Жил бүрийн аравдугаар сарын 31-нд тэмдэглэдэг Halloween буюу Гэгээнтнүүдийн баярын өмнөх шөнө, нас барагсдын дурсгалыг хүндэтгэх үеэр Halloween-ий хатан хаан гэгддэг Хайди Клум жил бүрийн алдарт үдэшлэгтээ бэлдэх завгүй байдаг аж.

Зөвхөн урилгаар оролцдог энэхүү үдэшлэг 2000 онд эхэлсэн ч COVID-19 цар тахлын улмаас 2020, 2021 онд хоёр жилийн завсарлага авчээ. Үдэшлэгийн хамгийн гол дүрэм бол зочид заавал хувцаслаж ирэх ёстой бөгөөд ямар ч хүн костюмгүйгээр дотогш нэвтрэх боломжгүй байдаг.

Жил бүр хүмүүсийн тэсэн ядан хүлээдэг зүйлсийн нэг нь Хайди Клум ямар дүрд хувирах бол гэсэн таамаг байдаг. Тэрбээр жил бүр маш нарийн хийцтэй, гайхалтай хувцас өмсдөг тул заримдаа өөрийг нь танихад ч хэцүү болдог байна.

Үзэсгэлэнт төрхөөрөө алдартай хэдий ч Хайди Parade сэтгүүлд өгсөн онцгой ярилцлага өгөхдөө "Halloween-ийн баяраар муухай, аймшигтай дүрд хувирахаас огтхон ч эмээдэггүй. Тиймээс энэ жилийн Halloween-ээр ч мөн олныг гайхашруулна" гэж амлажээ.

Хайди Клум “Би танд ганцхан сэжүүр өгье. Энэ нь цустай холбоотой” гэж хэлсэн байна.

Өмнө нь тэр Медуза, E.T., аварга өт, тогос, Shrek киноны Фиона, Thriller дууны чоно хүн, Жессика Рэббит болон өөрийнхөө хэд хэдэн хувилбар болох “Клумын клонууд” зэрэг дүрүүдэд хувирч байжээ.

Хайди “Би өөрийгөө маш хөгшин хүн болгож хувиргасан үедээ их дуртай. Тэр үед үнэхээр хөгжилтэй байсан. Би өөрийгөө 90 орчим настай хүн шиг болгосон. Мөн харь гаригийн дүрд хувирсан маань их таалагддаг. Би яг л робот-харь гаригийн хүн шиг байсан.

Heidi Klum

Улаан арьстай, нил ягаан үстэй, өндөр өсгийт (платформ) дээр алхаж байсан болохоор маш өндөр харагддаг байсан. Зураг дээр миний хажууд өөр хүн зогсож байвал ямар өндөр байсныг илүү сайн ойлгож болно. Учир нь, би тэр өндөр өсгийт дээр алхаж сурах ёстой байсан бөгөөд тэр нь надад маш их таалагдсан” хэмээн өмнөх хувцаснуудынхаа талаар дурссан байна.

Энэ жил Хайди хараахан илчлээгүй байгаа цуст сэдэвтэй хувцастайгаа зохицуулан Америкийн алдарт улаан дарсны холимог брэнд болох Apothic-той хамтран ажиллажээ. Тэд хамтдаа цус сэлбэх ууттай адилхан харагдах, хязгаарлагдмал тоогоор гаргасан цуглуулгын бүтээгдэхүүн болох Apothic Type 'A' Blood Bag-ийг бүтээсэн байна. Энэхүү бүтээгдэхүүн нь Хайдигийн гарын үсэгтэй бөгөөд тусгай улаан хөргүүртэй хамт хүргэгддэг аж.

Мөн Apothic нэг азтай шүтэн бишрэгчид Нью-Йорк хотод зохион байгуулагдах Хайдигийн алдарт Halloween-ий үдэшлэгт нэг зочны хамт оролцох боломж олгож буй юм баайна. Үүний тулд оролцогчид энэ Halloween-ээр Apothic-ийг хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж буйгаа хуваалцах ёстой бөгөөд уралдааны бүртгэл есдүгээр сарын 14-27-ны хооронд үргэлжилж байна.

