“‘Twilight’ кино өөрийн зорилтот үзэгч болох 16 настай охид болон тэдний эмээ нарыг хүртэл бишрүүлнэ. 

Анхны ангийн нээлтийн өмнө буюу 2008 онд кино шүүмжлэгч Рожер Эберт ингэж бичиж байжээ. Тэрбээр киноны үйл явдлыг ч, үзэгч охидыг ч ёжлон шүүмжилсэн байна. Тухайлбал, уг киног “сэтгэл хөдлөлдөө автах үед биеэ барьж, тэвчих нь ямар хэцүү байдгийг харуулсан өсвөр насныхны тухай кино” хэмээн тодорхойлжээ.

Эберт мөн 2008 онд гарсан өөр нэг вампирын кино болох Томас Альфредсоны Let the Right One In-ийг жишээ болгон дурдсан бөгөөд Twilight хэдэн жилийн дараа дэлхийн прокатаас 3.3 тэрбум гаруй ам.долларын орлого олсон франчайз, олон арван ишлэл, мемийн эх үүсвэр болж, нээлтээсээ хойш олон жилийн дараа ч кино театруудаар дахин гарна гэж төсөөлөөгүй биз ээ.

Кино юуны тухай өгүүлдэг вэ?

Гол дүрийн баатар Белла Свон бол 17 настай охин. Тэрбээр АНУ-ын баруун хойд хэсэгт орших, үргэлж шахам бороотой Форкс хэмээх жижиг хотод аав дээрээ очиж амьдрахаар нүүдэг.

Сургууль дээрээ тэр Эдвард Каллен хэмээх нууцлаг нэгэн хүүг анзаарна. Эдвард түүнээс аль болох хол байхыг хичээдэг. Гэвч удалгүй Белла түүнийг вампир болохыг мэднэ.

Эдвард хэдийгээр гэр бүлийнхнийхээ хамт хүний цус уухаа аль эрт больсон ч Беллаг хазах хүсэлтэйгээ тэмцэхээс өөр аргагүй болно. Тэр бас Беллаг олон удаа аюулаас аварна.

Хоёр гол дүр ийн бие биедээ дурлаж, бие биенийхээ төлөө амь насаа эрсдэлд оруулж, янз бүрийн саад бэрхшээлийг үл харгалзан хамт байхыг хичээнэ.

Цуврал нь 2008-2012 онд гарсан таван киноноос бүрддэг. Кинонуудыг Америкийн зохиолч Стефани Майерын Twilight, New Moon, Eclipse, Breaking Dawn гэсэн дөрвөн романаас сэдэвлэн бүтээжээ.

Эмэгтэй хүний өнцөг

Майерын анхны роман 2005 онд хэвлэгдсэн бөгөөд 2007 он гэхэд Twilight The New York Times-ын бестселлерийн жагсаалтын тэргүүн байрт байсан Harry Potter-ийг хүртэл байрнаас нь буулгажээ.

Анх кино хийх эрхийг Paramount компанийн харъяа MTV Films худалдаж авсан байна. Гэвч тэдний боловсруулсан зохиол эх зохиолоосоо хэтэрхий холдсон байжээ.

Киноны найруулагч Кэтрин Хардвик “Номон дээр эв хавгүй, ичимхий охин байдаг Белла маань зохиол дээрээ хөнгөн атлетикийн супер од болсон. Мөн Белла, Эдвард хоёр Холбооны мөрдөх товчооноос зугтан усан мотоцикл унадаг болсон байсан.

Магадгүй энэ нь вампируудын тухай дажгүй өсвөр насныхны тулаант кино болох байсан байх. Гэхдээ номтой ямар ч холбоогүй,” хэмээн дурссан байдаг.

Төсөл зогсож, дараа нь бие даасан Summit Entertainment компани кино бүтээх ажлыг гартаа авчээ.

Киноны бүх ангийг зохиосон сценарист Мелисса Розенберг “Сонирхолтой нь, анхны зохиолч нь эрэгтэй хүн байсан. Тиймээс Беллаг илүү идэвхтэй болгохын тулд усан мотоцикл, буу зэргийг зохиолд оруулсан.

Харин ном эмэгтэй хүний өнцгөөс бичигдсэн, кино зохиол ч эмэгтэй хүний өнцгөөс бичигдсэн, эхний киноны найруулга ч мөн эмэгтэй хүний өнцгөөс хийгдсэн. Тиймээс эхнээсээ л энэ бүтээл их хэмжээгээр эмэгтэй хүний үзэл, харах өнцөгтэй байсан” гэж тайлбарлажээ.

