд нөхцөлд байхдаа сүүлийн үед хамгийн их анхаарлаа хандуулж байсан зууван хэлбэрийг дүрслэл болгон гаргасан байж болох юм гэж үзсэн байна.

Түүний тайлбарласнаар, эхний болон гурав дахь дүрс өөрийнх нь үнэ цэнтэй гэж үздэг байгаль, тэнгэр, гариг ертөнцтэй холбоотой байж болох бол эхний дүрсний өнгө шаргал болсон нь тархины үйл ажиллагаа доройтож байсантай холбоотой байж магадгүй аж.

Тэр "Хоёр дахь дүрс болон төмрийн үнэр цусны үнэрийг тархи хэрхэн боловсруулсантай холбоотой" гэж өөрөө тайлбарлажээ.

“Гэрэл рүү явсангүй, нас барсан төрөл садангаа ч хараагүй”

Түүний яриа олон хүний ярьдаг үхэлд ойртсон үеийн үзэгдлээс нэлээд өөр байжээ. Тэрбээр хонгилын үзүүрт гэрэл хараагүй бөгөөд нас барсан гэр бүлийн гишүүд нь түүнийг угтаж байгаа дүр зураг ч байгаагүй талаар ярьжээ.

Тэр “Тэр гурван зууван дүрс л миний харсан бүх зүйл. Гэрэлтэй хонгил ч байгаагүй, нас барсан гэр бүлийнхэн маань ч намайг угтаагүй” гэж хэлсэн байна. Тэр бүх үйл явдлын турш өөрийгөө айдасгүй, харин “зүгээр л ажиглагч” мэт мэдэрч байсан аж.

Түүний хэлснээр, энэ явдлын дараа богино хугацааны ой санамж нь бага зэрэг муудсан ч үхлийн талаарх хандлага нь өөрчлөгдсөн байна. Тэр одоо үхлээс айхаа больсон ч үхэхийн өмнөх өвдөлт, зовлонгоос айж буйгаа ярьжээ.

Гэхдээ энэ нь тухайн хүний өөрийн дурсамж, тайлбар бөгөөд зүрх зогссон үед тархинд яг ямар үйл явц өрнөснийг эдгээр дүрслэлээр баттай тогтоох боломжгүй аж.

Эх сурвалж: UNILAD