Өнгөрч буй долоо хоног буюу 2026 оны есдүгээр сарын 14-нөөс 19-ний өдрүүдэд Монгол Улсад улс төр, эдийн засаг, нийгэм, спортын салбарын олон чухал үйл явдал өрнөлөө. Засгийн газар, төрийн байгууллагын шийдвэрүүдээс гадна Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр, Баян-Өлгийд төрийн албан ёсны хэлний хэрэглээнд анхаарах асуудал, тэтгэврийн өөрчлөлт зэрэг нь дотоодын мэдээллийн гол сэдэв байв.
Харин дэлхий дахинд Оросын парламентын сонгууль, Газын зурвасын нөхцөл байдал, Украины дайнтай холбоотой дипломат үйл явц, Европын аюулгүй байдлын асуудал, хиймэл оюуны хурдацтай хөгжлийн эрсдэлийн талаарх хэлэлцүүлэг анхаарлын төвд байлаа.
ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Оюу толгойн хувь нийлүүлэгчид 2027 онд ногдол ашиг хуваарилах зарчмын тохиролцоонд хүрэв
Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” групп “Оюу толгой”-н хувь нийлүүлэгчдийн хооронд хоёр жил орчим үргэлжилсэн хэлэлцээрээ дуусгаж, 17 жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиролцоонд хүрлээ.
Хэлэлцээрийн хүрээнд хувь нийлүүлэгчдийн ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах зарчмын тохиролцоонд хүрсэн бөгөөд 2027 онд ногдол ашиг хуваарилах чиглэлд ажиллахаар болжээ.
Гэхдээ ногдол ашгийн яг хэмжээ одоогийн байдлаар тодорхойгүй хэвээр. “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүхийн мэдээлснээр, компанийн ашиг, мөнгөн урсгал болон зээлийн бүтцээс шалтгаалан ногдол ашгийн хэмжээ эцэслэгдэх аж.
Оны эхний найман сард “Оюу толгой” 9.4 сая тонн хүдэр олборлож, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна. Мөн 276 мянган тонн зэс, 339 мянган унц алт үйлдвэрлэж, 5.5 тэрбум ам.долларын орлого олжээ.
Тус компани эхний найман сард улсын төсөвт 899 сая ам.доллар буюу 3.2 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн бөгөөд оны эцэс гэхэд 1.4 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байгаа аж.
Баян-Өлгийд монгол хэлний хэрэглээнд анхаарах чиглэл өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Тэрбээр тус аймгийн сурагчдад төрийн албан ёсны хэл болох монгол хэлийг сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцолжээ.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцлэх, газар орны нэрийг дураараа өөрчлөхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хөндсөн байна.
С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөв
Засгийн газрын хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа.
Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзсэн байна.
Мөн холбогдох асуудалд нэр нь дурдагдсан харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өгчээ.
Түүний оронд эрх баригч МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилохоор санал нэгдсэн ч нэгэн цагт түүнтэй үй зайгүй явсан Шадар сайд Н.Номтойбаяр "гэдийсэн" талаар улстөрийн хүрээнийхэн жиг жуг хийгээд амжив. Улс төрд мөнхийн нөхөр гэж байдаггүй бололтой.
Тэтгэвэр дунджаар 380 мянган төгрөгөөр нэмэгдэхээр болов
Ерөнхий сайд Н.Учрал есдүгээр сарын 14-нд “Нийгмийн түншлэл-Хамтын ажиллагаа” сэдэвт Монголын Үйлдвэрчний эвлэлийн өдөрлөгийн үеэр 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн бодлогын талаар мэдээлэв.
Түүний танилцуулснаар суурь тэтгэврийг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс олгохоор төлөвлөж байгаа бөгөөд 769 мянган төгрөгийн тэтгэврийг нэг сая төгрөгт хүргэх, тэтгэврийг дунджаар 380 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх талаар мэдээлсэн байна.
Мөн эрчим хүчний үнэ, тарифыг нэмэхгүй байх, төсвийн тодотголоор эрчим хүчний салбарт 200 тэрбум төгрөг хуваарилахаар төлөвлөсөн талаар танилцуулжээ.
Ч.Алтангэрэл пауэрлифтингийн дэлхийн аваргад түрүүлэв
Их Британийн Манчестер хотод есдүгээр сарын 9-нөөс 14-нд зохион байгуулагдсан Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин Ч.Алтангэрэл 90 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монголын тамирчин дэлхийн аваргын дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.
Аравдугаар Богд Жэвзүндамба Хутагт номын айлдвар айлдлаа
Монголын Бурханы шашны тэргүүн, Оройн Дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба Хутагт намрын дунд сарын шинийн нэгэнд Нароба Институтийн урилгаар залж, “Ганданлхавжагийн эш лүн”-г хүртээжээ.