“Twilight”-ийг хэрхэн бүтээсэн бэ?

Time сэтгүүлийн мэдээлснээр, Summit Entertainment Хардвикт киноны зураг авалтыг хийхэд ердөө 48 хоног, 37 сая ам.долларын төсөв өгчээ.

Тухайн үеийн Холливудын стандартаар энэ нь харьцангуй бага төсөв байж. Тэр үед томоохон студиуд нэг кинонд дунджаар 70 сая доллар зарцуулдаг байсан бөгөөд 2008 оны томоохон блокбастеруудын төсөв бүр өндөр байжээ. Жишээлбэл:

  • Iron Man — 140 сая доллар
    The Dark Knight — 185 сая доллар байсан байна. 

Гол дүрүүдэд Кристен Стюарт болон Роберт Паттинсон сонгогджээ. Найруулагчийн дурссанаар, тэдний шалгаруулалтыг бүр өөрийнх нь гэрт хийсэн байна. Киноны зураг авалтыг Портландын орчимд хийхээр шийджээ. Учир нь, тэнд тэнгэр ихэвчлэн бүрхэг байдаг.

Зохиолын дагуу вампирууд нарны гэрэлд тэсвэргүй учраас зураг авалтын багийн хувьд нар гарсан өдөр гэдэг нь бараг л ажил зогсоно гэсэн үг байв. Гэхдээ заримдаа цаг агаар бүр хэтэрхий муухай байсан байна.

Калленуудын гэр бүл аянгын дуу нүргэлэх үед бейсбол тоглодог алдартай хэсгийг анх дөрвөн хоногт зураг авахаар төлөвлөжээ. Гэвч борооны улмаас зураг авалт нэг долоо хоног хагасын турш үргэлжилсэн байна.

Эдвард яагаад нарны гэрэлд гялалздаг вэ?

Майерын зохиолд вампирын арьс нарны гэрэлд гялалздаг. Гэвч тусгай эффектэд мөнгө хэмнэх шаардлагатай байсан тул кинонд Эдвард нарны гэрэлд гарч ирээд “гялалздаг” ганцхан хэсэг байдаг.

Хардвик хожим “Бид тэднийг [вампируудыг] байнга гялалзуулж байхыг хүсээгүй. Бид үүнийг төлж дийлэхгүй байсан. Компьютер графикаар гялалзах эффект хийх маш үнэтэй байсан” хэмээн дурсжээ.

Хэний ч төсөөлөөгүй их ашиг

Кино 2008 онд нээлтээ хийж, эхний амралтын өдрүүдэд 69.6 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь тухайн үед эмэгтэй найруулагчийн бүтээсэн киноны хувьд рекорд тогтоосон нээлт, бүх цаг үеийн вампирын кинонуудын дундах хамгийн амжилттай эхлэл байв.

Нээлтийн эхний өдрүүдэд кино үзсэн хүмүүсийн 75 хувь нь эмэгтэйчүүд байсан гэж The Guardian мэдээлжээ.

Эхний ангийн нийт орлого 400 сая доллараас давсан бол таван киноноос бүрдэх бүхэл бүтэн цуврал 3.3 тэрбум гаруй доллар олж, кино урлагийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой франчайзуудын нэг болжээ.

Хэмжээг нь төсөөлөхөд, Twilight цувралын сүүлчийн анги 868 сая доллар олсон. Энэ нь The Lord of the Rings: The Fellowship of the Ring киноны 897 сая долларын орлоготой бараг адил хэмжээ юм.

Хардвик 2023 онд “Хүмүүс энэ кинонд итгэж байгаагүй. Миний нүдэн дээр энэ төслөөс том студиуд татгалзаж, галзуу амжилт хүртэлх замыг туулсан. Роб, Кристен хоёр хэний ч танихгүй, бүр үзэгчдэд тийм ч их таалагддаггүй жүжигчдээс гэнэт дэлхийн хамгийн том одод болсон” хэмээн ярьжээ.

Яагаад “Twilight” ийм амжилттай болсон бэ?

Кино шүүмжлэгч Эберт Twilight-ийг “тансаг, үзэсгэлэнтэй” кино гэж нэрлэж байсан. Гэхдээ уг киноны амжилтыг зөвхөн гоёмсог дүрслэл, жүжигчдийн сонголтоор тайлбарлахад хангалтгүй.

