Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орохтой холбоотойгоор МАН Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэх шийдвэр гаргаад буй.
Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар эцэслэн томилох эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд шинэ сайд тангараг өргөх асуудлыг 2026 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 14.00 цагт эхлэх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товложээ.
Ерөнхий сайд Н.Учрал есдүгээр сарын 16-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсний зэрэгцээ тус яамны харъяа байгууллагуудын дээд, дунд шатны зарим удирдлагыг мөн ажлаас нь чөлөөлсөн талаар мэдээлсэн.
Есдүгээр сарын 17-нд Монгол Ардын намын Удирдах зөвлөл хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Өөрөөр хэлбэл, С.Амарсайханыг чөлөөлсний дараа түүний оронд Г.Тэмүүлэнг ажиллуулах асуудал намын түвшинд дэмжигдэж, УИХ-аар хэлэлцүүлэх дараагийн шатанд шилжжээ. Гэхдээ намын Удирдах зөвлөлийн дэмжлэг нь сайдын эцсийн томилгоо биш, Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг танилцуулж, холбогдох журмын дагуу шийдвэрлэсний дараа шинэ сайд тангараг өргөх дараалалтай.
УИХ-ын чуулганы 2026 оны есдүгээр сарын 21-нээс 25-ны нэгдсэн хуралдааны албан ёсны товд энэ асуудлыг нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцэхээр тусгасан байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд гурван ч удаа парламентад сонгогдож, УИХ-ын Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог удирдаж байсан туршлагатай.
Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Арвайхээрт болсон МАН-ын Удирдах ажилтны бүсийн зөвлөгөөнийн үеэр “Бидэнд хамгаалах үнэт зүйл, зарчим, эрх чөлөө бий. Хамгаалах ёстой улс орон, ирээдүй ч бий. Энэ ч үүднээс ардчиллыг хамгаалж, шударга ёсыг тогтоохын төлөө МАН-ын дарга Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын шударга ёсны төлөөх тэмцэлд хариуцлагатайгаар хүчээ өргөхөө мэдэгдье” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
С.Амарсайханы хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллах хугацаандаа салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Иргэн төвтэй эрх зүйн реформ”-ыг хэрэгжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байв.
Тухайлбал, зургадугаар сард цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчидтай уулзах үеэрээ хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг иргэдийн оролцоо, шударга ёс, хууль дээдлэх зарчимд тулгуурлан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийг дээдлэх, хууль нэг мөр хэрэгжүүлэх чиглэл өгч байжээ. Тэр тавдугаар сард Хил хамгаалах ерөнхий газарт ажиллахдаа хилийн хамгаалалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хилийн цэргийн байгуулалтыг бэхжүүлэх асуудлыг салбарын бодлогын хүрээнд танилцуулж байв.
Дашрамд дурдахад, МАН төрийн эрх барьсан өнгөрсөн хугацаанд С.Бямбацогт (2016-2017 он), Ц.Нямдорж (2017-2021 он), Х.Нямбаатар (2021-2023 он), Б.Энхбаяр (2023-2024 он), О.Алтангэрэл (Хамтарсан Засгийн газрын үе буюу 2024-2025 он), Б.Энхбаяр (2025-2026 он), С.Амарсайхан (2026 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сарын 16 хүртэл) нарын зургаан хүн долоон удаа ХЗДХ-ийн сайдын сэнтийд заларчээ.