Багшийн дээдийн нүхэн гарцыг санаачлан тохижуулж, хотын иргэдэд илүү таатай орчин бүрдүүлсэн залуус дахин нэгдэж, энэ удаа "Мөнгөн завьяа"-гийн нүхэн гарцыг Монголын байгалийн гайхамшгийг өгүүлэх нээлттэй галерей болгон шинэчлэх санаачилга эхлүүлжээ.

Хуучнаар “Хүнсний 20” гэж нэрлэгддэг "Мөнгөн завьяа"-гийн нүхэн гарц 1988 онд ашиглалтад орсон. Өнгөрсөн хугацаанд ус шүүрэх, гэрэлтүүлэг хангалтгүй байх зэрэг орчны асуудалтай болжээ.

Залуус шинэ санаачилгын хүрээнд тус нүхэн гарцыг зөвхөн явган зорчигч нэвтрэх зориулалттай байгууламж бус, Монгол орны байгаль, түүх, үндэсний онцлогийг хотын төвд таниулах соёлын орон зай болгохоор зорьж байгаа аж.

Тодруулбал, шинэчлэлийн хүрээнд Увс нуур, Хөвсгөл далай, Отгонтэнгэр хайрхан, Их газрын чулуу, Хэцүү хад зэрэг Монголын үзэсгэлэнт байгаль, газар нутгийг дүрслэхийн зэрэгцээ мазаалай, ирвэс зэрэг нэн ховор амьтдын тухай бүтээлүүдийг байрлуулахаар төлөвлөжээ.

May be an image of map and text

Мөн Монгол орны онгон байгаль, түүх, уламжлал, үндэсний онцлогийг орчин үеийн уран бүтээл, гэрэлтүүлэгтэй хослуулж, дотоодын иргэд төдийгүй гадаадын жуулчид Монголын байгаль, соёлын өвийг нэг дороос мэдрэх боломжтой орчин бүрдүүлэхийг зорьж байгаа аж.

Багшийн дээдийн нүхэн гарцын хувьд өмнө нь сайн дурын залуус санаачлан тохижуулж, соёлын орон зай болгон өөрчилсөнөөр иргэдийн талархлыг хүртсэн. Тухайн үед уг нүхэн гарц бохир, таагүй орчинтой байсан ч сайн дурынхны санаачилгаар өнгө үзэмжийг нь сайжруулсан талаар төслийн оролцогчид ярьж байв.

"Мөнгөн завьяа"-гийн нүхэн гарцын хувьд өмнө нь тохижилтын ажил хийгдсэн ч зарим хэсэг нь дахин эвдэрч, будгаар шүршсэн тохиолдол гарч байсан талаар нийслэлийн удирдлагууд мэдээлж байсан билээ.

Нэгэн цагт харанхуй, таагүй орчин байсан нүхэн гарцыг Монголын байгалийн өнгө төрхийг өгүүлэх “нээлттэй галерей” болгох санаачилга ийнхүү эхэлж байна.

May be an image of text