Монголын хошин урлагийн салбарт 20 жилийн турш уран бүтээл туурвиж, тайз болон дэлгэцийн олон бүтээлээрээ үзэгчдэд хүрсэн “Маск” продакшны 20 жилийн ой энэ онд тохиож байна.

Тус продакшн ойн хүрээнд “Сүүлчийн шилийн сайн эрс” уран сайхны кино бүтээсэн бөгөөд уг бүтээл нь “Маск” продакшны хамгийн сүүлчийн уран бүтээл болохыг зарлалаа. Энэ талаар “Маск” продакшны захирал, Монгол Улсын Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан NTV телевизийн “Алтан Маск” нэвтрүүлэгт оролцох үеэрээ мэдээлсэн юм.

“Маск” продакшн 2006 оны наймдугаар сарын 7-нд байгуулагдсан. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд “Инээхэд зиндаа хэрэггүй”, “Mask Show”, “Их хотын жиргээ”, “Масктай Монгол” зэрэг олон хошин урлагийн тоглолт тайзнаа толилуулжээ.

Мөн “Би гишүүн баймааргүй байна”, “No Wifi Zone”, “Баярлалаа, ааваа” зэрэг контент бүтээж, “Хайр, харуусал”, “Соёлын довтолгоо” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгосон байна.

Харин тус продакшны 20 жилийн уран бүтээлийн замналын төгсгөл болгон бүтээсэн “Сүүлчийн шилийн сайн эрс” уран сайхны кино өдгөө кинотеатруудаар үзэгчдэд хүрч байна.

“Маск” продакшн, “Reaction” продакшн болон “Милл” кино компанийн хамтын бүтээл болох тус киноны зохиолыг Д.Мөнхбат, Т.Цолмон, А.Баяртсайхан нар хамтран бичжээ. Ерөнхий продюсерээр Х.Цасчихэр, ерөнхий найруулагчаар Д.Мөнхбат ажиллажээ.

Ийнхүү “Маск” продакшн хоёр арван жилийн турш үргэлжилсэн уран бүтээлийн замналаа “Сүүлчийн шилийн сайн эрс” киногоор өндөрлөж байна.