Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал яригдсаны дараа түүний оронд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох хувилбар бодитоор яригдаж эхэлсэн. Өнөөдрийн мэдээллээр МАН-ын Удирдах зөвлөл ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэхээр товлож, улмаар Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр болсон гэх мэдээлэл байна.

Г.Тэмүүлэн УИХ-ын гишүүнээр 2016 оноос хойш сонгогдож, 2022-2024 онд Төсвийн байнгын хороог, 2024 оноос Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог даргалж буй. Тэрбээр эдийн засаг, төсвийн асуудлаар парламентын түвшинд ажиллаж ирсэн туршлагатай гишүүн. 

Өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүн яригдаж байх үед Г.Тэмүүлэнгийн нэр Сангийн сайдад яригдаж байв. 

Энэ удаагийн томилгооны хувьд Г.Тэмүүлэнг намын доторх өөр өөр байр суурьтай бүлгүүдийн дунд харилцан ойлголцол бий болгож болох нэр дэвшигч гэж үзэж буй гэх мэдээлэл байна. Ялангуяа УИХ дахь МАН-ын гишүүдийн байр суурь, намын дотоод зохион байгуулалт болон Засгийн газрын тогтвортой байдал зэрэг асуудалтай шинэ томилгоо давхар холбогдож байгаа аж.

Үүний зэрэгцээ Н.Номтойбаяр болон түүний тэргүүлдэг Үндэсний эвслийн байр суурь ч энэ томилгооны цаадах улс төрийн тооцооллын нэг хэсэг болж болох тухай таамаг гарч байна.

Н.Номтойбаяр өмнө нь С.Амарсайханыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргах тухай асуудлаар байр сууриа илэрхийлж байсан бөгөөд цаашид эрх баригчидтай харилцах харилцаа нь хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг нь олны анхаарлыг эрхгүй татаж буй юм.

НЭМЭЛТ: 09.30 цаг

Эх сурвалжийн мэдээлснээр, МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд 08.30 цагаас эхэлжээ. Хуралдаанаар ХЗДХ-ийн сайдаар хэнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэж буй аж.

Ерөнхий сайдад танхимын сайдаа чөлөөлөх, томилох бүрэн эрх бий. 

Э.ЦЭЦЭН