УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нийслэлийн дулааны эрчим хүчний салбарын төрийн болон орон нутгийн өмчит компаниудад хийсэн Үндэсний аудитын газрын шалгалтын дүгнэлтэд туссан зөрчил, үргүй зардлын талаар мэдээлэв.
Тэрбээр Үндэсний аудитын газар УИХ, хууль тогтоомжийн хэрэгжилт болон улсын төсөвт хяналт тавих үндсэн чиг үүрэг бүхий чухал байгууллага гэдгийг онцлоод, эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын менежмент, засаглалтай холбоотой асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай байгааг хэлэв.
Эрчим хүчний компаниудын менежментийг сайжруулах зорилгоор төрөөс “Эрчист Монгол” компанийг байгуулсан боловч удалгүй татан буулгасан.
Ж.Золжаргалын танилцуулснаар, Үндэсний аудитын газрын тайланд дурдсанаар, тус компани зөвлөгөө өгөх, менежментийн үйлчилгээ үзүүлэх нэрийн дор нийслэлийн эрчим хүчний компаниудаас нийт нэг тэрбум төгрөг төвлөрүүлэн авсан ч бодит байдал дээр дээрх үйлчилгээг үзүүлээгүй байна.
Мөн тус компани арилжааны банкуудаас 1.9 тэрбум төгрөгийн зээл авсан ч үйл ажиллагаагаа төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлээгүй гэх аудитын дүгнэлт гарчээ. Ингэснээр нийт 2.8 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болсон байна.
Ж.Золжаргал гишүүн татан буугдах өдөр тус компанийн удирдлага ажилтнуудаа урамшуулах нэрийдлээр 330 сая төгрөгийг хуваан олгосон талаар мэдээлэв.
Тэрбээр “Татан буугдах өдрөө ажилтнуудаа баярлуулах нэрийдлээр 330 сая төгрөгийг хувааж авсан байна. Энэ мөнгийг буцааж төлөх ёстой” хэмээн онцолсон юм.
Бүтээмжийн менежерийн бүтэц нэрээр дахин нэг тэрбум төгрөг зарцуулжээ
Ж.Золжаргалын мэдээлснээр, асуудал зөвхөн “Эрчист Монгол” компаниар хязгаарлагдахгүй аж.
Хамтарсан Засгийн газрын үед Засгийн газрын тогтоолоор эрчим хүчний компаниудад “бүтээмжийн менежер” гэх шинэ орон тоо бий болгож, богино хугацаанд эхний ээлжид нэг тэрбум төгрөгийн зардал гаргасан байна.
Үүний дараа нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн өмчит дулааны эрчим хүчний компаниудад мөн адил “бүтээмжийн менежер” гэх босоо бүтэц бүхий шинэ орон тоо, зохион байгуулалтын тогтолцоо бий болгожээ.
УИХ-ын гишүүний хэлснээр, эдгээр шийдвэр, зохион байгуулалтын үр дүнд богино хугацаанд нийт 5.5 тэрбум төгрөгийн хохирол, үргүй зардал үүссэн байна.
Тэрбээр энэ талаар “Богино хугацаанд гарсан эдгээр шийдвэрүүдээс болж улсад нийт 5.5 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Үүнийг хэн төлөх юм бэ? Хохирол учруулсан хүмүүс нь төлөх боломжгүй бол энэ нь эцэстээ улсын төсөвт ачаалал болж орж ирнэ” хэмээн мэдэгдсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг хөндлөө.
Хуулиар төрийн өмчит компанийн ТУЗ-ийн нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүд байхаар зохицуулсан байдаг. Гэвч Үндэсний аудитын газрын дүгнэлтэд дурдсанаар нийслэлийн эрчим хүчний салбарын есөн компанийн ТУЗ-ийн нийт 81 гишүүний 61 нь төрийн албан хаагч байжээ.
Түүнчлэн Ж.Золжаргал орон нутгийн өмчит эрчим хүчний компаниудын ТУЗ-ийн нийт 40 гишүүний 30 нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ) болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтнууд байсан талаар мэдээлэв.
Түүний үзэж байгаагаар, энэ нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, хараат бус байдал, хариуцлагын тогтолцоонд анхаарах шаардлагатайг харуулжээ.
Үндэсний аудитын газрын дээрх дүгнэлт, нийслэлийн эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудтай холбоотой илэрсэн зөрчил, үргүй зардлын асуудлыг удахгүй УИХ-ын холбогдох Байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.