1995 онд Jennifer Aniston Friends цувралд шинэ үсний засалттайгаар гарч ирэхэд тэр даруйдаа “The Rachel” буюу “Рэйчел” хэмээн нэрлэгдэх болсон билээ. Түүнээс хойш 30 жил өнгөрсөн ч энэ үсний засалт түүхэн дэх хамгийн алдартай хэв маягуудын нэг хэвээр байгаа юм.

Тухайн үеийн энэхүү алдарт засалтыг бүтээсэн үсчин Крис МакМиллан өнөөдөр ч алдартнуудын дунд эрэлттэй хэвээр. Түүний бүтээсэн “Рэйчел” засалт тухайн үедээ жинхэнэ утгаараа соёлын хэмжээний шуугиан тарьж байв.

Энэ удаад “Рэйчел”-ийн шинэ хувилбарыг гаргаж ирсэн үсчин Димитрис Жианнетос олны анхаарлын төвд ороод буй юм. Жианнетос саяхан Instagram хуудастаа супер модель Жижи Хадидад хийж өгсөн шинэ үсний засалтынхаа хэд хэдэн зургийг нийтэлжээ.

Хадидын шинэ засалт “Рэйчел”-ийн илүү зөөлөн, орчин үеийн хувилбар бөгөөд Крис МакМилланы анхны засалтыг санагдуулам, нүүрний хэлбэрийг тодотгон хүрээлдэг олон давхар үсний засалт болжээ. Ийм төрлийн засалт нь бараг бүх нүүрний хэлбэрт зохицдогоороо онцлог.

Parade сэтгүүл “Рэйчел” үсний засалт яагаад дахин моодонд орж байгааг тодруулахын тулд алдартнуудын үсчин Жуэл Фарансо Хингоранитай ярилцжээ. Тэрбээр Жижи Хадидын шинэ засалтын онцлог болон энэ нь 1990-ээд оны үсний чиг хандлагыг хэрхэн орчин үеийн болгож буй талаар тайлбарласан байна.

“Рэйчел” гэж юу вэ, яагаад поп соёлын түүхэнд ийм алдартай болсон бэ?

Та Friends цувралын нэг ч ангийг үзэж байгаагүй байсан ч “Рэйчел” үсний засалтын талаар сонсож байсан байх магадлалтай. Харин энэ засалтыг ийм онцгой болгосон зүйл нь юу вэ?

Хингоранигийн тайлбарласнаар, “‘Рэйчел’ гэдэг нь Женнифер Энистон Friends цувралд Рэйчел Гриний дүрийг бүтээхдээ хийлгэж байсан үсний засалт юм. Энэ нь маш их эзлэхүүнтэй, нүүрний хоёр талаар богино давхаргатай, үсний үзүүрүүд нь гадагш бага зэрэг эргүүлэгдсэн байдаг.

Түүний хэлснээр, уг засалт богино хугацаанд иконик болсон гол шалтгаан нь Friends цуврал асар их алдартай байсантай холбоотой аж. Мөн үзэгчид Женнифер Энистоны үсэнд дуртай байжээ.

Тэр “Дэлхийн өнцөг булан бүрийн эмэгтэйчүүд Энистоны зургийг үсчиндээ авчирч, яг ийм засалт хийлгэхийг хүсдэг байсан. Ингээд энэ нь хүмүүс нэрээр нь хүртэл мэддэг цөөн хэдэн үсний засалтын нэг болсон” гэж ярьжээ.

Жижи Хадидын зөөлөн, орчин үеийн хувилбар ба 1990-ээд оны эх загвар

Жианнетос Instagram дахь нийтлэлдээ Хадидын шинэ үсний засалтыг “Си хэлбэрийн (C-cut) засалтын шинэчилсэн хувилбар” хэмээн тодорхойлжээ. Мөн тэрбээр моделиор “Love Layers” буюу зүрх хэлбэрийн давхарга хийсэн байна.

