“Кофе надад ерөөсөө нэг их нөлөөлдөггүй” хэмээн 20 настай Эмили ярьж байна. Тэрбээр Их Британийн цагаар 18:00 цагийн үед Лондон хотын төвд байрлах нэгэн кафегаас гарч явав.

Эмили “Би ер нь өдөрт хоёр аяга кофе уудаг. Дээрээс нь хааяа энергийн ундаа ч уучихна. Оройжин кока-кола уусан ч надад ямар ч асуудал байдаггүй, зүгээр л явж чаддаг” гэж хэлжээ.

Бид бүгд Эмили шиг нэг найзтай. Оройн цагаар давхар эспрессо, бүр энергийн ундаа ч уучихаад ердөө ганц хоёр цагийн дараа юу ч болоогүй юм шиг нам унтчихдаг хүн. Харин олон хүний хувьд кофеины нөлөө үүнээс хавьгүй удаан үргэлжилдэг.

Яагаад зарим хүн унтахынхаа өмнө кофе уучихаад хүүхэд шиг амархан унтаж чаддаг байхад, зарим нь орондоо хэвтээд тааз ширтэн нойргүй хонодог вэ?

Кофеин гэж яг юу вэ?

Кофеин бол дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэгддэг сэтгэцэд нөлөөлөх бодис юм. Өдөр бүр дэлхий даяар хоёр тэрбум гаруй аяга кофе уудгийн дээр кола, энергийн ундаа, мөн тодорхой төрлийн шоколад, бохь, спортын нэмэлт бүтээгдэхүүнд агуулагддаг кофеиныг нэмбэл хэрэглээ нь бүр ч ихэснэ.

Кофеин хүнийг илүү сэргэг байлгаж, анхаарал төвлөрөлтийг сайжруулан, ядарч сульдахаас түр хугацаанд сэргийлж чаддаг. Гэхдээ хэт их хэмжээгээр хэрэглэвэл толгой өвдөх, гар салганах, зүрх хурдан цохилох, шөнө тайван унтаж чадахгүй байх зэрэг таагүй нөлөө үзүүлж болно.

Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, кофеин нь биед нэмэлт энерги өгдөггүй. Харин ядарсан мэдрэмжийг түр хугацаанд халхалдаг байна. Энэ нь тархинд өдрийн турш хуримтлагддаг бөгөөд биднийг нойрмог болгодог аденозин хэмээх бодисын үйлчлэлийг кофеин хааснаар үүсдэг аж.

Яагаад кофеин хүн бүрд өөр өөрөөр нөлөөлдөг вэ?

Үүнд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг нь кофеин хүний биед хэр удаан хадгалагддаг вэ гэдэг асуудал. Нэг аяга кофе уусны дараа кофеин цусанд шимэгдэж, удалгүй тархинд хүрдэг. Үүний зэрэгцээ элгэнд байдаг нэгэн ферментийн тусламжтайгаар кофеин задарч буюу бодисын солилцоонд орж, улмаар шээсээр биеэс гадагшилдаг.

Чикагогийн Northwestern University-ийн хоол тэжээлийн дэд профессор, доктор Мэрилин Корнелисийн хэлснээр, энэ “цэвэрлэгээний” үйл явц хүн бүрд харилцан адилгүй бөгөөд 6-20 цаг хүртэл үргэлжилж болох аж.

Тэр “Эхний аяга кофегоо уугаад ямар ч нөлөө мэдрэхгүй байх боломжтой. Гэхдээ хоёр, гурван цагийн дараа кофеин таны биед хэвээрээ байж болно. Тэр үед хоёр дахь аягаа уувал кофеин хангалттай хэмжээнд хуримтлагдаж, таныг бага зэрэг түгшүүртэй болгож эхэлж магадгүй” гэж тайлбарлажээ.

Элэг кофеинийг хэр хурдан боловсруулж, биеэс гадагшлуулах нь CYP1A2 хэмээх нэгэн гентэй холбоотой аж. Сонирхолтой нь, энэ үйл явц хүний удам угсаатай тодорхой хэмжээнд холбоотой байж болохыг судалгаанууд харуулдаг байна. Энэ онд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар Европ болон Өмнөд Америкийн гаралтай хүмүүс кофеинийг дунджаар илүү хурдан задалдаг хандлагатай байжээ.

Өөр ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?

Гэхдээ бүхнийг зөвхөн ДНХ-ээр тайлбарлах боломжгүй. Тамхи татах нь элэгний кофеин задлах үйл явцыг хурдасгадаг бол электрон тамхи ийм нөлөө үзүүлдэг эсэх нь одоогоор тодорхойгүй. Тамхи татсанаар, кофеин биеэс задран гадагшлах хурд 65 хүртэл хувиар нэмэгдэж болдог аж.

Энэ нь тамхи татдаг хүмүүс яагаад илүү их кофе уух хандлагатай байдгийг тайлбарлах нэг шалтгаан байж болох нь. Мөн тамхинаас гарахад өмнө нь байнга уудаг байсан нэг аяга кофе гэнэт илүү хүчтэй нөлөөлж байгаа мэт санагддаг нь үүнтэй холбоотой байж болох аж.

