"Big Bang" хамтлагийн гишүүн асан Сынри хүчирхийлэл үйлдсэн гэх гомдлын дагуу цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлжээ.

Сөүлийн Ганнам дүүргийн цагдаагийн газар Сынри Ганнам дүүргийн нэгэн ресторанд наймдугаар сарын 26-нд гомдол гаргагчийг зодож, халдсан гэх мэдээллийг хүлээн авсны дараа мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна.

Гомдол гаргасан 30 гаруй насны “А” гэх эрэгтэй Сынри танилуудынхаа хамт байсан үедээ өөрт нь халдсан гэж мэдүүлжээ. Энэ талаар мэдээлэл гарсны дараа Сынри өөрөө хэвлэлд хандаж, болсон явдлыг тайлбарласан байна.

Сынригийн хэлснээр, тэрбээр танилуудынхаа хамт хооллож байх үед согтууруулах ундаа хэрэглэсэн “А” гэх эрэгтэй гэнэт тэдний ширээнд суухыг хүсэж, бизнесийн санаагаа ярьсан байна. Үүнээс үүдэн маргаан эхэлжээ.

Тэрбээр өөрийгөө буруутгаж буйг эрс няцааж, “Түүнийг манай ширээнд суулгахгүй гэж хэлэх үедээ гартаа архины шил барьж байсан нь үнэн. Гэхдээ би тэр шилээр хэнийг ч цохиогүй, заналхийлэх зорилгоор ашиглаагүй” хэмээн мэдэгджээ.

Мөн Сынри "Маргалдсаны дараа тэд хамтдаа архи ууж, утасны дугаараа солилцон, ах дүү мэт харилцаж байхаар тохиролцсон" гэж тайлбарласан байна. Түүнчлэн “А” түүнийг гэртээ харихаар явах үед нь өөрийн биеэр гаргаж өгсөн гэжээ.

Ийнхүү тухайн үед найрсгаар харилцаж байсан хүн нь гэнэт хууль ёсны гомдол гаргасанд Сынри гайхаж буйгаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, хоёр тал салсны дараа ч мессэжээр найрсаг харилцсаар байсан аж.

Сынри мөн өөрийгөө зөвтгөхөд ашиглах объектив баримтууд цуглуулсанаа мэдэгдсэн байна. Үүнд рестораны хяналтын камерын бичлэг, тухайн үед газар дээр ажиллаж байсан ажилтнууд болон автомашины зогсоолын ажилтны мэдүүлэг, “А”-тай солилцсон мессэжүүд багтаж байгаа аж.

Тэрбээр “Би бодит баримтад тулгуурлан цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаанд үнэнчээр хамтран ажиллана” хэмээн мэдэгдээд, өөрийг нь үндэслэлгүйгээр гүтгэсэн нь тогтоогдвол худал мэдээлэл өгсөн хэргээр эсрэг гомдол гаргах зэрэг хууль эрх зүйн арга хэмжээ авахаа анхааруулжээ.

Цагдаагийн байгууллага цуглуулсан баримтуудад үндэслэн гомдол гаргагч болон Сынри нарыг ойрын хугацаанд дуудан байцааж, тухайн өдөр яг юу болсон талаар нарийвчлан тогтоохоор төлөвлөж буй аж.

Сынри 2019 оны “Burning Sun” дуулианы гол холбогдогчдын нэгээр нэрлэгдэж, улмаар 1 жил 6 сарын хорих ял эдэлсэн.

Тэрбээр дахин хувийн асуудлаар олон нийтэд таагүй байдал үүсгэсэндээ харамсаж буйгаа илэрхийлэн, уучлалт хүссэн ч хорих ялаа эдэлж суллагдсанаас хойш үргэлжилсэн дуулиан, маргаантай холбоотойгоор түүнд хандах олон нийтийн хандлага одоо ч таатай бус хэвээр байгаа аж.

Эх сурвалж: SBS