Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойд зориулан бүтээсэн “БНМАУ-ын баатар, маршал Ю.Цэдэнбал” баримтат киноны нээлт есдүгээр сарын 16-нд Увс аймгийн 18 сумын Соёлын төв болон “Ойрад” театрт нэгэн зэрэг болжээ.
Тус баримтат кинонд Ю.Цэдэнбалын бага нас, идэр залуу үе, амьдралын замнал, боловсрол, хөдөлмөрийн үйлсийг өгүүлэхийн зэрэгцээ тухайн үеийн Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмрийг түүхэн үйл явдал, архивын баримт, материалд тулгуурлан харуулжээ.
Киноны нээлтэд орон нутгийн иргэд, төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зэрэг 5000 гаруй хүн оролцож, маршал Ю.Цэдэнбалын амьдрал, үйл хэрэг болон Монголын төр, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг харуулсан баримтат бүтээлтэй танилцсан байна.
Мөн Улаангом сумын төв талбайд байрлах маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлжээ. Ойн арга хэмжээний хүрээнд Давст сум дахь маршалын хөшөөнд цэцэг өргөх, Тун мэндийн өвөлжөөг тохижуулах зэрэг ажил хийхээс гадна үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан зохион байгуулж байгаа аж.
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ОХУ-ын Красноярскийн хязгаарын Курагино тойргийн “Хил хязгааргүй найрамдал” төслийн удирдагч Родина Светлана Асхатовна, “Курагино” музейн захирал Катина Елена Михайловна тэргүүтэй төлөөлөгчид Увс аймагт хүрэлцэн иржээ.
“Хил хязгааргүй найрамдал” төслийг 2013 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд Увс аймгийн Улаангом сум болон ОХУ-ын Красноярскийн хязгаарын Курагино тойргийн хооронд соёлын харилцаа, солилцоог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг байна.
Мөн өнөөдөр Ю.Цэдэнбалын нэрэмжит Улаангом сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 100 жилийн ойн баяр болов.