Жүжигчин Пирс Броснаны хүү, уран бүтээлч Парис Броснан аавтайгаа үнэхээр адилхан төрхтэй ажээ. Өдгөө 72 настай, Ирландын нэрт жүжигчин Пирс Броснан Mrs. Doubtfire, Жеймс Бондын Tomorrow Never Dies, The World Is Not Enough зэрэг олон алдартай кинонд дүр бүтээсэн билээ.

Тэрбээр хүү Парисынхаа хамт АНУ-ын Калифорни мужийн Холливуд дахь TCL Chinese Theatre-т болсон 2026 оны Indiewood Film Festival-ийн үеэр зохион байгуулагдсан Seniors киноны нээлтийн арга хэмжээнд оролцжээ.

Парисыг харахад аавынхаа царай төрхийг өвлөсөн нь илт. Түүний эрүү, төрх байдлаас харахад “аавынхаа хуулбар” гэж хэлэхэд хилсдэхгүй аж.

Парис Броснан амжилттай уран бүтээлч

Парис Броснан урлагийн мэргэжилтэй болно гэж анх огт төлөвлөж байгаагүйгээ HELLO! сэтгүүлд ярьжээ. Тэр “Үгээр илэрхийлж чадахгүй байсан зүйлээ ямар нэгэн байдлаар гаргах арга минь байсан.

Дотор бүх зүйл хүнд санагдах үеүд тохиолддог байсан бөгөөд тэр мэдрэмжээ боловсруулах арга нь зураг зурах байлаа. Би үүнийг хэзээ ч мэргэжил болгоно гэж төлөвлөж байгаагүй” гэжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Парис Лондон хотын Clarendon Fine Art галерейд өөрийн шинэ бүтээлийн “Collective Energy” цуглуулгыг олон нийтэд танилцуулжээ.

Пирс Броснан үснийхээ нууцаас хуваалцжээ

Пирс Броснан мөн өөрийн өтгөн үсний талаар ярьсан байна. Түүнээс Page Six сэтгүүл “Ирланд эрчүүд яагаад ийм сайхан үстэй байдаг вэ?” хэмээн асуужээ.

Тэрбээр инээмсэглэн “Бүх зүйл үсэнд бий. Энэ бол эртний Кельтийн үс. Миний аав Том ч сайхан үстэй хүн байсан. Яагаад гэдгийг нь би мэдэхгүй. Магадгүй төмс, цөцгийн тос, эсвэл Гиннесийн шар айрагтай холбоотой ч байж болох юм” гэж хариулсан байна.

Харин өөрийг нь “сайн дарс шиг нас ахих тусам улам сайхан болж байна” хэмээн хэлэхэд Броснан “Би чадах бүхнээ хийж байна!” хэмээн хариулжээ.

Пирс Броснан саяхан Бен Кингсли, Хелен Миррен нарын хамт Ричард Османы алдарт зохиолоос сэдэвлэсэн Netflix-ийн The Thursday Murder Club кинонд тоглосон байна. Түүний бүтээсэн дүр өмнө тоглож байсан алдарт дүрүүдээс нь нэлээд өөр аж.

Тэр “Би өмнө нь ч ширүүн, энгийн дүрүүдийг бүтээж байсан. Гэхдээ олон жилийн турш боловсролтой, дэгжин, төгс төгөлдөр эрийн дүртэй маш их холбогдож ирсэн. Заримдаа хүн өөрийнхөө бүтээсэн дүрийн хүрээнд өөрийгөө хязгаарлачихдаг юм байна” гэж ярьжээ.

Түүнчлэн MobLand цувралын дүрээрээ уран бүтээлийн шинэ үеэ эхлүүлж байгаа эсэхийг асуухад Броснан “Хэрэв одоо биш юм бол хэзээ гэж? Цаг хугацаа явж байна шүү дээ” хэмээн инээмсэглэн хариулсан байна.

Эх сурвалж: PARADE