Алдарт загвар өмсөгч Синди Кроуфорд болон бизнес эрхлэгч Рэнд Гербер нарын хүү, загвар өмсөгч Пресли Гербер 27 насандаа нас баржээ.
Тэдний гэр бүлийн төлөөлөгч түүний нас барсан тухай мэдээллийг баталж, гэр бүл нь энэ хүнд хэцүү цаг үед гэр бүлийнх нь амьдралд хүндэтгэлтэй хандахыг хүсэж буй талаар мэдэгдсэн байна.
Пресли Гербер 1999 онд төрсөн бөгөөд ээжийнхээ мэргэжлийг өвлөн, 15 наснаасаа загварын салбарт ажиллаж эхэлжээ. Тэрбээр Calvin Klein, Dolce & Gabbana зэрэг нэр хүндтэй брэндүүдтэй хамтран ажиллаж, загварын салбарт танигдсан байна.
Сэтгэцийн эрүүл мэндийнхээ талаар нээлттэй ярьдаг байжээ

Пресли амьдралынхаа сүүлийн жилүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал болон донтолттой холбоотой асуудлаа олон нийтээс нуухгүйгээр ярьдаг байсан байна.
Тэрбээр 2023 онд "Studio 22" подкастад оролцохдоо сэтгэл гутрал болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тэмцэж байсан тухайгаа ярьж, өөрийн туршлагаар бусдад туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Тэр “Би нэг хүнд ч бай, зуун хүнд ч бай, амьдралынхаа нэг үед байсан тэр хүнд байдлаас гарахад нь тусалж чадвал тэр миний хувьд хангалттай” хэмээн ярьсан байна.
Тэрбээр сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг амьдралынхаа “24/7” анхаарах ёстой хэсэг хэмээн тодорхойлж, тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг шүүмжлэх бус ойлгох хэрэгтэйг онцолж байжээ.
Гэр бүлийнхэн нь түүнийг дэмжиж байв
Преслийн эгч, жүжигчин Кайа Гербер өнгөрсөн сард Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ахынхаа донтолттой холбоотой бэрхшээлийн талаар анх удаа дэлгэрэнгүй ярьсан байна.
Тэрбээр гэр бүлийн нэг гишүүн ийм асуудалтай тулгарахад бүх гэр бүлд нь хүчтэй нөлөөлдөг бөгөөд өөрөө бусдаас тусламж хүсэхээс зайлсхийж, “амархан хүүхэд” байхыг хичээдэг байсан тухайгаа хэлжээ.
Преслийн гэр бүлийнхэн түүний өөрийн цахим хуудастаа нийтэлсэн постуудад нь ч дэмжлэг үзүүлдэг байсан аж. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард Пресли өөрийн амьдралд томоохон өөрчлөлт хийхийг оролдож буйгаа Instagram хуудсаараа хуваалцжээ. Тухайн үед Кайа “Энэ бол миний ах. Би чамаар үнэхээр их бахархаж байна” хэмээн бичсэн байна.
Синди Кроуфорд хүүдээ “Дайчин шүү, хүү минь. Өөрийгөө олохын тулд бүхнийг туулсан чамаар маш их бахархаж байна” хэмээн сэтгэгдэл үлдээжээ. Рэнд Гербер мөн хүүгийнхээ зоригийг онцолж, түүнд хайртайгаа илэрхийлсэн байна.

Ээж нь нас барахаас нь хоёр сарын өмнө төрсөн өдрөөр нь мэндчилгээ дэвшүүлжээ
Синди Кроуфорд долдугаар сарын 2-нд хүүгийнхээ төрсөн өдрөөр бага насны болон насанд хүрсэн үеийнх нь зургийг Instagram-даа нийтэлж байжээ.
Тэрбээр “Чинийхээ сайн хүн болж төлөвшсөнөөр маш их бахархдаг. Ээжийнхээ сэтгэлд чи минь үргэлж жаахан хэвээрээ. Хайртай” хэмээн бичсэн байна.
Пресли Гербер нь Синди Кроуфорд, Рэнд Гербер нарын ганц хүү, Кайа Герберийн ах байв. Түүний нас барсан шалтгааны талаар одоогийн байдлаар эцсийн албан ёсны дүгнэлт гараагүй байгаа ажээ.
Эх сурвалж: UNILAD, PEOPLE