УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж буй. Энэ үед Монголын улс төр дахин нэгэн ээдрээтэй зангилаанд оров. Нэг талаас, сөрөг хүчин Засгийн газарт хариуцлага тооцох шаардлага тавьж, нөгөө талаас эрх баригч намын дотоодод ч улс төрийн байр суурийн зөрчил, тохироо яригдах болсон нь өнөөгийн нөхцөл байдлыг зөвхөн “Засгийн газар огцрох эсэх” гэсэн ганц асуултаар хэмжихэд учир дутагдалтай болгож буй.

Гол асуулт нь Засгийн газар үнэхээр хариуцлага хүлээх хэмжээнд хүрсэн үү, эсвэл үүсээд буй нөхцөл байдал эрх мэдлийн дотоод хуваарилалтыг өөрчлөх улс төрийн шинэ тохирооны эхлэл болсон уу гэдэг юм.

Өнөөдөр шатахууны нийлүүлэлт доголдож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өссөн нь айл өрхийн амьдралд шууд нөлөлөж байна. Түлшний үнэ нэмэгдэхэд тээвэр, хүргэлт, хүнс, үйлчилгээ гээд эдийн засгийн олон салбарт дарамт үүсч буй. Тиймээс шатахууны хомсдол, үнийн өсөлт Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн үнэлгээ өгөхөд хамгийн бодитой шалгуурын нэг болов.

"Даарин дээр давс" гэгчээр үүн дээр төсвийн асуудал нэмэгдсэн. Төсвийн тодотголоор зарлага нэмэгдүүлэх, ирэх оны төсвийн төслийн хүрээнд мөн л өндөр дүнтэй өсөлт төлөвлөж байгаа нь эдийн засгийн бодлогын тогтвортой байдалд анхаарал хандуулах гол шалтгаан болсон.

Тэтгэвэр, цалин нэмэгдүүлэх нь иргэдийн орлогыг хамгаалах нэг арга боловч нөгөө талдаа үйлдвэрлэл, бүтээмж, орлогын бодит өсөлтөөр баталгаажаагүй мөнгөний нийлүүлэлт нэмэгдвэл инфляцын дарамтыг улам өсгөх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шийдвэр өөрөө буруу биш ч түүнийг эдийн засгийн бодит чадавхтай хэрхэн уялдуулж байна вэ гэдэг анхаарах асуудал..

Энэ нөхцөлд Ардчилсан нам Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг дахин хүчтэй тавьж эхэлсэн. Тус намын гишүүдийн дунд Засгийн газрыг огцруулах саналыг дэмжих байр суурь олон ч парламентын шийдвэр гаргахад зөвхөн сөрөг хүчний санал хангалтгүй юм.

Улс төрийн бодит тооцоо эндээс эхэлнэ. Өөрөөр хэлбэл, асуудлыг хэлэлцүүлэх хэмжээний санал болон эцсийн шийдвэр гаргах хэмжээний санал хоёр өөр. Тиймээс АН-ын доторх байр суурь нэг талд гарсан ч Засгийн газрын хувь заяаг шийдэх гол хүчин зүйл эрх баригч намын доторх саналын хуваарилалт хэвээр байна.

Ингэхээр улс төрийн анхаарал аяндаа МАН доторх нөхцөл байдал руу шилжинэ. Сүүлийн үед намын дотоодод тодорхой бүлэг гишүүд байр сууриа нэгтгэж байгаа гэх мэдээлэл гарч, улмаар Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд нарын томилгоо, цаашлаад Ерөнхий сайдын суудал хүртэл улс төрийн хүрээнд яригдах болсон.

Нөгөө талаас, Засгийн газар бүхэлдээ огцрох уу, эсвэл хэд хэдэн сайдын суудал өөрчлөгдөх үү гэдэг асуудал улс төрийн хүрээнд ид хүчтэй "өрнөж" байна. Хэрэв Засгийн газрын үйл ажиллагаанд доголдол гарсан бол тодорхой салбарын сайдад улс төрийн хариуцлага тооцох нь нэг хувилбар.

