Ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль ойртох хэрээр Монголын улс төрийн гол өрсөлдөөн парламентын танхимаас намын дотоод руу шилжиж эхэллээ. Сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор тодроогүй байгаа ч улс төрийн намуудын дотор хэнийг Төрийн тэргүүний сонгуульд сойх вэ гэдэг асуудал хэдийнэ хамгийн анхаарал татсан сэдвүүдийн нэг болсон.
Парламентад суудалтай нам олон ч бодит өрсөлдөөн МАН, АН гэсэн хоёр том улс төрийн хүчний хооронд өрнөх магадлал өндөр. Энэ утгаараа хоёр намын дотоод улс төрийн хөдөлгөөн ирэх сонгуулийн өнгийг тодорхойлох хэмжээнд хүрч байгаа нь илт.
Ялангуяа эрх баригч МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төр тун амаргүй нөхцөлд өрнөж байна. Намын доторх зөрчил, фракц хоорондын өрсөлдөөн, Засгийн газрын тогтвортой байдалтай холбоотой улс төрийн үйл явдлууд өнгөрсөн хугацаанд хурцдаж, улмаар парламент дахь МАН-ын гишүүдийн байр суурь ч тодорхой хэмжээгээр хоёр өөр чиглэлд хуваагдсан дүр зураг бий болсон.
Улс төрийн хүрээнд энэ хуваагдлыг “30” болон “38”-ын бүлэглэл хэмээн нэрлэх болсон нь эрх баригч намын дотоод өрсөлдөөн хэр зэрэг хүчтэй буйг харуулах нэг үзүүлэлт болж байна.
Энэ нөхцөлд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудал зөвхөн сонгуулийн нэр дэвшигчийн тухай асуудал биш болж байна. Харин намын дотор аль тал нь илүү нөлөөтэй байх вэ, хэн намынхаа дэмжлэгийг авч чадах вэ, хамгийн гол нь хэн олон нийтийн дунд МАН-ын нэр хүндээс тусдаа өөрийн гэсэн улс төрийн рейтинг бий болгож чадсан бэ гэдэг асуулт давхар тавигдаж эхэлжээ.
Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд асан Г.Занданшатарын нэр МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хүмүүсийн дунд хамгийн их яригдаж байв. Түүний төрийн өндөр албан тушаалд ажилласан туршлага, парламент болон гүйцэтгэх засаглал дахь улс төрийн карьер нь Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвших боломжтой улс төрчдийн нэг болгосон. Гэвч сонгууль ойртох тусам түүний нэр бүдгэрч, харин ч МАН дотор өөр хувилбарууд хүчтэй яригдаж эхэлсэн нь анхаарал татаж буй.
Тухайлбал, УИХ-ын дарга С.Бямбацогтын нэр сүүлийн үед МАН-ын боломжит нэр дэвшигчдийн дунд илүү тод сонсогдох болов. Тэрбээр өдгөө төрийн хамгийн өндөр албан тушаалуудын нэгийг хашиж буй бөгөөд парламентын үйл ажиллагааг удирдаж буй нь улс төрийн хувьд тодорхой давуу байр суурь юм. Гэхдээ түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдсэн гэсэн үг биш. Түүний нэрийг одооийн байдлаар МАН дотор яригдаж буй боломжит хувилбаруудын нэг гэж харах нь илүү бодитой.
Үүнтэй зэрэгцэн Тэргүүн шадар сайд Ж.Энхбаярын нэр ч МАН-ын дотоод улс төрийн хүрээнд анхаарал татав. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа, намын дотор тодорхой дэмжлэгтэй гэдэг нь түүний улс төрийн гол давуу тал боловч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг зөвхөн намын дотоод дэмжлэгээр шийдэх боломжгүй.
Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намын нэр дэвшигчийн хувь хүний рейтинг, олон нийтэд бий болгосон итгэл, улс төрийн өмнөх түүх, тухайн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал маш хүчтэй нөлөөлдөг нь жам.
Мөн Сангийн сайд асан Б.Жавхлангийн нэр ч боломжит нэр дэвшигчээр яригдсан гэх мэдээлэл бий. Тэрбээр хоёр Засгийн газрын үед эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын гол зангилаанд ажилласан улс төрч.
Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үед сангийн бодлогыг хариуцаж байсан улс төрчийн хувьд амжилт, алдаа хоёр нь сонгогчдын үнэлгээтэй шууд холбогдох эрсдэлтэй. Тиймээс Б.Жавхлангийн хувьд төрийн ажлын туршлага нь давуу тал боловч эдийн засгийн нөхцөл байдал өөрөө улс төрийн сул тал болж хувирах магадлалтай.