Харин зарим антибиотик, жирэмслэлтээс хамгаалах эм болон бусад жороор олгодог эмүүд эсрэгээрээ үйлчилж, кофеинийг хүний биед илүү удаан хадгалагдахад хүргэснээр түүний нөлөөг уртасгах магадлалтай юм байна.

Жирэмсэн үед ч мөн адил өөрчлөлт гардаг. Жирэмсний үеийн дааврын өөрчлөлт кофеинийг задалдаг элэгний ферментийн үйл ажиллагааг сулруулдаг ажээ.

Үүнээс гадна кофейнд дасал болох асуудал бий. Кофе тогтмол уудаг хүмүүсийн бие кофеинд аажмаар дасан зохицож, улмаар уг бодист мэдрэг байдал нь буурдаг байна.

Харин хэдэн долоо хоног кофе уухгүй байвал тархинд үүссэн энэ дасан зохицол аажмаар буцаж өөрчлөгддөг аж. Хэсэг хугацааны дараа дахин кофе уухад өмнөхөөсөө хавьгүй хүчтэй нөлөөлж, хүн өөрийгөө хэт сэргэсэн, бүр гар салганасан мэт мэдэрч болох нь.

Мэргэжилтнүүд юу гэж зөвлөдөг вэ?

Нойр судлаачид ихэвчлэн унтахаас дор хаяж зургаан цагийн өмнө кофеин хэрэглэхээ зогсоохыг зөвлөдөг. Сэтгэл зүйч, нойрны асуудлаар мэргэшсэн доктор Линдсэй Браунингийн хэлснээр, кофеин нь зөвхөн хүнийг нойрмоглоход саад болдоггүй, мөн нойрны чанарт ч нөлөөлж болзошгүй ажээ.

Браунинг “Хэрэв хүн оройн 22:00 цагт унтдаг бол ойролцоогоор 14:00 цагаас хойш кофеин хэрэглэхгүй байхыг би зөвлөдөг. Гэхдээ хүн бүрт яг адилхан үйлчлэх хатуу дүрэм тогтоох нь тийм ч зөв биш. Учир нь, хүн бүрийн нөхцөл байдал, кофеинд үзүүлэх хариу үйлдэл өөр байдаг” гэж хэлжээ.

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба буюу NHS жирэмсэн эмэгтэйчүүдийг өдөрт 200 мг-аас бага кофеин хэрэглэхийг зөвлөдөг байна. Энэ нь ойролцоогоор хоёр аяга шүүлтүүрээр бэлтгэсэн кофе гэсэн үг аж. Кофеиний өндөр хэрэглээг хүүхдийн жин бага төрөх болон жирэмслэлттэй холбоотой бусад хүндрэлтэй холбон үзсэн судалгаанууд байдаг байна.

Харин бусад насанд хүрэгчдийн хувьд гол зөвлөмж нь хэмжээг нь тохируулж хэрэглэх явдал. Учир нь, хүн бүрд кофеинд мэдрэг эсэх нь эрс ялгаатай аж.

Бристолын их сургуулийн хоол тэжээлийн хүндэт профессор Питер Рожерс “Кофеин харьцангуй аюулгүй бодис. Гэхдээ маш их хэмжээгээр хэрэглэвэл хүний гар салганаж, тавгүйрхэж эхэлнэ. Тэгээд ‘Би үүнийг зогсоох хэрэгтэй юм байна, цаашид ахиж уух ямар ч хэрэггүй’ гэдгээ өөрөө ойлгож эхэлдэг” гэж хэлжээ.

Кофейны хэт хэрэглээнээс үүдэлтэй хордлого маш ховор тохиолддог аж. Хүнд хэлбэрийн хордлогын ихэнх нь өтгөрүүлсэн буюу өндөр агууламжтай кофеин агуулсан бүтээгдэхүүнээс үүддэг. Ийм үед хэдхэн минутын дотор хэдэн грамм кофеин хэрэглэх боломжтой байдаг байна.

Гэхдээ кофенд дуртай хүмүүсийн хувьд бас нэг сайн мэдээ бий. Өглөө бүр тогтмол кофе уудаг, заримдаа багагүй мөнгө зарцуулдаг энэ зуршил нь эрүүл мэндийн хувьд илүү сайн үзүүлэлттэй холбоотой байж болохыг олон жилийн судалгаанууд харуулсаар иржээ.

Судлаачид кофе өөрөө эдгээр эерэг үр дүнгийн цорын ганц шалтгаан гэдгийг баттай тогтоож чадаагүй ч хэдэн арван жилийн турш хийгдсэн судалгаануудаас харахад кофег зохистой хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс хэд хэдэн ноцтой өвчин тусах эрсдэл харьцангуй бага, цаашлаад кофе огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад бага зэрэг урт наслах хандлагатай байж болохыг тогтоосон байна.

Эх сурвалж: BBC