Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва "Өвөлжилтөд анхаарч байна. 573 төсөл, хөтөлбөрийг эхлүүлж, 83 хувьтай явж байна. Иргэд хальтиргаагүй замтай, нийтийн тээвэр хүлээхгүй байх, агаарын бохирдол өнгөрсөн жилээс сайжрах зэрэгт анхаарч байна.
Халаалт өгч эхэлсэн. 280 мянган тонн хагас коксыг бид өвөл түлнэ. 446 цэгээр түлшээ борлуулна. Энэ цэгүүд дээр түгээлт, борлуулалтыг тэгш хийнэ. Сайжруулсан түлшний стандартыг хатуу мөрдүүлнэ. Хотула апп-аар хянана.
200 машин шөнийн турш түгээлтийг хийнэ. Энэ өвөл 5,000 айл хийн зуух рүү шилжүүлсэн. Тэднийгээ хянана. Хотод 273 уурын зуух бий. Энэ бол агаарын бохирдлын 12 хувийг эзэлдэг. Наймыг нь хий рүү шилжүүлэх ажлыг хийлээ. 5.6 хувиар агаарын бохирдол буурах тооцоолол бий.
Газар шорооны ажлыг зунжингаа хийлээ. Нийт 57.3 км шугамын ажлыг хийлээ. Усны татуурга, бохир усны сувгаа заслаа. 16.2 км шинэ хоолойг ашиглалтад орууллаа. Ер нь газар доорх Улаанбаатар хотдоо анхаарахгүй бол хэцүү байна. 1.8 их наяд төгрөгийг зарцуулж байж ард нь гарна. Дулааны ачаалал 146 хувиар ачааллаж байгаа.
Цахилгаан 109-117 хувиар ачаалалтай байна. Бид инженер хангамжийн ажилдаа анхаарч байна. Тавдугаар дулааны цахилгаан станцын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй байна. 2028 онд ашиглалтад орно. 100 мянган айлын цахилгаан, 50 мянган айлын дулааны асуудлыг шийднэ" гэв.