Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Баян-Өлгий аймгийн удирдлагуудад өгсөн үүрэг, чиглэл нь үндэс угсаа, нутаг ус, хэл соёл, үзэл бодлоороо иргэдийг ялган салгах бус, Монгол Улсын иргэн бүрийг нэгэн эрх, нэгэн хууль дор нэгтгэх төрийн үндсэн зарчмыг санууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдлагууд болон шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзаж, үндэсний эв нэгдэл, хууль дээдлэх ёс, төрийн албаны шударга байдал, монгол хэл, газар нутаг, түүх соёлын дархлаатай холбоотой асуудлаар тодорхой үүрэг, чиглэл өгсөн нь өнөөдөр Монголын нийгэмд зайлшгүй яригдах ёстой чухал асуудлуудыг хөндлөө.
Төрийн тэргүүний хэлсэн хамгийн чухал санаа бол Монгол Улсын иргэдийг хэн болох, хаана төрсөн, ямар угсаа гаралтай, ямар шашин шүтдэг, ямар үзэл бодолтойгоор нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн зарчмыг чанд сахих явдал байв. Энэ бол зөвхөн нэг аймаг, нэг бүс нутгийн асуудал биш. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдалтай шууд холбоотой асуудал юм.
Өнөөдөр цахим орчин, олон нийтийн сүлжээгээр хэлсэн ганц үг, хийсэн нэг үйлдэл богино хугацаанд олон мянган хүнд хүрч, иргэдийн хооронд үл ойлголцол, талцал үүсгэх боломжтой болсон энэ үед төрийн тэргүүнээс эв нэгдлийг хамгаалах тухай тодорхой байр суурь илэрхийлсэн нь цаг үеэ олсон сануулга гэж хэлж болохоор.
Монгол Улс олон ястан, өөр өөрийн онцлогтой түүх, соёл, уламжлал бүхий иргэдээс бүрддэг ч тэднийг нэгтгэж байгаа хамгийн том үнэт зүйл нь Монгол Улсын иргэн гэх нийтлэг ойлголт юм. Үндэс угсаа, хэл соёлын ялгаатай байдлыг сөргөлдөөний шалтгаан болгох бус, харин Монголын нэгдмэл байдлын нэг хэсэг болгон хүндэтгэх нь төр, иргэн бүрийн хүлээх хариуцлага.
Тиймээс Ерөнхийлөгчийн “төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой” гэсэн байр суурь өнөөдрийн улс төр, нийгмийн орчинд онцгой ач холбогдолтой сонсогдож байна.
Үндэсний эв нэгдэл гэдэг үгийг зөвхөн уриа, төрийн баярын үеэр хэлдэггүй. Энэ нь хүн бүр хуульд адилхан захирагдах, төрийн байгууллага иргэн бүрт ялгаваргүй үйлчлэх, өөр үзэл бодолтой нэгнээ дайсан мэт үзэхгүй байх, өөр хэл соёлтой иргэнээ гадуурхахгүй байх өдөр тутмын зарчим юм.
Хэрэв төр өөрөө иргэдээ ялгаж, төрийн алба нутаг ус, танил тал, намын харъяаллаар хуваарилагддаг бол үндэсний эв нэгдлийн тухай ярих утгагүй. Энэ утгаараа төрийн албанд мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөх ёстой гэсэн Ерөнхийлөгчийн байр суурь ч мөн эв нэгдлийн асуудалтай салшгүй холбоотой билээ.
Монгол хэлний тухайд ч төрийн тэргүүний хэлсэн санаа анхаарал татаж байна. Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол хэлээ сурч эзэмших нь зөвхөн хэлний асуудал бус төр, иргэн хоёрын харилцаа, иргэний эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой холбоотой чухал асуудал юм.
Гэхдээ эх хэлээ хамгаалах тухай ярихдаа бусад хэл, соёл, үндэстэн ястны онцлогийг үгүйсгэх бус, харин Монгол Улсын нийт иргэдийг нэгтгэх нийтлэг хэл, үнэт зүйлээ бэхжүүлэх зарчим баримтлах нь чухал билээ.
