Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан гэх хэргээр шалгагдаж буй Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг дахин нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ.
Тодруулбал, дээрх нэр бүхий иргэд нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцсэн үеэрээ хууль зөрчсөн гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм.
Өмнө нь Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх тэдэнд 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шүүхийн шийдвэрт дурдсанаар, хэрэгт холбогдогчдыг сулласан тохиолдолд хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, оргон зайлах, хэргийн ул мөр болон эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, мөн гэмт хэргээ үргэлжлүүлэн үйлдэх эрсдэлтэй гэх үндэслэлээр цагдан хорих шаардлагатай гэж үзсэн байна.
Прокуророос анх тогтоосон цагдан хорих хугацаа дуусахтай холбоотойгоор дээрх гурван иргэний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг шүүхэд хүргүүлжээ.
Уг саналыг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хянан хэлэлцээд, Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дахин нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.