Heidi Klum

Хайди “Blood Bag нь үнэхээр аймшигтай, цустай харагддаг. Гэхдээ Halloween-тэй илүү тохирох зүйл гэж байхгүй. Ер нь цус сэлбэх уут гэдэг нь хэн нэгэнд ноцтой асуудал гарсан үед хэрэг болдог зүйл. Харин Halloween бол яг ийм аймшигтай зүйлсийн тухай баяр шүү дээ. Энэ нь хөгжилтэй алиалагчдын тухай биш, харин цус, шөнийн амьтад гарч ирэх тухай юм.

Дракула, хүмүүсийн хүзүүний судаснаас цус сорох тухай төсөөлөл үргэлж байдаг. Тиймээс цус сэлбэх ууттай байх нь үнэхээр төгс санаа байсан. Хүмүүс их хөгжилдөх байх гэж бодож байна” гэж ярьжээ.

Хайди Клум багаасаа олон янзаар хувцаслаж, дүрд хувирах дуртай байсан бөгөөд Германд өсөж байхдаа ээж нь түүнд хоёрдугаар сарын Карнавалын баярт зориулж хувцас хийж өгдөг байсан аж. Харин Halloween баярыг Германд төдийлөн тэмдэглэдэггүй байсан аж. Түүнийг 20 настайд Нью-Йорк руу нүүж ирсний дараа Halloween-тэй анх танилцсан байна.

Тэр “Би хэд хэдэн Halloween-ий үдэшлэгт очдог байсан ч хүмүүс огт сонирхолгүй хувцасласан байдаг байлаа. Яагаад хэн ч гоё, онцгой хувцас өмсдөггүй юм бол гэж боддог байсан. Тэгээд ‘Би өөрөө нэг үдэшлэг зохион байгуулъя’ гэж шийдсэн.

Бүх үдэшлэг үнэхээр уйтгартай, хүмүүсийн өмсдөг хувцас нь бүр ч уйтгартай санагддаг байсан. Илүү их хичээж, хүмүүст үлгэр дуурайл үзүүлэх хүн хэрэгтэй гэж бодсон. Тиймээс л өөрийн үдэшлэгийг зохион байгуулах санаа төрсөн” хэмээн дурсжээ.

Хайди 26 жилийн турш жил бүр өөрийн гайхалтай, этгээд хувцаснуудыг бүтээсээр буй. Тэр гэр бүлийнхнээ ч мөн энэ үйл явдалд оролцуулдаг боловч тэд Хайди шиг тийм их дурладаггүй гэнэ.

Heidi Klum

Тэрбээр охин Лэнигийн тухай ярихдаа “Өнгөрсөн жил миний охин Лэни ямар хувцас өмссөнийг харсан уу? Тэр үргэлж маш өвөрмөц, нарийн сэдэв сонгохыг хичээдэг. Өнгөрсөн жил тэр A Bad Case of Stripes хүүхдийн номын Камилла Крим гэдэг дүрд хувирсан.

Арьсан дээрээ солонгын өнгийн судлууд зурж, өдөржин ил гарсан бүх хэсэгтээ өнгө түрхсэн. Тэгээд номон дээрх тэр бяцхан охинтой яг адилхан харагдаж байсан. Лэни бол үүнд үнэхээр дуртай хүн. Охин Лу ч бас дуртай боловч одоохондоо тийм хэмжээнд биш.

Тэр анимэд илүү дуртай. Өөрөө хиймэл үс хийж, буржийлгаж, сэгсийлгэж, тайрч янзлаад, анимэ дүрүүдийнх шиг этгээд хэлбэртэй болгодог” гэж ярьсан байна.

Хайди Клум 2026 оны Halloween-ий хувцасныхаа талаар “цустай холбоотой” гэсэн ганцхан сэжүүр өгсөн ч яг ямар дүрд хувирах нь одоогийн байдлаар нууц хэвээр байгаа аж. Түүний өмнөх жилүүдийн гайхалтай дүрүүдийг бодоход энэ жилийн хувцас ч мөн Halloween-ийн хамгийн их яригдах сэдвүүдийн нэг болох нь дамжиггүй.

Эх сурвалж: PARADE