Газар нутаг, уул ус, түүх соёлын дурсгалын нэршил, дархлааны тухай Ерөнхийлөгчийн хэлсэн үг ч мөн адил нэг зүйлийг сануулав. Монголын газар нутаг бол зөвхөн өнөөдөр амьдарч байгаа бидний өмч биш. Энэ бол өмнөх үеэс өвлөгдөж, дараагийн үед хүлээлгэн өгөх үндэсний баялаг.
Тиймээс газар нутаг, бэлчээр, өвөлжөө, хаваржаа, түүх соёлын дурсгалт газар, байгаль орчны онцгой бүсийг хамгаалах асуудалд төрийн бодлого тодорхой, хууль хэрэгждэг байх шаардлагатай.
Энд хамгийн чухал нь аливаа асуудлыг үндэс угсаа, нутаг усны маргаан болгон дэвэргэхээс илүүтэйгээр хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэх явдал юм. Монгол Улсын иргэн бүр хуульд захирагдаж, төрийн байгууллага ч мөн хуулиа ягштал хэрэгжүүлж чадсан цагт талцал, үл ойлголцол багасна. Хууль хүн бүрт адил үйлчилдэг байх нь үндэсний эв нэгдлийн хамгийн бат бөх суурь юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Баян-Өлгий аймгийн удирдлагуудад өгсөн үүрэг, чиглэлээс харахад, үндэсний эв нэгдлийг хамгаалах асуудлыг зөвхөн улс төрийн уриа төдий бус, төрийн бодлого, хууль хэрэгжилтийн түвшинд авч үзэх шаардлагатайг онцолжээ.
Ялангуяа үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болохуйц талцал, ялгаварлал, ёс бус үйлдлийг таслан зогсоох тухай төрийн тэргүүний анхааруулга нь хэн нэгнийг онилсонгүй, харин төр, иргэн бүрт хамаатай зарчим байх учиртай билээ.
Өнөөдөр Монголын нийгэмд биднийг талцуулах шалтгаан хангалттай олон мэт харагддаг. Улс төрийн нам, нутаг ус, үзэл бодол, хэл соёл, нийгмийн байр суурь, цахим орчны маргаан гээд иргэдийг хооронд нь хуваах зүйл цөөнгүй.
Харин улс орныг авч үлдэх хамгийн чухал зүйл нь биднийг хувааж буй ялгаанаас илүүтэй нэгтгэж байгаа үнэт зүйлээ олж харах явдал юм. Тэр үнэт зүйл бол Монгол Улс, тусгаар тогтнол, хууль дээдлэх ёс, иргэн бүрийн эрх, эрх чөлөө, үндэсний эв нэгдэл.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаа зөвхөн Баян-Өлгийд төдийгүй Монголын нийгэмд хандан хэлсэн “талцах бус нэгдэх, ялгаварлах бус хүндэтгэх, дур зоргоор авирлах бус хуулиа дээдлэх” гэсэн төрийн тэргүүний тодорхой сануулга өгөв.
Үндэсний эв нэгдлийг сахин хамгаалах нь зөвхөн Ерөнхийлөгчийн бус, төрийн байгууллага бүрийн, улс төрч бүрийн, хамгийн энгийнээр хэлбэл Монгол Улсын иргэн бүрийн үүрэг юм.
Эв нэгдэл бол Монгол Улс цаашид хэрхэн оршин тогтнохыг тодорхойлох үндэсний дархлаа билээ. Энэ дархлааг хамгаалахын тулд өнөөдөр хэн нэгнийг талд бус, харин Монгол хүн бүрийг хууль, шударга ёс, эх орон гэсэн нийтлэг үнэт зүйл дор нэгтгэх шаардлагатай билээ.
Э.ЦЭЦЭН