БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй “Солонгосын соёлын өдрүүд-2026” үйл ажиллагаа өчигдөр Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийсэн.

Нээлтийн үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон хэлэхдээ, Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд улс төр, эдийн засаг төдийгүй соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт харилцан итгэлцэл, нөхөрлөлөө бэхжүүлэн хөгжүүлж ирснийг онцлов.

Тэрбээр өнгөрсөн долдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь 15 жилийн дараах төрийн тэргүүний айлчлал болсныг дурдаад, энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүн харилцааны “алтан үе”-ийг эхлүүлэхээр санал нэгдсэн гэдгийг тэмдэглэсэн юм.

Мөн хоёр орны харилцааны шинэ үеийг иргэд хоорондын нөхөрлөл, харилцан итгэлцэлд тулгуурлан бий болгох бөгөөд иргэд бие биеийнхээ соёлыг илүү сайн ойлгож, харилцан зорчих нь хоёр улсын найрамдалт харилцааг улам бэхжүүлэх чухал ач холбогдолтойг Элчин сайд онцоллоо. Түүний хэлснээр, “Солонгосын соёлын өдрүүд-2026” өдөрлөг нь Монгол, БНСУ-ын харилцааны “алтан үе”-ийг цогцлоох утга төгөлдөр эхлэл болж байна.

Энэ үеэр Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Г.Анар БНСУ нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд хоёр улс худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, урлаг, боловсрол, хүмүүнлэг зэрэг олон салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо.

Тэрбээр соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, соёлын хэлхээ холбоог бэхжүүлэхэд чухал үүрэгтэйг тэмдэглээд, энэхүү өдөрлөг нь хоёр орны иргэд бие биенийхээ соёл, урлаг, уламжлалтай танилцах, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг хэлэв.

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын Ерөнхийлөгч Пак Сон Хёг Монгол, Солонгосын ард түмний харилцаа улам ойртож, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцолсон байна.

Тэрбээр 2019 онд БНСУ-ыг зорьсон монгол жуулчдын тоо 114 мянга байсан бол 2025 онд 167 мянгад хүрч, 46.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг дурджээ. Түүнчлэн эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэлээр БНСУ-ыг зорьсон монгол иргэдийн тоо 18 мянгаас 35 мянгад хүрч, бараг хоёр дахин нэмэгдсэн бол Монгол Улсад ирсэн БНСУ-ын жуулчдын тоо мөн 100 мянгаас 186 мянгад хүрч өссөн байна.

“Солонгосын соёлын өдрүүд-2026” өдөрлөг Күккивоны таеквондогийн үзүүлэх тоглолтоор эхэлсэн бөгөөд хоёр орны уран бүтээлчдийн тайзны тоглолт, боловсролын байгууллагуудын танилцуулга, аялал жуулчлалын компаниудын сурталчилгаа, гоо сайхны бараа бүтээгдэхүүний худалдаа, солонгос хоолны үйлчилгээ зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.

Монгол, БНСУ-ын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү арга хэмжээ нь 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр орны иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, соёлын солилцоог хөгжүүлэхэд чиглэдэг.

“Солонгосын соёлын өдрүүд-2026” өдөрлөг өнөөдөр (2026.09.06) Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.