Түүний тайлбарласнаар, үсний уг хэсэгт илүү их өргөлт өгч, эхний давхаргыг эрүүний доогуур эхлүүлэн үсний үзүүр хүртэл уусгажээ. Ингэснээр үс бүхэлдээ зүрх хэлбэртэй мэт харагдах эффект бий болдог байна.

Хингоранигийн үзэж байгаагаар, Хадидын шинэ төрхийг 2026 оны орчин үеийн “Рэйчел” гэж нэрлэж болох аж. Тэр “Жижигийн хувилбар илүү урт, зөөлөн бөгөөд давхаргууд нь хоорондоо илүү ууссан. Харин анхны ‘Рэйчел’ засалт богино, илүү тод ялгарсан давхаргатай, үсний үзүүр нь илүү хүчтэй гадагш сөхөгддөг байсан” гэжээ.

Хадидын үсний "давхарга" эрүүний орчим буюу эрүүнээс доогуур хэсгээс эхэлж, үсний бусад хэсэгтэй зөөлөн ууссан байна. Хингорани “Түүний үсний доод хэсгийг илүү их өтгөн үлдээсэн. Тиймээс анхны ‘Рэйчел’ шиг эзлэхүүн, хөдөлгөөнтэй боловч илүү зөөлөн, орчин үеийн харагдаж байна”

“Рэйчел” яагаад 30 жилийн дараа дахин моодонд орж байна вэ?

Загварын чиг хандлага хэсэг хугацаанд мартагдсаны дараа дахин эргэн ирэх нь түгээмэл. Үсний засалтын тренд ч мөн адил үе үе давтагддаг.

Хингорани "Жижи Хадидын шинэ төрх нь хүмүүсийн үсний талаарх хүсэл сонирхол цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгддөгийн тод жишээ юм. Хүмүүс дахин үсэндээ эзлэхүүн, хөдөлгөөн хүсэж байна. Сүүлийн хэдэн жил бид нэг урттай, шулуун унжсан үсийг маш их харсан. Харин одоо эмэгтэйчүүд үсэндээ илүү хэлбэр, хөдөлгөөн өгөхийг хүсэж байна.

Үүнээс гадна 1990-ээд оны загвар, гоо сайхны чиг хандлага сүүлийн үед дахин хүчтэй эргэн ирж байна. Тиймээс “Рэйчел” засалт дахин алдартай болж байгаа нь тухайн үеийг санагалзах хандлагын бас нэг илрэл юм" гэжээ.

Хингорани мөн “Миний бодлоор энэ бол сонгодог засалт. Одоо дахин моодонд орж байгаа мэт харагдаж байгаа ч сайхан давхарласан, хөвсгөр, хөдөлгөөнтэй үс хэзээ ч үнэхээр моодноос гардаггүй” гэж хэлсэн байна. 

Орчин үеийн “Рэйчел” хэнд илүү зохих вэ?

Алдартанд маш сайхан харагдсан үсний засалт хүн бүрт адилхан зохино гэсэн үг биш. Үсний засалт бол хувь хүний онцлогоос ихээхэн хамаардаг бөгөөд хамгийн сайн засалт гэдэг нь тухайн хүний нүүрний хэлбэр, үсний бүтэц, өтгөн шингэн байдалтай хамгийн сайн зохицсон засалт юм.

Гэхдээ Хадидын “Рэйчел” хувилбарын тухайд Хингорани бараг хүн бүрт зохицож болох засалт гэж үзэж байгаа аж. Тэр “Энэ засалт бараг хүн бүрт зохино гэж би боддог. Учир нь, давхаргыг тухайн хүний онцлогт тохируулан өөрчилж болдог.

Шулуун, долгионтой болон буржгар үстэй хүмүүс ч энэ хэв маягийг өөр өөрийнхөөрөө гаргаж чадна. Харин үсчин нь тухайн хүний үсний бүтэц, нүүрний хэлбэр, үсний өтгөн шингэн байдалд тохируулан засалтыг өөрчлөх хэрэгтэй " гэж хэлжээ.

Үсчиндээ “Рэйчел” засалт хийлгэхдээ юу гэж хэлэх вэ?