МАН-ын дотор бас нэг сонирхол татах хувилбар нь эмэгтэй нэр дэвшигч гаргах асуудал юм. Энэ хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн нэр өмнө нь ч Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдон яригдсаар ирсэн.
Гадаад бодлогын салбарт олон жил ажилласан туршлага, олон улсын харилцаанд эзэлж буй байр суурь нь түүний улс төрийн гол давуу тал болж болох. Хэрэв МАН уламжлалт эрэгтэй улс төрчдийн дундаас бус, эмэгтэй нэр дэвшигчээр сонгуульд оролцох хувилбарыг сонговол Б.Батцэцэгийн нэр хамгийн түрүүнд яригдах боломжтой хүмүүсийн нэг хэвээр байна.
МАН-ын "нөгөө тал"-д С.Амарсайханы нэр ч мөн яригдаж буй. Түүнийг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын улс төрийн хүрээлэлтэй холбон тайлбарлах мэдээлэл гарч байгаа боловч үүнийг одоогийн байдлаар намын албан ёсны шийдвэр гэж үзэх үндэслэл байхгүй юм. Гэвч С.Амарсайхан гүйцэтгэх засаглалд ажилласан туршлагатай, улс төрийн тодорхой баазтай учраас МАН-ын дотоод өрсөлдөөнд нэр нь гарч ирж байгаа нь өөрөө анхаарал татаж буй.
Эндээс харахад МАН-ын хувьд Г.Занданшатарын нэрийг тойрсон өмнөх яриа бүрэн замхарсан гэхээс илүүтэйгээр түүний эсрэг болон түүнтэй өрсөлдөх боломжтой улс төрийн бусад хувилбарууд нэмэгдсэн гэж үзэж болохоор.
Эрх баригч нам шатахууны хомсдол, үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэл зэрэг асуудлаар олон нийтийн шүүмжлэлтэй нүүр тулж буй энэ үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах нь МАН-ын хувьд амар сонголт биш.
Намын дотоод зөрчил дээр нэмээд эрх баригч хүчний бодлогын хариуцлага нэр дэвшигчийн мөрөн дээр давхар бууна. Тиймээс МАН зөвхөн нам дотроо хамгийн хүчтэй хүнээ биш, харин намын нэр хүндээс үл хамааран олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх боломжтой хүнийг хайх шаардлагатай болж байна.
АН-ын хувьд нөхцөл байдал өөр боловч асуудлын гол цөм нь мөн л нэр дэвшигчээ зөв сонгох чухал. Ардчилсан нам сүүлийн жилүүдэд дотоод хуваагдал, удирдлагын маргаан, сонгуулийн ялагдал зэрэг олон сорилттой нүүр тулсан. Гэхдээ сүүлийн парламентын сонгуулийн дараа сөрөг хүчний байр сууриа тодорхой хэмжээгээр бэхжүүлсэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг нь нэмэгдүүлж буй.
АН-ын хувьд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нэр өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуультай хамгийн их холбогдож ирсэн. Улс төрийн олон жилийн туршлага, Ерөнхий сайдын алба хашиж байсан түүх нь түүнийг танигдсан нэгэн болгож байгаа ч түүний улс төрийн өнгөрсөн үе, бусад улс төрийн хүчнүүдтэй харилцаж ирсэн харилцаа, Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр байсан гэх улс төрийн үнэлгээ нь нам доторх өрсөлдөөний явцад тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтой.
Үүний зэрэгцээ АН-ын дарга О.Цогтгэрэлийн нэр ч улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. Тэрбээр намынхаа дотоод хуваагдлыг багасгаж, сонгуулийн өмнөх бэлтгэлийг эхлүүлэхийг зорьж байгаа бөгөөд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг АН-ын хувьд чухал улс төрийн сорилт гэж үзэж буй. Гэхдээ О.Цогтгэрэл өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр албан ёсоор шийдсэн гэх мэдээлэл одоогийн байдлаар таамаг төдий.
