Английн жүжигчин Розмари Харрис есдүгээр сарын 19-нд 99 нас хүрч байгаа аж. Гэвч тэрбээр өнөөдөр ч улаан хивсний ёслолд оролцсоор байна. 2025 онд тэрбээр өөрийн цорын ганц охин Женнифер Элийн тоглосон киноны нээлтэд хүрэлцэн ирж, охиноороо урьд өмнөхөөсөө ч илүү бахархаж буй нь илт байж.
Харрис Холливудад урт удаан, амжилттай карьер бүтээсэн жүжигчин. Тэрбээр 1966 онд Tony Award, 1976 онд Notorious Woman киноны дүрээрээ Emmy Award, 1978 онд Golden Globe хүртэж байжээ. Мөн 1995 онд Tom & Viv кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшсэн байна.
Ллон үзэгчийн хувьд түүнийг 2000-аад оны эхээр гарсан “Spider-Man” киноны анхны Авга эгч Мэй-гийн дүрээр нь хамгийн сайн мэддэг. Тухайн үед Харрис 70 гаруй настай байсан бөгөөд киноныхоо зарим үзүүлбэр, каскадерын үйлдлийг өөрөө хийдэг байжээ.
Сэм Рэймитэй хамтран ажилласан нь
Харрис кино найруулагч Сэм Рэйми (Sam Raimi)-тtй ажилласан тухайгаа Харрис BBC-д “Олон найруулагчтай ажиллах үед тэд яг л гартаа том таяг барьчихсан, дээрээс чинь харж байгаа мэт санагддаг. Харин Сэм бол үүнээс тэс өөр, хамт ажиллахад үнэхээр сайхан, хөгжилтэй хүн байсан. Тэр дулаахан, сайхан сэтгэлтэй, бас үнэхээр авьяаслаг” хэмээн дурсан ярьжээ.
“Spider-Man”-аас хойш ч жүжиглэсээр
Тэр супер баатрын киноны франчайзад тоглосныхоо дараа ч уран бүтээлээ үргэлжлүүлж, Before the Devil Knows You’re Dead, Law & Order: SVU, This Means War зэрэг кино, телевизийн бүтээлүүдэд тоглосон байна.
Түүний хамгийн сүүлд тоглосон кино нь 2024 оны Oscar Wilde About America аж. Мөн 2023 онд жүжигчдийн SAG-AFTRA ажил хаялт үргэлжилж байх үеэр Нью-Йорк хотод болсон жагсаал, эсэргүүцлийн арга хэмжээнд оролцож буй нь олны анхаарлыг татжээ.
Охин нь ээжийнхээ талаар
Түүний охин, жүжигчин Женнифер Эйл 2020 онд өгсөн ярилцлагадаа ээжийнхээ талаар “Тэр үнэхээр гайхалтай найз нөхдийн хүрээлэлтэй. Хаана ч очсон хүмүүс түүнд хайртай, түүнийг биширдэг. Тийм байх ч ёстой” гэж ярьжээ.
Олон хүний хувьд тэр үргэлж “Аunt May”
Розмари Харрисын шүтэн бишрэгчдийн хувьд тэр үргэлж тэр л Авга эгч Мэй хэвээр байх нь. Нэгэн хүн Reddit дээр “Розмари Харрис бол Авга эгч Мэй өөрөө. Дүрд нь яг тохирсон сонголт” хэмээн бичжээ.
Өөр нэг хүн Spider-Man 2 киноны Авга эгч Мэйгийн хэлдэг “Everybody loves a hero” буюу “Баатар хүн бүрт хайрлагддаг” гэсэн утгатай хэсгийг дурсаад, “Тэр хэсэг үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан. Миний бодлоор энэ нь Розмари Харрисыг бусад Авга эгч Мэй нараас онцгой болгосон” гэжээ.
Харин өөр нэг шүтэн бишрэгч “Харрис эмээ хүний хамгийн төгс энергийг агуулдаг” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: PARADE