Жүжигчин, телевизийн хөтлөгч Терри Крюс “America’s Got Talent” шоуны зочин шүүгчээр оролцсон Хайди Клумын хөргийг зурсан бичлэгээ цахим орчинд нийтэлж, үзэгчдийг өөрийнхөө бас нэгэн авьяасаар гайхашруулав.

Крюс есдүгээр сарын 8-нд харандаагаар Клумын хөргийг зурж буй үйл явцаа Instagram болон TikTok хуудсаараа дамжуулан хуваалцсан бөгөөд бичлэг нь богино хугацаанд асар их хандалт авч, олон мянган үзэгч түүний зурах чадварыг магтсан байна.

People сэтгүүлийн мэдээлснээр, уг бичлэг Instagram дээр 750 мянга гаруй лайк, TikTok дээр 300 мянга орчим лайк авч, мөн X платформ дээр 43 мянга гаруй лайк цуглуулжээ.

Heidi Klum

Крюсийн хувьд энэ нь “America’s Got Talent” шоуны хамтран ажиллагсдынхаа хөргийг зурсан анхны тохиолдол биш юм. Тэр өмнө нь шоуны шүүгч София Вергара болон Саймон Коуэлл нарын хөргийг мөн зурж байсан бөгөөд ийнхүү өөрийн уран зургийн авьяасыг үе үе олон нийтэд харуулдаг байна.

NBC-ийн албан ёсны мэдээллээр, Крюс зүүн гараараа зурдаг бөгөөд хөрөг зургийн ур чадвар нь түүний олон жилийн турш хөгжүүлж ирсэн уран бүтээлийн нэг хэсэг аж.

Терри Крюсийн уран зурагтай холбоотой түүх жүжигчний карьерээс нь ч өмнө эхэлжээ. Тэр коллежид суралцах үедээ спортын тэтгэлэг авахаасаа өмнө урлагийн тэтгэлэг хүртэж, хожим Мичиган мужийн Флинт хотод шүүхийн танхимын зураачаар ажиллаж байсан байна.

Мөн Америкийн хөлбөмбөгийн тамирчин байх хугацаандаа багийнхаа тоглогчдын хөргийг зурж, нэмэлт орлого олдог, зарим үед энэ нь гэр бүлийнх нь гол орлогын эх үүсвэр болж байжээ.

Terry Crews Goes Viral for Drawing Skills as He Sketches AGT Costar Heidi Klum

Крюс ийнхүү спорт, жүжиглэлт, телевизийн хөтлөлтөөр амжилт гаргахын зэрэгцээ уран зургийн авьяасаа ч орхилгүй хөгжүүлсээр ирсэн байна. Түүний энэ удаагийн бүтээл олны анхаарлыг татсан нь Хайди Клум “America’s Got Talent”-ын тайзнаа эргэн ирсэнтэй давхацжээ.

Клум есдүгээр сарын 8-ны шууд нэвтрүүлэгт Саймон Коуэллийг орлон зочин шүүгчээр оролцсон аж. Коуэлл нурууны мэс заслын дараах эдгэрэлтийн улмаас шоунаас түр хугацаанд завсарласан байна. Клум өмнө нь тус шоуны үндсэн шүүгчээр ажиллаж байсан. Энэ удаагийн оролцоо нь түүний “America’s Got Talent”-д эргэн ирсэн онцгой мөч болсон аж.

Крюсийн хөрөг зургийн бичлэгийн хамгийн сонирхолтой нь, түүний олон нийтэд танил болсон дүр төрхөөс тэс өөр авьяасыг дахин харуулсан явдал байлаа. “America’s Got Talent”-ын эрч хүчтэй хөтлөгч, жүжигчин гэдгээрээ танил болсон тэрбээр үнэндээ уран зурагт олон жилийн турш дурлаж, мэргэжлийн түвшинд зураг зурж ирсэн нэгэн аж.

Тиймээс Хайди Клумын хөрөг цахим орчинд тархсан нь түүний шинээр илэрсэн авьяас бус, харин олон жилийн турш өөртөө хадгалж, хөгжүүлсэн уран бүтээлийн чадвараа дахин олон нийтэд харуулсан үйл явдал болжээ.

Эх сурвалж: PEOPLE