Дэлхийн автомашины үйлдвэрлэл цахилгаан хөдөлгүүрт шилжих дараагийн том өөрчлөлтийн өмнө ирээд байна. Энэ өөрчлөлт нь зөвхөн бензин, цахилгаан хоёрын сонголтын тухай бус, машиныг хүн жолоодох шаардлагатай хэвээр байх уу гэсэн асуултад хариу өгөх хэмжээнд хүрчээ. Ийм цаг үед Tesla жолоочгүй, жолооны хүрд болон дөрөөгүй, зөвхөн зорчигч тээвэрлэх зориулалттай “Cybercab” роботаксигаа танилцуулах гэж байна.
АНУ-ын Техас мужийн Остин хотод Tesla-ийн хувьд ээлжит нэгэн шинэ автомашины танилцуулгаас хавьгүй өндөр ач холбогдолтой үйл явдал болж байна. Учир нь, хоёр хүний суудалтай, жолооны хүрдгүй энэхүү автомашин нь Tesla-гийн олон жил ярьж ирсэн бүрэн автомат жолоодлоготой таксины бизнесийг бодитоор өргөжүүлэх гол хэрэгсэл болох учиртай.
Reuters-ийн мэдээлснээр, Tesla одоогоор Model Y загварт суурилсан хязгаарлагдмал роботакси үйлчилгээ ажиллуулж байгаа ч цаашид Cybercab нь энэхүү үйлчилгээний үндсэн автомашин болох аж.
Tesla компани өөрийн хамгийн сүүлийн улирлын тайландаа Cybercab-ыг тусгайлан роботакси үйлчилгээний зориулалтаар бүтээсэн цахилгаан автомашин бөгөөд үйлдвэрлэлээ эхлүүлсэн гэж мэдээлжээ.
Түүнчлэн үйлдвэрлэлийн туршилтын Cybercab-уудыг нийтийн эзэмшлийн замд туршиж эхэлсэн бөгөөд долдугаар сараас Tesla-ийн Техас дахь үйлдвэрийн талбайд ажилтнуудад Cybercab-аар зорчих туршилтын үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна.
Компанийн төлөвлөгөөгөөр Cybercab нь цаашдаа одоо ашиглаж буй Model Y автомашинуудыг роботаксины флотод аажмаар орлох бөгөөд нийт флотын хамгийн олон тоотой загвар болох ёстой аж.
Cybercab нь эхнээсээ жолоочгүй тээврийн үйлчилгээнд зориулж бүтээсэн автомашин юм байна. Жолооны хүрд, дөрөө байхгүй тул зорчигчид машинд суугаад очих газраа сонгохоос өөрөөр жолоодлогын үйл явцад оролцох шаардлагагүй аж.
Өөрөөр хэлбэл, Tesla автомашиныг “хувийн эзэмшлийн машин” гэсэн уламжлалт ойлголтоос салгаж, шаардлагатай үед дуудагдаж ирдэг автомат тээврийн хэрэгсэл болгон ашиглах бизнесийн загвар руу шилжүүлэхийг зорьж буй юм байна.
Энэ технологийн хамгийн сонирхолтой хэсэг нь автомашины загвар гэхээсээ илүү түүнийг хэр өргөн хүрээнд, ямар нөхцөлд бодитоор ажиллуулж чадах вэ гэдэг асуудал аж. Tesla компанийн роботакси үйлчилгээ Остин хотоос эхэлж, 2026 онд Майами, Орландо, Тампа зэрэг хотуудад жолоочийн шууд оролцоогүй аяллыг өргөжүүлсэн талаар компани өөрөө мэдээлсэн байна.
Үүний зэрэгцээ бусад хотуудад үйлчилгээгээ нэвтрүүлэхийн тулд туршилт, зөвшөөрөл болон онцгой байдлын албаныхны сургалт хийж байгаа аж.
Гэвч Tesla-ийн өмнө томоохон сорилтууд бий. Жолоочгүй автомашины технологи хөгжсөн ч түүнийг хотын нийтийн замд өргөн хүрээнд ажиллуулахад технологийн чадвараас гадна аюулгүй байдал, хууль эрх зүйн зохицуулалт, төрийн зөвшөөрөл, даатгал, ослын үед хүлээх хариуцлага зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.
Reuters-ийн мэдээлснээр, АНУ-ын холбооны одоогийн зохицуулалт нь жолооны хүрдгүй автомашиныг арилжааны зориулалтаар өргөн хүрээнд нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалттай хэвээр байгаа бөгөөд Tesla зарим томоохон зах зээлд шаардлагатай зөвшөөрлүүдийг бүрэн аваагүй байна.
Энэ нь Tesla-ийн хувьд онцгой дарамт болж байгаа аж. Учир нь, компанийн зах зээлийн үнэлгээ, ирээдүйн өсөлтийн хүлээлтэд роботаксины бизнес улам бүр чухал байр суурь эзлэх болжээ.
Өөрөөр хэлбэл, Cybercab амжилттай ажиллавал Tesla зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэгч биш, хиймэл оюун ухаан, автомат жолоодлого, роботаксины үйлчилгээний компани гэсэн шинэ дүр төрх бий болгож чадах нь. Харин үйлдвэрлэл удааширч, үйлчилгээ хязгаарлагдмал хэвээр үлдвэл олон жилийн турш ярьсан роботаксины амлалт бодит бизнес болж чадах эсэхэд эргэлзэх хөрөнгө оруулагчид нэмэгдэх эрсдэлтэй аж.
