Монголын нүүдэлчин ахуй, морин соёл, уламжлалт өв соёлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ 2026 оны есдүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотын ойролцоох Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах “Хаадын хаан” морин паркт зохион байгуулагдана.
Тус арга хэмжээ нь Монгол орны байгалийн үзэсгэлэнт орчинд монголчуудын уламжлалт морин соёл, нүүдэлчин ахуй, адуу маллах зан заншил, үндэсний өв уламжлалыг дотоод, гадаадын жуулчдад таниулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлахад чиглэж буй юм.
Мөн оролцогчид Монголын морин соёлтой танилцахын зэрэгцээ байгаль, түүх, уламжлалт ахуйг хослуулсан аяллын онцлогийг мэдрэх боломжтой ажээ.
Арга хэмжээнд оролцох болон үзэж сонирхохоор зорьж буй иргэдэд зориулсан автобусны тасалбарыг Д.Сүхбаатарын талбайд байрлах “Жуулчны мэдээлэл сурталчилгааны төв”-өөс худалдан авах боломжтой. Иймээс арга хэмжээнд оролцох хүсэлтэй иргэд тасалбар болон тээврийн талаарх мэдээллээ урьдчилан авч, аяллаа төлөвлөх боломжтой юм байна.
“Мянган морьтон” арга хэмжээ нь Монголын морин соёл, нүүдэлчин ахуйг орчин үеийн аялал жуулчлалтай хослуулан сурталчлахын зэрэгцээ Монгол орны байгаль, уламжлал, үндэсний онцлогийг дотоодын болон гадаадын аялагчдад таниулах томоохон арга хэмжээ болох юм.
Арга хэмжээний хөтөлбөр, автобусны цагийн хуваарь, тасалбар болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 7010-8687 дугаарын утсаар холбогдон авах боломжтой.