Гэхдээ асуудлыг зөвхөн албан тушаалын хуваарилалт, фракц хоорондын тохирооны хэмжээнд авч үзвэл иргэдийн хүлээлтийг хангахгүй. Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөн ч бодлого нь хэвээр үлдвэл улс төрийн нэр, нүүр л солигдсоноос бодит амьдралд өөрчлөлт гарахгүй.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг удган хүүхэнтэй "орооцолдсон" асуудлаас нь үүдэн "сугалж", засгаа бүтэн авч үлдэх Н.Учралын хүсэл бодит болох бололтой.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ санаагаа бататгах мэт цахим хуудсаараа "Цагдаагийн дэд хурандаа энгийн иргэний гэрт очиж, Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцан дарамталж байгаа бичлэг үзлээ. Ийм улайм цайм хэргийг нүдээ аниад өнгөрүүлж хэрхэвч болохгүй" гэж мэдэгдсэн. 

Өнөөдөртөө С.Амарсайханыг сайдын суудлаас нь буулгах мэдээлэл байна. Гэвч Н.Учралын "9.8" тэрбумын гэх хэрэг" түүний засгийн газрын хувь заяанд ч хэзээ мөдгүй нөлөөлөх эрсдэл бодит юм.       

Сөрөг хүчин Засгийн газрыг огцруулах асуудлыг улс төрийн зорилгоор тавьж байна уу, эсвэл эрх баригч намын дотоод зөрчилтэй энэ шаардлага нь давхцав уу? гэсэн хоёр хувилбарын хооронд асар том ялгаа бий.

Хэрэв сөрөг хүчний шаардлага иргэдийн бухимдал, Засгийн газрын бодит алдаа, хариуцлагын асуудалд тулгуурлаж байгаа бол энэ нь парламентын хяналтын хэвийн механизм. Харин эрх баригч намын дотоодын тэмцэл сөрөг хүчний үйлдэлтэй огтлолцож, улмаар нэг тал нь нөгөө талынхаа улс төрийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл болох нөхцөл үүсвэл асуудал огт өөрөөр "эргэнэ".

Улс төрийн ийм нөхцөлд “сөрөг хүчний гараар могой бариулах” тухай яригдаж болох ч үүнийг баримт мэт дүгнэхэд эрт. Харин ийм хардлага төрөхүйц нөхцөл үүссэн эсэхийг асуух нь өөрөө улс төрийн шинжилгээний нэг хэсэг юм. Учир нь, Засгийн газрыг огцруулах санал хэний санаачилга вэ гэдгээс илүүтэйгээр түүнийг хэн, ямар зорилгоор дэмжиж буй нь эцсийн үр дүнг тодорхойлох магадлалтай.

Цаашид шатахууны хомсдол дахин гарах уу, үгүй юу. Үнийн өсөлтийг хэрхэн тогтоон барих вэ. Төсвийн тэлэлт эдийн засагт ямар дарамт авчрах вэ. Иргэдийн цалин, тэтгэврийн нэмэгдэл бодит худалдан авах чадварыг өсгөж чадах уу. Төрийн зардал нэмэгдэхийн хэрээр үр ашиг нь дагаж өсөх үү. Эдгээр асуултад хариу өгч чадах эсэх нь ямар ч Засгийн газрын хамгийн том шалгуур байх ёстой.

Хэрэв Засгийн газарт хариуцлага тооцох шаардлага үнэхээр бодитой болсон бол парламент үүнийг улс төрийн тохироогоор бус, хууль, баримт, бодит үр дүнд тулгуурлан шийдэх ёстой.

Харин Засгийн газар солигдлоо гээд шатахууны асуудал шийдэгдэхгүй, үнэ тогтворжихгүй, төсвийн сахилга бат сайжрахгүй, иргэдийн амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй бол өнөөдрийн улс төрийн зөвхөн эрх мэдлийн ээлж солилцсон үйл явдал болж үлдэнэ.

Эцсийн дүндээ Засгийн газар унах эсэхийг парламент шийднэ. Харин тэр өөрчлөлт Монголын төр, иргэдийн амьдралд хэрэгтэй байсан уу гэдгийг улс төрийн тохироо биш, үр дүн л харуулна.

Өнөөдөр Монголын улс төрд хамгийн их дутагдаж байгаа зүйл нь гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг, алдаагаа засдаг, иргэдийн амьдралд бодитоор өөрчлөлт авчирдаг төрийн тогтолцоо юм.

Засгийн газар хэнийг хэнээр солихоос илүүтэй, солио холио хийсний дараа юу өөрчлөгдөх вэ гэдэг нь энэ удаагийн улс төрийн хамгийн том асуулт болж байна.