Сүүлийн үеийн тренд болсон сквиши буюу базаж тоглодог зөөлөн тоглоом худалдан авахаар төлөвлөж буй эцэг эхчүүд сонголтоо хийхээсээ өмнө сайтар анхаарах шаардлагатай болжээ.
АНУ-ын Хэрэглэгчийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын хороо (CPSC) наймдугаар сарын 5-нд шинэ сэрэмжлүүлэг гаргаж, хүүхдэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй хуурамч, стандартын шаардлага хангаагүй сквиши тоглоомуудаас болгоомжлохыг гэр бүлүүдэд анхааруулсан байна.
Мөн хүүхэд, өсвөр насныхан сквиши тоглоомыг богино долгионы зууханд халааж буй цахим орчны трендтэй холбоотой өмнөх анхааруулгаа дахин сануулжээ.
CPSC-ийн мэдээлснээр, хуурамч сквиши тоглоомууд хүүхдийг хамгаалах зорилготой холбооны аюулгүй байдлын стандартыг хангаагүй байх эрсдэлтэй аж. Зарим тоглоомын найрлагад аюултай химийн бодис, жижиг эд анги, усанд тэлдэг бөмбөлөг (water beads) агуулагдаж болохоос гадна шаардлагатай туршилтад хамрагдаагүй, анхааруулах шошго болон үйлдвэрлэгчийн мэдээлэлгүй байх тохиолдол бий юм байна.
Түүнчлэн сквиши тоглоомыг богино долгионы зууханд, халуун автомашинд, эсвэл нарны шууд тусгалд байлгаж халаах нь маш аюултай аж. Хэт халсан тоглоом хагарч, доторх наалдамхай бодис нь арьсанд наалдан дулаанаа үргэлжлүүлэн дамжуулж, хүнд хэлбэрийн түлэгдэлт үүсгэх эрсдэлтэй юм байна.
Зарим хуурамч тоглоом тоглох явцад урагдаж, доторх бодис нь ил гарч болзошгүй. Хэрэв тоглоомын дотор усанд тэлдэг бөмбөлөг байвал залгисны дараа хэмжээ нь томорч, гэдэс дотор бөглөрөл үүсгэх, амьсгал боогдуулах зэрэг ноцтой эрсдэлтэй аж. Мөн найрлага нь тодорхойгүй дүүргэгч материал нь амьсгалаар дамжин биед орох, залгих болон химийн бодист өртөх эрсдэл бий болгож болзошгүй юм байна.
Холбооны албаныхны мэдээлснээр, АНУ-ын боомтуудаар нэвтрэх гэж байсан стандартын шаардлага хангаагүй сквиши тоглоомын 55 удаагийн ачааг илрүүлж, АНУ-ын Гааль, Хил хамгаалалтын байгууллагатай хамтран 355 мянга гаруй аюултай тоглоомыг дэлгүүрийн лангуунд хүрэхээс өмнө зогсоожээ. Цаашид ч импортын шалгалт болон хууль хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ийм бүтээгдэхүүнийг хянахаа CPSC мэдэгдсэн байна.
Эцэг эхчүүд юуг анхаарах вэ?
CPSC сквиши тоглоомыг зөвхөн найдвартай худалдааны байгууллага болон баталгаатай борлуулагчаас авахыг зөвлөжээ. Мөн дараах шинж тэмдэгтэй тоглоомоос татгалзах хэрэгтэйг сануулсан байна. Үүнд:
- Үйлдвэрлэгчийн мэдээлэл байхгүй
- Сав баглаа боодол нь чанар муутай
- Химийн бодисын хурц үнэртэй
- Тослог, хэт наалдамхай
- Шингэн гоожсон
- Амархан урагдаж, задрах шинжтэй
Хамгийн гол нь цахим сүлжээнд тархаж буй бичлэгүүдийг дагаж сквиши тоглоомыг богино долгионы зууханд хийх, зориудаар халаахыг хатуу хоригложээ. Тоглоом гэмтсэн, шингэн гоожсон, эсвэл материал нь муудаж эхэлсэн бол нэн даруй хаяж, хүүхдээс хол байлгах шаардлагатай аж.
Хэрэв халсан сквиши тоглоомоос болж түлэгдсэн тохиолдолд түлэгдсэн хэсгийг дор хаяж 20 минутын турш сэрүүн урсгал усаар хөргөхийг CPSC зөвлөжээ.
Дараа нь үлдсэн материалыг зөөлөн савангаар болгоомжтой угааж, наалддаггүй ариун боолтоор боох хэрэгтэй. Харин түлэгдэлт хүнд, бага насны хүүхэд өртөж, халдварын шинж илэрвэл эмнэлгийн тусламж авах шаардлагатайг анхааруулсан байна.
Эх сурвалж: CPSC, PARADE