Tesla энэ салбарт ганцаараа өрсөлдөөгүй. Alphabet-ийн Waymo хэдийнэ АНУ-ын олон хотод жолоочгүй такси ажиллуулж, роботаксины бодит үйлчилгээг өргөжүүлж буй бөгөөд Amazon-ийн Zoox ч мөн энэ зах зээлд хүчтэй өрсөлдөгч болж байна.
Reuters-ийн мэдээллээр, есдүгээр сарын эхний байдлаар Техас мужид бүртгэлтэй Tesla-ийн автономит автомашины тоо 420 байсан бөгөөд үүний 45 нь Cybercab байжээ. Харин Waymo-гийн бүртгэлтэй автономит автомашины тоо 988 хүрсэн байна. Энэ тоо Tesla технологийн уралдаанд анхаарал татаж байгаа ч флотын хэмжээгээр өрсөлдөгчдөөсөө одоогоор хоцорч буйг харуулж байгаа аж.
Гэхдээ Tesla-гийн давуу тал өөр. Компани өөрийн автомашинуудыг асар их хэмжээгээр үйлдвэрлэх үйлдвэрлэлийн суурь, дэлхийн хэмжээний хэрэглэгчийн бааз, хиймэл оюун ухаан болон автомат жолоодлогын программ хангамжийг нэг системд нэгтгэх туршлагатай.
Tesla-гийн мэдээлснээр, 2026 оны хоёрдугаар улиралд Хойд Америкт шинээр нийлүүлсэн автомашинуудын 55-аас дээш хувь нь FSD буюу Full Self-Driving программын захиалгатай байсан нь автомат жолоодлогын технологийг хэрэглэгчдийн дунд өргөжүүлэх компанийн стратегийг харуулжээ.
Tesla өөрийн тайландаа "FSD Supervised нь бүрэн автономит жолоодлого биш бөгөөд жолооч анхааралтай байж, шаардлагатай үед оролцох ёстой" гэж тодорхой тэмдэглэсэн байдаг аж. Тиймээс Cybercab-ийн жинхэнэ шалгуур нь автомашин өөрөө хэр гоёмсог харагдах, хэдий хэмжээний хурдтай байх, ямар шинэ технологи суурилуулсанд бус, хүний оролцоогүйгээр өдөр тутмын хотын замын бодит нөхцөлд хэр найдвартай ажиллаж чадах вэ гэдэгт оршиж буй юм байна.
Цас, бороо, замын нүх, явган зорчигч, дугуйтай хүн, гэнэтийн хөдөлгөөн, замын тэмдэг тэмдэглэгээ, түгжрэл зэрэг тоолж баршгүй олон нөхцөлд автомашин зөв шийдвэр гаргах шаардлагатай болно. Иймээс лабораторийн туршилтаас хотын амьд хөдөлгөөн рүү шилжих нь Tesla-гийн өмнө байгаа хамгийн том алхам аж.
Европ ч мөн Tesla-гийн автомат жолоодлогын технологийг анхааралтай ажиглаж байна. Тухайлбал, Франц улс энэ долоо хоногт Tesla-ийн FSD технологийг нийтийн замд турших ажлыг эхлүүлжээ.
Уг туршилт нь технологийг Европт цаашид зөвшөөрөх эсэхтэй холбоотой үнэлгээний нэг хэсэг болж буй юм байна. Гэхдээ Европт туршиж буй FSD Supervised систем нь жолоочийн анхаарал, оролцоог шаарддаг хэвээр байгаа бөгөөд бүрэн жолоочгүй технологитой адил биш гэдгийг Францын тал онцолжээ.
Cybercab-ийн бас нэг чухал асуудал бол үнэ болон эдийн засгийн үр ашиг аж. Хэрэв роботакси хүний жолоодлоготой таксигаас хямд үнээр үйлчилж чадвал хотын тээврийн зах зээлд асар том өөрчлөлт авчирна.
Жолоочийн цалин, ажлын цаг, хүний алдаанаас үүдэх эрсдэл зэрэг зардал буурч, автомашин өдөрт илүү олон цаг ажиллах боломжтой болох нь. Харин үүний тулд автомашины үйлдвэрлэлийн өртөг, засвар үйлчилгээ, цэнэглэлт, даатгал болон программ хангамжийн зардлыг хангалттай хэмжээнд бууруулах шаардлагатай юм байна.
Хэрэв Cybercab төлөвлөсөн хэмжээндээ амжилттай нэвтэрч чадвал таксины салбарын дараагийн хувьсгал эхэлж, “жолоочгүй машин” гэдэг ойлголт туршилтын талбайгаас гарч, өдөр тутмын амьдралын нэг хэсэг болох зам нээгдэх юм.
Харин технологи, зохицуулалт, эсвэл үйлдвэрлэлийн хүчин чадал нь амлалтаасаа хоцорвол Tesla-гийн роботаксины мөрөөдөл дахин хэдэн жил хүлээлгэх магадлалтай. Иймээс Cybercab-ийн хамгийн том асуулт нь “Энэ машин жолоочгүй явж чадах уу?” биш, харин “Дэлхий даяар хэдэн мянга, хэдэн арван мянгаар нь найдвартай ажиллуулж чадах уу?” гэдэгт оршиж буй юм байна.
Эх сурвалж: REUTERS, TESLA INVESTOR RELATIONS