Антонио Бандерас, Мелани Гриффит нарын охин Стелла Бандерас алдарт аавынхаа хамт улаан хивсэн дээр гарч, олны анхаарлыг татжээ.
Өдгөө 66 настай Антонио Бандерас Philadelphia, Evita, Shrek, The Mask of Zorro зэрэг олон алдартай бүтээлээрээ үзэгчдийн танил болсон жүжигчин. Харин 69 настай Мелани Гриффит Working Girl киноны Тесс МакГилл-ийн дүрээрээ олонд танигдаж, улмаар Celebrity, Crazy in Alabama зэрэг бүтээлд тоглосон билээ.
Тэдний охин Стелла өдгөө 29 настай, 2026 оны Торонтогийн олон улсын кино наадмын хүрээнд болсон Up Against It киноны нээлтэд аавынхаа хамт оролцжээ. Канадын Онтарио мужийн Торонто хот дахь Рой Томсон Холлд болсон нээлтийн үеэр Стелла урт ханцуйтай хар даашинзаар гоёсон нь түүний дэгжин төрхийг тодотгосон байна.
Аавтайгаа хамт ДАШТ үзсэн нь
Өнгөрсөн долдугаар сард Стелла аавынхаа төрсөн нутаг Испанийн шигшээ багийн тоглолтыг Лос-Анжелест үзсэн бол Антонио хэдэн мянган километрийн зайд, Малагад мөн адил тоглолт үзжээ.
Антонио гэр бүлийнхээ хамт авхуулсан зургуудаа нийтлэхдээ “Охин маань Лос-Анжелест, би Малагад... Испанийн тоглолтыг хамтдаа үзэж, холбоотой байж, баяр хөөрөө хуваалцлаа” хэмээн бичсэн байна.
Стелла тоглолтыг өнгөрсөн жил гэрлэсэн нөхөр Алекс Грузинскийн хамт цэнгэлдэх хүрээлэнд үзжээ. Тэрбээр Испанийн шигшээ багийн өмсгөл өмсөж, цэнгэлдэхийн талбайг ардаа харуулсан дурсгалын зураг авахуулсан байна.
Салснаасаа хойш 11 жилийн дараа ч дотно харилцаатай
Антонио Бандерас, Мелани Гриффит нар 2014 онд тусдаа амьдрахаар шийдэж, 2015 онд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан ч өнөөг хүртэл найрсаг харилцаатай хэвээр байгаа аж.
Тухайн үеийн мэдээллээр, Бандерас Гриффитэд сар бүр 65 мянган ам.доллар хүртэлх тэтгэлэг төлөхөөр болсон байна.
Саяхан Бандерас гэр бүлийнхэнтэйгээ буй дотно мөчөө Instagram хуудсаараа хуваалцжээ. Зурагт Антонио, Стелла, түүний нөхөр Алекс болон Мелани Гриффит нар буйдан дээр хамтдаа тухлан суусан байсан аж.
Жүжигчин уг зургийнхаа тайлбарт Мелани Гриффитийг “Миний хуучин эхнэр, насан туршийн найз” хэмээн дурдсан нь тэдний өнөөгийн харилцааг харуулсан байна.
Мелани Гриффит өмнө нь нөхөр Антонио Бандерасын нэрийг зүрхэн дүрсний дотор бичүүлсэн шивээстэй байжээ. Хосууд салсны дараа Гриффит уг шивээснээс Бандерасын нэрийг арилгуулсан байна. Гэсэн ч хэдэн жилийн өмнөх папарацци зургууд дээр нэрийн хэсэг нь бага зэрэг үлдсэн харагддаг байсан аж.
Эх сурвалж: PARADE