Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан харамсалтай мэдээллийг Японы цагдаагийн байгууллага есдүгээр сарын 11-нд мэдээлжээ. Осол есдүгээр сарын 7-ны өдрийн 11:30 цагийн орчимд Күрэ хотын Хиро-мачи дүүрэгт байрлах “Kaisei Construction” компанийн Оохиро дайрганы үйлдвэрт гарсан байна.

Тухайн үед залуу туузан дамжуургын ойролцоо хуримтлагдсан элс болон бусад материалыг хүрзээр цэвэрлэж байжээ. Энэ үеэр туузан дамжуургын буланд татагдан орж, ослын улмаас газар дээрээ нас барсан байна. Ослын үед түүний ойролцоо өөр ажилтан байгаагүй аж. 

Японы цагдаагийн байгууллагынхан талийгаачийг тус улсад  дадлагажигчаар ажиллаж байсан  Монгол Улсын иргэн 20 настай  Б байсныг тогтоожээ. Задлан шинжилгээний хариугаар үхлийн шалтгааныг тархины няцрал гэж үзсэн байна. 

Одоогоор цагдаагийн байгууллага холбогдох хүмүүсээс мэдүүлэг авч, осол ямар шалтгаанаар гарсныг нарийвчлан шалгаж байна.

. Японд ийм тохиолдлыг үйлдвэрлэлийн осол гэж үзвэл дадлагажигч байсан ч нөхөн олговор авах эрхтэй.

Нас барсан тохиолдолд голчлон:

  • Ар гэрт олгох нөхөн олговор / тэжээгчээ алдсаны нөхөн олговор

  • Ар гэрт олгох тусгай нэг удаагийн тэтгэмж — 3 сая иен (300万円 )

  •  Оршуулгын зардлын тэтгэмж

  • Ар гэрийнхэнд олгох тэтгэвэр / тэжээгчээ алдсаны тэтгэвэр

  • Ар гэрт олгох нэг удаагийн тэтгэмж

Гэхдээ нийт хэдэн иен болох нь талийгаачийн ослын өмнөх цалин, ар гэрийнх нь хэн нь тэжээгч байсан, эхнэр/хүүхэд/эцэг эх байгаа эсэх зэрэг олон зүйлээс хамаарч, тэжээгчээ алдсан хүн тус бүрт олгогдоно.