Эд Шираны олон улсын аялан тоглолтын хөтөлбөрт өөрчлөлт орж, АНУ дахь тоглолтуудад нь оролцох байсан реппер Маклмор Палестиныг дэмжсэн байр сууриа тайзан дээр илэрхийлснийхээ дараа тоглолтуудаас хасагджээ. Үүний дараа Шираны аялан тоглолтын бусад нээлтийн уран бүтээлчид Маклморыг дэмжиж, түүнийг хассан шийдвэрийг эсэргүүцэн тоглолтоос гарахаар болсон байна.
Даваа гарагт New England Patriots багийн эзэмшигч Роберт Крафт Маклморыг энэ сард Массачусетс мужийн Gillette Stadium-д болох тоглолтуудад оролцуулахгүйгээ мэдэгджээ. Крафт энэ шийдвэрээ Маклморын Нью-Жерсид болсон тоглолтын үеэр хэлсэн үг, сүүлийн үеийн үйлдлүүд болон өмнө нь антисемит үзэлтэй холбоотой гэж шүүмжлэгдэж байсан үйлдлүүдтэй нь холбон тайлбарласан байна.

Маклмор 2014 онд еврей хүмүүсийг "доромжилсон" дүр төрхтэй хувцас өмсөн тоглосныхоо дараа олон нийтээс уучлалт гуйж байв. Харин энэ удаа тэрбээр Палестиныг дэмжсэн байр сууриа илэрхийлснийхээ дараа Эд Шираны АНУ дахь үлдсэн тоглолтуудаас хасагдсан тухайгаа өөрөө мэдэгджээ.
Маклморыг хассаны дараа Билли Айлишийн ах, продюсер Финнеас, Ирландын дуучин Аарон Роу, Beoga хамтлаг болон Данийн Lukas Graham хамтлаг Шираны тоглолтын өмнө тайзан дээр гарах хөтөлбөрөөсөө татгалзсан байна.
Финнеас уран бүтээлчид хэлмэгдэгсдийн төлөө дуу хоолойгоо хүргэх үедээ дуугүй байх ёсгүй гэж хэлээд, Палестин болон Палестины ард түмнийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
2012 оны “Thrift Shop” дуугаараа дэлхийд танигдсан Маклмор Палестины эрхийг дэмжсэн байр сууриа сүүлийн жилүүдэд олон нийтэд илэрхийлсээр ирсэн. Тэрбээр Нью-Жерсид болсон Шираны тоглолтын үеэр кеффие буюу Палестины уламжлалт алчуур зүүж, “Чөлөөт Палестин” хэмээн хэлсэн байна. Мөн Израилийг шүүмжлэх, апартеид болон геноцидын эсрэг байх нь еврей хүмүүсийг өөрсдийг нь шүүмжилж байгаа хэрэг биш гэж онцолжээ.
Маклмор өөрийг нь аялан тоглолтоос хассан шийдвэрийн хариуцлагыг Роберт Крафтад хүлээлгэсэн бол Крафт зөвхөн өөрийн эзэмшлийн цэнгэлдэх хүрээлэнд түүний тоглолтыг цуцалсанаа баталсан байна. Харин Эд Ширан Маклморыг хассан шийдвэрийг өөрөө гаргаагүй, тоглолтын зохион байгуулагчийн шийдвэр байсан гэж мэдэгджээ.
Ширан мөн Израиль, Палестины мөргөлдөөний талаар хувийн байр суурьтай ч олон нийтэд илэрхийлэхгүй байхыг сонгосон бөгөөд энэ нь уг асуудалд хайхрамжгүй хандаж байгаа гэсэн үг биш хэмээн тайлбарласан байна. Харин Газын нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж ирсэн Ms. Rachel Шираны энэ шийдвэрийг шүүмжилжээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын Конгрессын гишүүд Илхан Омар, Прамила Жаяпал болон дуучин Зара Ларссон, PinkPantheress нар Маклморыг дэмжсэн байр суурь илэрхийлсэн байна.
Маклмор өөрийн мэдэгдэлдээ Газын нөхцөл байдлыг дахин хөндөж, Палестины хүүхдүүдийн амь нас хохирч буй явдлаас илүү “Чөлөөт Палестин” гэсэн үгэнд эмзэглэж байгаа нь өөрийнх нь байр суурьтай эрс зөрчилдөж байна хэмээн хэлжээ.
Эх сурвалж: CNN