Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Эх хэлний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сангаас ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) С.Мөнхсайханы “Монголын нууц товчоон ба Их Монгол Улсын хэл, соёл” сэдэвт лекцийг салбар номын сандаа зохион байгуулав.

Лекцээр Монголын эзэнт гүрний түүх, монголчуудын хэл, бичиг, соёлын өвийг илтгэн харуулах үнэт бүтээл болох “Монголын нууц товчоон”-ы хэл, соёлын онцлог, түүхэн ач холбогдол болон өнөөгийн судалгааны чиг хандлагын талаар сонирхолтой мэдээлэл, эрдэм шинжилгээний баримт, судалгааны үр дүнг танилцуулсан байна.

Мөн энэ үеэр Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол болон дэлхийн олон хэлээр хэвлэгдсэн “Монголын нууц товчоон”-ы хувилбарууд, түүнчлэн уг бүтээлийн талаарх эрдэм шинжилгээ, судалгааны 200 орчим ном, бүтээлээс бүрдсэн үзэсгэлэнг дэлгэн толилуулжээ. Тус үзэсгэлэн нь есдүгээр сарын 9-ний өдрийг хүртэл уншигч, судлаачдын хүртээл болох юм байна.

“Монголын нууц товчоон ба Их Монгол Улсын хэл, соёл” лекцэд эрдэмтэн, судлаачид, уншигчдын төлөөлөл болон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагчид оролцож, монгол хэл, түүх, соёлын өвийн талаар мэдлэгээ тэлжээ.

Лекцийн төгсгөлд хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) С.Мөнхсайхан Монголын нууц товчоо судлалын олон улсын академиас эрхлэн гаргасан болон өөрийн эрхлэн хэвлүүлсэн ном, бүтээлийн дээжээс Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивласан байна.

Дэлхийн олон хэлээр түгсэн монголчуудын үнэт өв

Монгол туургатны аугаа их түүхэн туурвил болох “Монголын нууц товчоон” нь дэлхийн олон орны эрдэмтэн, судлаачдын анхаарлыг татсан, хүн төрөлхтний түүх, соёлын хосгүй үнэт өвийн нэг юм.

Тус бүтээлийг дэлхийн 30 гаруй улс оронд азербайжан, алтай, англи, болгар, буриад, вьетнам, герман, испани, итали, казах, мажар, марати, монгол, орос, перс, польш, солонгос, тува, турк, уйгур, франц, халимаг, хятад, чех, эсперанто, япон зэрэг 30 шахам хэлээр орчуулан, 150 гаруй удаа хэвлэж, таван тивийн уншигчдад хүргээд байгаа аж.

“Монголын нууц товчоон” нь монголчуудын түүх, хэл, соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулсан үнэт өв төдийгүй Монголын түүхэн ой санамж, үндэсний дархлааг хадгалан үлдээсэн хосгүй бүтээл хэвээр байна.