Селин Дион эргэн ирлээ. “My Heart Will Go On” дуугаараа дэлхийд танигдсан Канадын нэрт дуучин Селин Дион олон жилийн турш эрүүл мэндийн асуудалтай тэмцсэнийхээ дараа зургаан жилийн хугацаанд анх удаа бие даасан тоглолтынхоо тайзнаа гарч, үзэгчидтэйгээ дахин уулзахдаа сэтгэл нь хөдөлжээ.

Өдгөө 58 настай дуучин есдүгээр сарын 12-ны бямба гарагт Парис хотын La Défense Arena-д хязгаарлагдмал хугацаанд хийх тоглолтын цувралаа эхлүүлсэн бөгөөд есдүгээр сарын 12-ноос аравдугаар сарын 14-ний хооронд нийт 10 удаа тайзнаа гарахаар төлөвлөсөн байна.

Ховор тохиолддог мэдрэлийн эмгэг болох Stiff Person Syndrome буюу хөшүүн хүний хам шинжтэй олон жилийн турш тэмцэж ирсэн Дион ийнхүү тайзнаа эргэн ирсэн нь түүний уран бүтээлийн замналд төдийгүй шүтэн бишрэгчдийнх нь хувьд онцгой үйл явдал болж байна.

Дион өнгөрсөн гуравдугаар сард энэхүү тоглолтынхоо талаар ярихдаа “Энэ жил би амьдралынхаа хамгийн сайхан төрсөн өдрийн бэлгийг авч байна. Та бүхэнтэй уулзаж, та бүхэнд зориулан тоглолт хийх боломж надад олдож байна” хэмээн хэлж байжээ.

Түүний эрүүл мэндийн төлөө хийсэн тэмцэл, биеийн хүч чадал болон хөдөлгөөний чадвараа эргэн сэргээхийн тулд гаргасан асар их хүчин чармайлтыг хүмүүс тэр бүр бүрэн ойлгодоггүй гэж ойрын эх сурвалжууд нь онцолсон байна. Тэдний мэдээлснээр, Селин Дион эрүүл мэндээ сайжруулахын төлөө тууштай, тасралтгүй ажиллаж иржээ.

Канадын супер од өөрийн өвчний талаар өнгөрсөн наймдугаар сард Harper’s Bazaar сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй ярьсан байна. Тэрээр албан ёсоор оношлогдохоосоо өмнө уг эмгэгийн шинж тэмдгүүдийг 17 жилийн турш мэдэрч байсан гэдгээ илчилжээ.

Түүний ярьснаар, биеийн байдал нь муудаж, шинж тэмдгүүдийнхээ улмаас тоглолтоо цуцлах шаардлагатай болсон үедээ өмнө нь синусын халдвар авсан, эсвэл ханиад хүрсэн гэх мэтээр тайлбарладаг байсан аж. Селин Дион энэ эмгэгийнхээ талаар “Энэ бол даамжирдаг эмгэг. Би үүнийг ‘өвчин’ гэж нэрлэх дургүй. Өвчин гэдэг үг хүнийг нэг л тийм болгочихдог” хэмээн хэлжээ.

Селин Дион Парист тоглолтоо эхлүүлэхээс өмнө хамгийн сүүлд бие даасан аялан тоглолтоо Courage World Tour нэртэй аялан тоглолтын хүрээнд хийж байсан бөгөөд уг аялан тоглолт 2020 оны гуравдугаар сард дууссан юм.

Үүнээс өмнө тэрбээр Лас-Вегаст бараг найман жилийн турш үргэлжилсэн тоглолтын хөтөлбөрөө 2019 оны зургадугаар сард дуусгасан аж. Харин Courage World Tour нь Хойд Америкийн гаднах шүтэн бишрэгчдийн хувьд харамсалтайгаар бүрэн үргэлжилж чадалгүй, COVID-19 цар тахлын улмаас хугацаанаасаа өмнө зогссон байна.

Эх сурвалж: PEOPLE