Өсвөр насныхны уран зөгнөлт зохиолын олон эмэгтэй гол дүрээс ялгаатай нь Белла “сонгогдсон нэгэн” биш, сургуулийнхаа од ч биш. Тэр эв хавгүй, ичимхий охин бөгөөд шинэ сургуульдаа дасах гэж хичээнэ. Өөрийгөө ч “туйлын энгийн” гэж боддог.

Портландын их сургуулийн судлаач Жейд М.Айхмиллер “I'm Absolutely Ordinary: Bella and Her Perception of Gender within Twilight” хэмээх судалгаандаа Беллагийн энэ “энгийн байдал” нь амжилтын нэг нууц гэж үзсэн байна.

Өөрөөр хэлбэл үзэгч охин Беллагийн дүрд өөрийгөө төсөөлөхөд амархан. Тэр үлгэрийн мэт хайр дурлалыг олж авахын тулд заавал онцгой зүйл хийх шаардлагагүй.

Үзэгч Эдвардыг Беллагийн нүдээр хардаг

Кино зохиол нь романд байсан эмэгтэй хүний харах өнцгийг хадгалсан. Энд бишрэн харах объект нь эмэгтэй баатар бус, эрэгтэй гол дүр Эдвард юм. Үзэгч Эдвардыг Беллагийн нүдээр харж, түүнтэй хамт вампируудын ертөнцөд орж, түүнтэй хамт дурлалын мэдрэмжийг туулна.

Уншигч, дараа нь үзэгч үйл явдлыг гаднаас ажиглах бус, дотроос нь өөрөө туулж байгаа мэт мэдрэх энэ арга барилыг судлаач Сара К.Дей “өгүүлэмжийн дотно байдал” (narrative intimacy) гэж нэрлэдэг.

2014 онд Германы залуучууд болон боловсролын телевизийн судалгааны IZI хүрээлэн өсвөр насны охидын дунд судалгаа явуулжээ. Тэдний хувьд Twilight-ийн хамгийн чухал зүйл нь “нөхцөл болзолгүй, мөнхийн хайр” гэсэн амлалт байсан байна.

Миссурийн их сургуулийн судлаачид ч үүнтэй төстэй дүгнэлтэд хүрчээ. Тэдний судалгаагаар, Twilight-ийн шүтэн бишрэгч охид энэ ертөнцийг анхны хайрын цорын ганц бөгөөд үүрдийн байдаг орон зай гэж хүлээн авч, тэр ертөнцөд “амьдрахыг” хүсдэг байжээ.

Хайраас үзэн ядалт, тэндээс мем хүртэл

Twilight зөвхөн өсвөр насныхны романтик сэтгэл хөдлөлийг төрүүлээд зогсоогүй. Мөн пароди, мемийн асар том эх үүсвэр болсон. Кино үзээгүй хүн ч дараах алдартай үгсийг сонссон байх магадлалтай: “Арслан хонинд дурлачихлаа”, “Чи чинь хэдэн настай юм бэ, 17 юм уу?”, “Энэ бол алуурчны арьс, Белла”.

2008 онд үзэгчид эдгээр үгийг нухацтай хүлээн авч, Белла яагаад Эдвардаас хол байх ёстойг тайлбарласан киноны чухал хэсэг гэж үзэж байв. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр өгүүлбэрүүд киноны үйл явдлаас тусдаа "амьдарч" эхэлжээ.

Хүмүүс тэдгээрийг өдөр тутмын нөхцөл байдалд ашиглаж, зурагныхаа тайлбар болгож, сошиал сүлжээнд мем болгон тараах болсон байна. Контекстээс нь салгаад харахад, эдгээр үгс инээдтэй сонсогдож эхэлсэн бөгөөд кинонд хэлсэн хэт сүржин өнгө аяс нь бүр ч олон онигооны үндэс болжээ.

Судлаач Сидни Ж.Руни Tw-ironic: The Ironic Consumption of Media Examined Through Twilight бүтээлдээ Twilight-ийн хожуу үеийн соёлын амьдрал нь ийм ёжилсон байдлаар дахин хэрэглэгдэхтэй ихээхэн холбоотой гэж тэмдэглэсэн байна.

Шүүмжлэл ч дагалдсан

Франчайз зөвхөн шүтэн бишрэгчидтэй болсонгүй, мөн хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан. Мэргэжлийн кино шүүмжлэгчдийн үнэлгээг нэгтгэдэг Rotten Tomatoes сайтад эхний Twilight киноны мэргэжлийн шүүмжлэгчдийн үнэлгээ 48% байжээ.

