Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Энэ нь Вьетнамын хууль тогтоох дээд байгууллагын тэргүүний Монголд хийж буй 23 жилийн дараах анхны айлчлал төдийгүй УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойшхи анхны гадаадын өндөр дээд түвшний зочны айлчлал болж байна.

Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэргий Нгуен Ти Тань Нга болон өндөр дээд түвшний төлөөлөгчдийн хамт Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Монгол Улсад гурван өдрийн албан ёсны айлчлал хийхээр есдүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирэв.

Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Монгол Улсаас Вьетнамд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Хулан, УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яамны төлөөлөгчид хүндэтгэн угтсан байна.

Мөн Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Нгуен Туан Тань болон тус улсын Элчин сайдын яамны ажилтнууд хүрэлцэн ирж, төлөөлөгчдийг угтан авчээ.

May be an image of aircraft

Монгол, Вьетнамын харилцаа хагас зуун гаруй жилийн түүхтэй. Хоёр улс 1954 оны арваннэгдүгээр сарын 17-нд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засаг, худалдаа, боловсрол, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал зэрэг олон салбарт харилцан дэмжиж, хамтран ажиллаж ирсэн.

Энэ харилцаа сүүлийн жилүүдэд шинэ шатанд гарсан. 2024 оны есдүгээр сард Вьетнамын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр орны харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэн ахиулсан. Ийнхүү олон жилийн найрсаг харилцаанд шинэ агуулга нэмэгдэж, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломж нээгдсэн билээ.

Өнөөдөр хоёр орны харилцааны нэг чухал тулгуур нь эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа болоод байна. Монгол, Вьетнамын худалдааны эргэлт 2025 онд 155 сая ам.долларт хүрсэн бол 2026 оны эхний зургаан сарын байдлаар 60 сая орчим ам.долларт хүрчээ. Үүний зэрэгцээ соёл, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, орон нутгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа улам өргөжин хөгжиж байна.

Монголын тал Вьетнам Улсыг Зүүн Өмнөд Азийн бүс нутаг дахь чухал түншүүдийн нэг хэмээн үздэг. Харин Вьетнамын хувьд Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутагт найрсаг харилцаатай, уламжлалт түнш орны нэг билээ. Тиймээс хоёр орны харилцааг зөвхөн дипломат түвшинд бус, бизнес, технологи, боловсрол, шинжлэх ухаан зэрэг шинэ салбаруудаар баяжуулах сонирхол хоёр талд бий.

Энэ удаагийн айлчлалын онцлох чиглэлийн нэг нь парламент хоорондын харилцаа юм. Монгол, Вьетнамын хууль тогтоох байгууллагууд олон жилийн турш харилцан айлчлал хийж, туршлага солилцон, олон улсын парламентын байгууллага, форумын хүрээнд бие биеэ дэмжсээр ирсэн.

Цаашид хоёр улсын парламентын байнгын хороод, парламентын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна залуу болон эмэгтэй парламентчдын харилцааг бэхжүүлэхээр талууд зорьж байна. Мөн Олон улсын парламентын холбоо, Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форум, Ази-Европын парламентын түншлэлийн уулзалт зэрэг олон талт механизмын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.

Чан Тань Манын энэ удаагийн айлчлалын түүхэн ач холбогдлыг 23 жилийн хугацаа улам тодотгож байна. Вьетнамын хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн Монгол Улсад хамгийн сүүлд 2003 онд айлчилж байсан бол түүнээс хойш анх удаа Үндэсний Ассамблейн даргын түвшний айлчлал болж байна.

May be an image of text

Түүнчлэн Чан Тань Манын Монголд хийж буй энэ удаагийн айлчлал нь УИХ-ын дарга С.Бямбацогтод албан тушаалд сонгогдсоноос нь хойш хүлээн авч буй анхны гадаадын өндөр дээд түвшний зочны айлчлал гэдгээрээ парламентын дипломат харилцааны хувьд мөн онцгой ач холбогдолтой.

Гурван өдрийн айлчлалын хүрээнд талууд хоёр орны парламент хоорондын харилцааг шинэ шатанд гаргахын зэрэгцээ батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн шинжлэх ухаан, технологи болон хамтын ажиллагааны шинээр хөгжиж буй салбаруудыг харилцааны шинэ хөдөлгөгч хүч болгох боломжийг эрэлхийлэхээр байна.

Монгол, Вьетнам хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 гаруй жилийн хугацаанд олон өөрчлөлтийг туулсан ч найрсаг харилцаа, харилцан дэмжлэгээ хадгалсаар ирсэн. Харин өнөөдөр энэ харилцааг шинэ үеийн хэрэгцээ, боломжид нийцүүлэн эдийн засаг, технологи, парламентын хамтын ажиллагаагаар улам баяжуулах цаг иржээ.