Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн чийрэг бие бялдрын талаар "The Indian Express" онцолсныг орчуулан хүргэж байна.
"Өдгөө 58 настай, Монгол Улсын Ерөнхийлөгч 100 кг-ыг хэвтээ шахалтаар 20 удаа өргөж, цахим хэрэглэгчдийг гайхшруулав" гарчигтай нийтлэлд:
Улс төрийн замналаа эхлүүлэхээсээ өмнө армид алба хааж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цэргийн алба хаагчдын өмнө хүндийг өргөлтийн дасгал хийсэн ч огтхон ч ядарсан шинжгүй байжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цэргийн ангид ажиллах үеэрээ хэвтээ шахалтаар 100 килограммын жинг 20 удаа өргөж буй бичлэг цахим орчинд тархсанаар 58 настай төрийн тэргүүний эрүүл чийрэг бие бялдар олон нийтийн анхаарлыг татсан байна.
Тэрбээр албаны хослол өмсөн цэргийн ангийн биеийн тамирын зааланд ирээд, эхлээд вандангийн дэргэд зогсож байснаа хүрмээ тайлан, дасгал хийх байрлалд шилжжээ. Улмаар 100 килограммыг 20 удаа шахсан байна.
Дасгалаа дуусгасныхаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгч босож, эргэн тойронд байсан офицер, цэргүүдтэй гар барин мэндэлж, хүрмээ тайван өмсжээ.
Бичлэг цахим орчинд таржээ
Уг дүрс бичлэг сошиал сүлжээгээр өргөн тарж, олон хэрэглэгч Монгол Улсын Ерөнхийлөгч биеийн хүчний дасгалыг ядах юмгүй хийж буйд гайхаж байгаагаа илэрхийлжээ.
Нэгэн хэрэглэгч “Улс орноо удирдах үүргийнхээ хажуугаар 100 килограмм жинтэй штанг өргөх цаг зав гаргаж байна. Би өглөө цагтаа орноосоо босож ч чаддаггүй” хэмээн бичсэн байна.
Өөр нэг хэрэглэгч “Тэгээд бүр ийм амархан хийж байгаа нь гайхалтай” гэжээ. Мөн нэгэн хэрэглэгч “Вау! Үнэхээр гоё юм!” гэсэн сэтгэгдэл үлдээсэн байна.
Ухнаагийн Хүрэлсүх 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж буй юм. Тэрбээр улс төрийн замналынхаа өмнө Монголын Ардын армид алба хааж, улмаар улс төрд орж, Ерөнхий сайд зэрэг төрийн өндөр албан тушаалууд хашиж байгаад Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Урлаг, спортын сонирхолтой
Хүрэлсүхийн улс төрөөс гадуурх сонирхол ч нэлээд өвөрмөц. NDTV-ийн мэдээлснээр, тэрбээр бодибилдинг болон тулааны урлагаар хичээллэж байсан, мөн “Pals” нэртэй рок хамтлагт гитар тоглодог аж.
Түүнчлэн тэрбээр Монгол дахь Harley-Davidson сонирхогчдын клубыг үүсгэн байгуулсан гэх мэдээлэл байдаг.
Эх сурвалж: THE INDIAN EXPRESS