Хэрэв та Жижи Хадидын орчин үеийн “Рэйчел” засалтыг өөртөө туршиж үзэхийг хүсэж байгаа бол эхлээд үсчиндээ зураг үзүүлэхийг Хингорани зөвлөж байна. Тэр “Орчин үеийн хувилбарын зургийг авч очих хэрэгтэй. Хэрэв та зүгээр л ‘Рэйчел’ гэж хэлбэл үсчин тань 1990-ээд оны богино хувилбарыг төсөөлж магадгүй” гэжээ.

Харин засалтынхаа талаар урт, зөөлөн давхаргатай, нүүрийг хүрээлсэн хэсэгтэй, давхаргыг хацар, эрүүний шугам эсвэл эрүүний орчмоос эхлүүлэх, үсэндээ хөдөлгөөн, эзлэхүүн өгөх, гэхдээ үсний үзүүрийг өтгөн хэвээр харагдуулах гэж тайлбарлахыг зөвлөжээ.

Хэрэв таны үс нарийн, шингэн бол хэт олон давхарга хийлгэхээс болгоомжлох хэрэгтэй аж. Учир нь, хэт олон давхарга нь үсний үзүүрийг бүр ч шингэн харагдуулж болзошгүй. Мөн үсний үзүүрийг хүчтэй гадагш сөхөхийн оронд зөөлөн, дугуйрсан нугалаа гаргах хэрэгтэй юм байна.

“Рэйчел” засалтыг гэртээ хийхэд хэрэг болох 4 бүтээгдэхүүн

Салонаас шинэхэн засалттай гарсны дараа тэр төрхөө хадгалахын тулд зөв бүтээгдэхүүн, хэрэгслүүд ашиглах нь чухал. Хингорани Жижи Хадидын орчин үеийн “Рэйчел” төрхийг гэртээ гаргахад дараах бүтээгдэхүүнүүдийг санал болгожээ.

1. Oribe Maximista Thickening Spray - $42. Энэхүү үсний өтгөрүүлэгч шүршигч нь үсэнд эзлэхүүн өгч, сэнсээр хатааж зассан хэлбэрийг удаан хадгалахад тусалдаг байна. Хингорани "Ялангуяа эзлэхүүнээ удаан барьж чаддаггүй нарийн ширхэгтэй үсэнд тохиромжтой" гэж хэлжээ.

2. Color Wow Raise the Root - $26. Энэ шүршигч нь үсний уг хэсгийг өргөж, хэт хатуу, эсвэл наалдамхай болголгүйгээр эзлэхүүн бий болгодог аж. “‘Рэйчел’ засалт үсний орой хэсэгт эзлэхүүнтэй байх шаардлагатай. Гэхдээ үс нь зөөлөн, байгалийн хөдөлгөөнтэй хэвээр байх ёстой юм байна.

3. Bumble and Bumble Thickening Full Form Soft Mousse - $38. Энэхүү мусс нь үсийг хатуу, ширүүн болголгүйгээр илүү өтгөн, хөвсгөр харагдуулахад туслах аж. Хингорани “Энэ мусс үсийг өтгөн харагдуулахын зэрэгцээ хатуу, хөшүүн болгодоггүй. Зөөлөн бөгөөд хөвсгөр харагдуулахад тусалдаг” гэжээ.

4. Jewell Clip Round Brush - $25. “Рэйчел” засалтын гол онцлог болох эзлэхүүн, үсний уян хөдөлгөөнтэй байдлыг гаргахад дугуй сойз ашиглахыг Хингорани зөвлөжээ. Уг сойз нь керамик их биетэй бөгөөд нейлон болон гахайн үсний хосолсон үстэй.

Хингорани "Энэ хослол нь үсийг жигд болгохын зэрэгцээ шаардлагатай таталт, даралтыг өгдөг. Би үүнийг сойз хэлбэртэй бигуди гэж нэрлэдэг. Учир нь, үсэнд маш сайхан нугалаа, хөвсгөр байдал, хөдөлгөөн бий болгож, халууныг хадгалан хэлбэрийг тогтооход тусалдаг” гэжээ. 

Эх сурвалж: PARADE