Л.Гантөмөрийн хувьд харин нөхцөл байдал илүү тодорхой. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах дотоод сунгаанд оролцох сонирхлоо илэрхийлсэн улс төрчдийн нэг. Өнгөрсөн хугацаанд намын удирдлагад ажиллаж, АН-ыг парламентын сөрөг хүчний байр сууринд авчирсан нь түүний дотоод улс төрийн гол давуу тал боловч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай хамтарч ажилласан үе нь түүний улс төрийн рейтингэд сөргөөр нөлөөлсөн гэж үзэх хүмүүс ч бий.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтын нэр ч Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит хувилбаруудын дунд яригдах болсон. Тэрбээр Монголын улс төрд олон жил ажилласан, эдийн засаг, олон улсын харилцааны чиглэлээр туршлагатай боловч улс төрийн өнгөрсөн түүх нь нэгэн зэрэг давуу болон сул тал болж мэдэхээр. Тиймээс С.Баярцогтын хувьд намын дотоод дэмжлэгээс гадна олон нийтийн итгэлийг хэр хэмжээнд сэргээж чадсан нь гол асуудал болно.
АН-ын доторх МоАХ-тай холбоотой улс төрийн хүрээлэл С.Ганбаатарын нэрийг дэвшүүлэх боломжийг судалж байгаа гэх мэдээлэл гарч буй.
Ингээд харахад МАН, АН-ын аль алинд нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх дотоод өрсөлдөөн эхэлсэн ч одоогийн байдлаар аль нэг нам “Энэ хүнийг дэвшүүлнэ” гэсэн эцсийн шийдвэрт хүрээгүй байна. Харин улс төрийн тоглогчид өөрсдийн байр суурийг бэхжүүлэх, олон нийтийн дэмжлэгийг хэмжих, намын дотоод фракцын дэмжлэг авах замаар сонгуулийн өмнөх байрлалаа эзлэхээр ажиллаж байгаа дүр зураг илүү тод харагдаж байна.
Энэ сонгуулийн хамгийн сонирхолтой тал нь МАН, АН хоёрын хувьд зөвхөн намын нэр хүнд бус, нэр дэвшигчийн хувийн рейтинг шийдвэрлэх ач холбогдолтой байж болох юм. Намуудын дотоод судалгаа, хэвлэлээр гарч буй мэдээллүүд хоорондоо зөрүүтэй байгаа нь ч үүнийг харуулна. Нэг судалгаанд Г.Занданшатар тэргүүлж байхад өөр нэг судалгаанд С.Бямбацогтын үзүүлэлт өндөр гарч буй.
Иймд өнөөдрийн байдлаар “МАН Г.Занданшатарыг хаслаа”, “АН Н.Алтанхуягийг жийлээ” гэх зэргээр эцэслэн хэлэхэд эрт. Харин бодит байдал дээр хоёр намын дотор өмнө нь яригдаж байсан нэрсийн байр суурь өөрчлөгдөж, шинэ хувилбарууд нэмэгдэн, нэр дэвшигчийн төлөөх дотоод өрсөлдөөн улам ширүүсэж буй аж.
Эцсийн сонголт хийх мөчид намын дотоод фракцын тохирооноос гадна тухайн нэр дэвшигчийн олон нийтэд танигдсан байдал, улс төрийн түүх, эдийн засаг болон нийгмийн асуудлаар өгсөн байр суурь, сөрөг хүчний дайралтыг даах чадвар, хамгийн гол нь сонгогчдод итгэл төрүүлэх эсэх нь жин дарах нь.
Учир юун гэвээс Ерөнхийлөгчийн сонгууль бол зөвхөн намын дэмжлэгээр шийдэгддэг сонгууль биш. Нам өөрийн дотоод сунгаанд ялсан нэр дэвшигчээ гаргаж ирж болох ч нийт сонгогчийн дэмжлэгийг авч чадах эсэх нь огт өөр асуудал юм.
2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төрийн хамгийн том тулаан одоогийн байдлаар Төрийн ордны гадна, МАН, АН-ын дотор өрнөж байна. МАН олон нэр дэвшигчийн дундаас хэнийг сонгох вэ гэдгээ шийдэхийн зэрэгцээ намын дотоод хуваагдлаа хэрхэн даван туулах вэ гэдэг сорилттой тулгарч байна.
АН-ын хувьд ч мөн адил олон жил үргэлжилсэн дотоод зөрчлөө давж, сонгогчдод хүлээн зөвшөөрөгдөх нэг нэр дээр нэгдэж чадах эсэх нь сонгуулийн хувь заяанд шууд нөлөөлнө.
Хоёр намын дотоод тулаанаас хэн гарч ирэх, хэн замын дунд үлдэх, хамгийн гол нь намынхаа дотоод дэмжлэгийг авч чадсан хүн нийт сонгогчийн итгэлийг авч чадах эсэх нь ирэх саруудын Монголын улс төрийн хамгийн том асуулт хэвээр үлдэж байна.