Киргизстан улсын нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотноо наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн нүүдэлчдийн VI наадам амжилттай өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд дэлхийн 106 орны 2355 тамирчин, төлөөлөгч оролцож, уламжлалт болон үндэсний спортын 43 төрөлд ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.

Монгол Улс тус наадамд спортын 27 төрөлд 135 тамирчин, төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй оролцож, нийт дөрвөн алт, дөрвөн мөнгө, 18 хүрэл, нийт 26 медаль хүртсэн амжилтаар медалийн нэгдсэн дүнгээр 106 орноос дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Монголын баг тамирчид наадмын турш уламжлалт болон оюуны спортын олон төрөлд амжилттай өрсөлдөж, медалийнхаа тоог шат дараатайгаар нэмэгдүүлсэн бөгөөд тэмцээний сүүлийн өдрүүдэд дахин хоёр хүрэл медаль хүртсэнээр нийт медалийн тоо 26-д хүрсэн байна. Тухайлбал,

Ираны үндэсний бөхийн нэг төрөл болох пахлавани бөхийн +90 кг-ын жинд 36 орны бөх хүч сорьсноос Монгол Улсын тамирчин Б.Бат-Орших хүрэл медаль хүртсэн бол оюуны спортын есөн хорголын “Тогыз хумалах” тэмцээний эрэгтэйчүүдийн багийн төрөлд Монголын тамирчид амжилттай оролцож, Х.Ерманат, Ш.Болатбек нар хүрэл медалийн эзэд болжээ.

Ийнхүү Монголын баг тамирчид Дэлхийн нүүдэлчдийн VI наадмыг дөрвөн алт, дөрвөн мөнгө, 18 хүрэл медальтайгаар өндөрлөж, нийт 26 медаль хүртсэнээр медалийн чансаагаар дөрөвдүгээр байрт орсон байна.

Наадмын медалийн нэгдсэн дүнгээр нийт 29 орны баг тамирчид медаль хүртсэн бөгөөд үүнээс 12 орны тамирчид алтан медаль хүртжээ. Медалийн чанар, тоогоор Казахстан, Киргизстан, ОХУ-ын баг тамирчид эхний гурван байрт шалгарсан бол Монгол Улсын араас Узбекистаны баг тавдугаар байрт орсон байна.

Дэлхийн нүүдэлчдийн наадам нь нүүдэлчин ард түмний уламжлалт спорт, соёл, зан заншил, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилготой олон улсын томоохон арга хэмжээ юм.

Энэ удаагийн VI наадамд дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган тамирчин, төлөөлөгч хуран цуглаж, нүүдэлчин соёлын үнэт өв болсон уламжлалт спортын төрлүүдээр хүч, хурд, авхаалж самбаа, оюун ухаанаа сорьсон байна.

Монгол Улсын хувьд үндэсний болон уламжлалт спортын олон төрөлд амжилттай оролцож, 26 медаль хүртэн, дэлхийн 106 орноос дөрөвдүгээр байрт шалгарсан нь нүүдэлчин соёл, уламжлалт спортын чиглэлээр олон улсад өрсөлдөх чадвараа дахин харуулсан өндөр амжилт боллоо.