УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан өнөөдөр /2026.09.21/ өөрийг нь ХЗДХ-ийн сайдын албан тушаалаас чөлөөлсөн асуудал болон дараагийн сайдаар нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр албан тушаалаас чөлөөлөгдсөн шалтгааныг хууль бус үйлдэл, хулгай, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой мэдээлэл олон нийтэд хүргэсэнтэй холбон тайлбарлаж, хууль бус үйл ажиллагаатай эвлэрэхгүй гэсэн байр сууриа илэрхийлэв.

Тэр “Хууль бус, бусармаг үйл ажиллагаатай эвлэрээгүйнхээ төлөө би нэг биш, 20 удаа ажлаа өгсөн ч надад харамсах зүйл байхгүй” гэлээ.

Мөн Засгийн газар тодорхой асуудлуудад дуугарч, шийдвэр гаргах боломжгүй хэмжээнд нөлөөлөлд орж “барьцаалагдсан” гэх байр суурийг илэрхийлэв.

С.Амарсайхан ХЗДХ-ийн сайдаар ажиллах хугацаандаа хар тамхи, хууль бус алт олборлолт, төрийн байгууллага дахь явцуу ашиг сонирхол, бүлэглэлийн асуудалд анхаарч ажилласнаа хэлээд “Намайг өнөөдөр чөлөөлж болно. Гэвч миний үнэт зүйл, үзэл бодлыг хэн ч чөлөөлж чадахгүй” хэмээн онцолжээ.

“Дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна”

Тэрбээр Монгол Улсын дотоод аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг цаашид ч хөндөж, мэдээлэл баримтад тулгуурлан олон нийтэд хүргэхээ мэдэгдэв.

С.Амарсайхан “Монгол Улсад өнөөдөр дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна. Гэвч бүх түвшинд нуун дарагдуулж ирсэн. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар би цаашид ч шүгэл үлээнэ” гэлээ.

Мөн өөрт нь одоогийн байдлаар олон нийтэд дэлгээгүй мэдээлэл, нэрс байгаа талаар хэлээд, албан тушаалаас нь холдуулсан ч өөрийн олж харсан асуудал, мэдээлэл, баримтаас нь салгаж чадахгүйг онцолсон байна.

Тэр “Намайг албан тушаалаас хөндийрүүлж болно. Гэхдээ миний олж харсан улс орны хувь заяатай холбоотой асуудал, мэдээлэл, баримт нотолгооноос намайг устгаж чадахгүй” гэв.

С.Амарсайхан ХЗДХ-ийн сайдаар таван сар орчим ажилласан бөгөөд өөрийнх нь ярьснаар хөндсөн асуудлууд нь томоохон бүлэглэл, сүлжээтэй холбоотой тул шийдвэрлэхэд богино хугацаа хангалтгүй гэж үзэж буйгаа илэрхийллээ.

"Дараагийн сайдад асар их дарамт ирнэ"

ХЗДХ-ийн дараагийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлж, уг томилгоог УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр товлосон.

С.Амарсайхан Г.Тэмүүлэнг дэмжиж буйгаа илэрхийлээд, шинэ сайдад ажиллах хугацаанд нь олон төрлийн дарамт, нөлөөлөл ирж болзошгүйг анхааруулжээ.

Тэрбээр “Дараагийн сайдад асар их дарамт ирнэ. Маш их хатуу зарчим шаардлагатай. Ажлыг нь хийлгэхгүй байх оролдлого, янз бүрийн нөлөөллүүд гарч ирнэ. Гэр бүл, үр хүүхэд, амь нас, эрүүл мэндээр нь барьцаалах гэж оролдоно. Зугтаж, ухарч болохгүй” хэмээн захив.

Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад нэр дэвшүүлэх асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл есдүгээр сарын 17-нд дэмжсэн бөгөөд УИХ-ын чуулганаар томилгооны асуудлыг хэлэлцэх үйл явц үргэлжилж байна.