Монгол Улсын дуурийн нэрт баритон, Ганбаатарын Ариунбаатар энэ намар Италийн Парма, Турин, Кальяри болон Германы Берлин хотын нэр хүндтэй дуурийн театруудын тайзнаа гарч, дэлхийн сонгодог дуурийн алдарт бүтээлүүдийн гол дүрүүдийг бүтээхээр болжээ.

Түүний 2026 оны намрын хөтөлбөрийг тухайн театруудын албан ёсны мэдээлэл болон олон улсын дуурийн мэдээллийн Operabase зэрэг эх сурвалжууд баталгаажуулав.

Парма: Вердийн “Набукко”-гийн гол дүрд

Г.Ариунбаатарын Европ дахь намрын тоглолт Италийн Парма хотын Teatro Regio di Parma-д эхлэх нь ээ. Тэрбээр Жузеппе Вердийн “Nabucco” дуурийн гол дүр Набукког бүтээж, аравдугаар сарын 3, 11, 18, 24-нд тайзнаа тоглох аж. Тус тоглолт 2026 оны Verdi Festival-ийн хөтөлбөрт багтсан бөгөөд удирдаачаар Франческо Ланзиллотта, найруулагчаар Пьер Луижи Пицци ажиллаж буй юм байна.

Олон улсын дуурийн мэдээллийн Operabase мөн Г.Ариунбаатарыг “Nabucco”-гийн Набуккогийн дүрд тоглох бүрэлдэхүүнд албан ёсоор бүртгэсэн байна. Энэ нь Г.Ариунбаатарын хувьд Вердийн бүтээлээр Пармагийн тайзнаа дахин томоохон дүр бүтээж буй чухал тоглолт юм.

Турин: “Cavalleria rusticana”, “Pagliacci”-д

Үүний дараа Г.Ариунбаатар Италийн Турин хотын Teatro Regio di Torino-д болох Verismo Festival-д оролцох ажээ.

Театрын албан ёсны мэдээллээр 2026-2027 оны улирлын нээлтийн хөтөлбөрт Пьетро Масканьигийн “Cavalleria rusticana” болон Руджеро Леонкаваллогийн “Pagliacci” дуурь багтсан бөгөөд Г.Ариунбаатар хоёр бүтээлд өөр өөр дүр бүтээх юм байна.

Тодруулбал, тэрбээр “Cavalleria rusticana” дуурийн Альфио, харин “Pagliacci” дуурийн Тонио-гийн дүрд дуулах нь ээ.

Францын дуурийн хэвлэл Forum Opéra ч есдүгээр сарын 9-нд нийтэлсэн мэдээлэлдээ Турины Verismo Festival-ийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд Ariunbaatar Ganbaatar-ыг нэрлэжээ.

Энэ нь Монголын дуучин Европын дуурийн мэргэжлийн хэвлэлд дахин онцгойлон дурдагдаж буйг харуулав.

Кальяри: “Риголетто”-гийн гол дүр

Арваннэгдүгээр сард Г.Ариунбаатар Италийн Сардини арлын Кальяри хотын Teatro Lirico di Cagliari-ийн тайзнаа гарах аж. Тэрбээр Жузеппе Вердийн “Rigoletto” дуурийн гол дүр Риголеттог бүтээхээр болжээ.

Театрын 2026 оны албан ёсны хөтөлбөр дагуу Г.Ариунбаатар 11, 13, 15, 19-ний тоглолтуудад Риголеттогийн дүрд дуулах юм байна.

Тус бүтээлийг Энрико Ломбарди удирдаж, найруулагчаар Алессандро Талеви ажиллах бөгөөд Г.Ариунбаатарын хамт Пьеро Претти, Жулиана Жианфалдони зэрэг уран бүтээлчид гол дүрүүдэд тоглох аж.

Берлин: Staatsoper Unter den Linden-ийн тайзнаа “Набукко”

Г.Ариунбаатарын 2026 оны Европ дахь намрын хөтөлбөрийн оргил хэсгийн нэг нь Германы Берлин хотын Staatsoper Unter den Linden-ийн тоглолт. Тэрбээр арванхоёрдугаар сарын 20, 22-нд Жузеппе Вердийн “Nabucco” дуурийн гол дүрд тоглохоор театрын албан ёсны хөтөлбөрт бүртгэгджээ.

Энэ тоглолтын бүрэлдэхүүнд Г.Ариунбаатарын хамт дэлхийн алдарт сопрано Анна Нетребко Абигайлийн дүрд тоглохоор төлөвлөгдсөн байна. Тоглолтыг Австралийн нэрт удирдаач Симон Янг удирдаж, Эмма Данте найруулжээ.

Г.Ариунбаатарын нэр мөн Берлиний Улсын дуурийн театрын уран бүтээлчийн албан ёсны танилцуулгад багтсан байна. Тус театр түүний өмнөх олон улсын амжилтууд, тэр дундаа 2015 оны Чайковскийн олон улсын уралдааны Гран-при, тэргүүн байр, алтан медаль, 2017 оны BBC Cardiff Singer of the World тэмцээний дууны шагнал, Монголын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг дурдсан байна.

Эх сурвалж: LA OPERA, TEATRO REGIO DI PARMA, STAATSOPER BERLIN