Наро Банчэн Гэгээнтэн болон Нароба Институтийн айлтгал хүсэлтийн дагуу уг номын эшийг хүртээсэн бөгөөд хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх ерөөл тавьсан байна.
Хөвсгөлд сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
Хөвсгөл аймгийн Түнэл суманд бяслаг, сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүлэв. Тус үйлдвэр байгуулах төсөл өмнө нь олон нийтийн анхаарлыг татаж, “20 тэрбумын бяслагийн үйлдвэр” гэх шүүмжлэл гарч байсан билээ.
Харин барилгын ажлыг гүйцэтгэсэн компаниас нэг үйлдвэрийг 20 тэрбум төгрөгөөр барьсан гэх ойлголт бодит бус бөгөөд нэг суманд иж бүрэн үйлдвэр байгуулах өртөг 500-700 сая төгрөг орчим байгааг тайлбарласан байна.
ДЭЛХИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ
Оросын парламентын сонгууль эхэллээ
ОХУ-д есдүгээр сарын 18-нд гурван өдөр үргэлжлэх парламентын сонгуулийн санал хураалт эхэлсэн байна.
Reuters-ийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Владимир Путин уг сонгуулийг Украины дайнтай холбоотой Оросын дотоодын улс төрийн дэмжлэгийг хэмжих нэг үзүүлэлт болгон тодорхойлсон байна. Сонгуулийн үеэр Украины дайны талаарх улс төрийн маргаан мөн үргэлжилжээ.
Украин, Оросын эрчим хүчний байгууламжид халдахгүй байх асуудал яригдав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украин эрчим хүчний дэд бүтцэд харилцан цохилт өгөхгүй байх талаар тохиролцсон гэж мэдэгдсэн боловч Украины тал хэрэгжүүлэх нөхцөл, баталгааны талаар тодорхой мэдээлэл шаардлагатай гэж байр сууриа илэрхийлжээ.
Энэ долоо хоногт Украины баруун хэсэгт Оросын нисгэгчгүй онгоцтой холбоотой халдлагууд мөн бүртгэгдсэн байна.
Газын зурваст мөргөлдөөн үргэлжилсээр байна
Газын зурваст энэ долоо хоногт мөн агаарын цохилт, хүний амь эрсэдсэн тохиолдлууд бүртгэгдэв.
Reuters-ийн есдүгээр сарын 19-нд мэдээлснээр, Газын эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллээр Израилийн агаарын цохилтын улмаас дор хаяж гурван палестин хүн амиа алдсан байна. Израилийн арми уг ажиллагааны үеэр зэвсэгт этгээдүүдийг онилсон гэж мэдэгджээ.
Мөн дайны улмаас эвдэрч сүйдсэн сургуулиудын заримд хүүхдүүд дахин хичээлдээ орж эхэлсэн талаар Reuters мэдээлсэн байна.
Хиймэл оюуны хөгжлийн хурд дэлхий нийтийн анхаарлын төвд
Энэ долоо хоногт хиймэл оюуны салбарын хурдацтай хөгжил, аюулгүй байдлын асуудал олон улсын технологийн салбарын гол сэдэв байлаа.
Reuters-ийн мэдээлснээр, OpenAI, Anthropic, Google DeepMind, Microsoft, xAI зэрэг компанийн судлаач, удирдлагууд хиймэл оюуны хөгжлийн хурд, хяналт, аюулгүй байдлын талаар анхаарал хандуулж эхэлжээ.
Зарим судлаач хиймэл оюун ухааны системийн хяналтгүй хөгжлийн эрсдэлийг онцолсон бол технологийн салбарын бусад удирдлагууд хөгжлийг үргэлжлүүлэх байр суурь илэрхийлсэн байна.
Мөн Reuters энэ долоо хоногт Google-ийн Gemini хиймэл оюуны системтэй холбоотой анхны мэдэгдэж буй кибер халдлагын үйл явдал бүртгэгдсэн талаар мэдээлжээ.
Европын аюулгүй байдал, ОХУ-ын эсрэг хоригийн асуудал үргэлжиллээ
Европын холбооны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг зургаан сараар сунгах асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй тул одоогийн хоригийн хугацааг есдүгээр сарын 22-ныг хүртэл долоо хоногоор сунгажээ.
Хоригийн жагсаалтаас Орос-Узбекистаны гаралтай бизнес эрхлэгч Алишер Усмановыг хасах эсэх асуудал хэлэлцүүлгийн нэг хэсэг болсон байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын НАТО болон Европын батлан хамгаалах бодлогод үзүүлж буй дарамт нь Европын орнуудын аюулгүй байдлын төлөвлөлтөд өөрчлөлт авчирч буй талаар Reuters-ийн дүн шинжилгээ нийтлэгджээ.