2010-2020-иод онд Белла, Эдвард хоёрын харилцааг хүчирхийлэл, эрүүл бус харилцааг романтик болгож харуулсан жишээ хэмээн задлан шинжилсэн олон нийтлэл гарсан.

Тэдгээр нийтлэлүүдэд Эдвард Беллагийн хэнтэй харилцахыг хянадаг, амиа хорлоно гэж заналхийлдэг, охиныг ойд ганцааранг нь орхидог, аймшигтай хурдтай машин барьдаг, Беллаг дагаж мөрддөг зэрэг үйлдэл гаргадаг болохыг онцолжээ. Эдгээрийг хайрын нотолгоо бус, “улаан дохио” буюу аюултай харилцааны шинж тэмдэг гэж үзсэн байна.

Роберт Паттинсон өөрөө ч 2009 онд Эдвардын дүрийн тухайд эргэлзэж буйгаа илэрхийлж байжээ. Тэр “Эдвард шиг яагаад ч юм эмэгтэйчүүдэд таалагддаг хачин залуус үргэлж байдаг. Хэрэв Эдвард зохиомол дүр биш, бодит амьдрал дээр тааралдвал тэр магадгүй сүх барьсан алуурчин маягийн нэгэн байх байсан” хэмээн ёжилж байсан аж.

Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам бүтээлийн утга өөрчлөгддөг

Хуучны алдартай бүтээлүүдийг өнөөгийн үзэл, ойлголтоор дахин шинээр харах нь ердийн үзэгдэл. Жишээлбэл, 2020 онд HBO Max стримингийн үйлчилгээ Gone with the Wind киног өөрийн сангаас түр хассан. Дараа нь уг киног түүхэн тайлбар болон арьс өнгөөр ялгаварласан дүрслэлүүдийг шүүмжилсэн тайлбарын хамт буцаан байршуулсан.

“Twilight” дахин төрсөн нь

2020-иод оны эхээр Twilight нэг ёсны "дахин сэргэлт" хийжээ. Америкийн залуучуудын нэгэн сэтгүүл үзэгчид цувралыг дахин үзэж, интернэтээр идэвхтэй хэлэлцэж буй талаар бичсэн байна. Үүний нэг шалтгаан нь өсвөр насны үеэ санагалзах ностальги байжээ.

Хөл хорионы үед хүмүүс өсвөр насандаа уншиж, үзэж байсан ном, кинонууддаа эргэн очсон байна. Сошиал сүлжээ энэ эргэн ирэлтийг бүр хамтын тоглоом болгожээ.

Хэрэглэгчид киноны хэсгүүдийг дахин бүтээж, шинэ мем зохиож, косплей хийж, Форкс хотын бороотой, бүрхэг уур амьсгалыг бичлэгүүддээ ашиглаж, кинонд гардаг Blue Foundation хамтлагийн Eyes on Fire дууг санагдуулах “hoa-hoa-hoa season” гэх нэр томьёог ашиглаж, бороотой өдөр Twilight үзэхийг намрын нэг төрлийн “зан үйл” болгожээ.

Үүн дээр нэмээд стримингийн үйлчилгээний ачаар кинонууд шинэ үеийн үзэгчдэд илүү хүртээмжтэй болсон. Кино театрт анх гарч байх үед нь төрөөгүй эсвэл үзэж амжаагүй хүмүүс одоо цувралыг шинээр нээж эхэлсэн байна.

“Twilight”-ийн парадокс

Магадгүй Twilight-ийн хамгийн сонирхолтой парадокс нь энэ байх. Үүнийг нэгэн зэрэг хайрлаж, шоолж, шүүмжилж болно. Гэхдээ кино үзэгчдэд ийм олон янзын мэдрэмж төрүүлсээр байгаа цагт Twilight соёлын амьдралаа үргэлжлүүлсээр байх нь.

Нэгэн цагт өсвөр насны охидын романтик мөрөөдлийн бэлгэдэл байсан Белла, Эдвард хоёрын түүх өнөөдөр ностальги, мем, пароди, сошиал соёл, романтик фантазийн тухай хэлэлцүүлгийн нэг хэсэг болжээ.

Өөрөөр хэлбэл Twilight зөвхөн таван ангит кино цуврал биш, нэг үеийнхний өсвөр насны дурсамж, интернэтийн мемийн соёл, поп соёлын маргаан, романтик харилцааны тухай ойлголтын нэг хэсэг болсон соёлын үзэгдэл аж.

Эх сурвалж: TASS