Майли Сайрусаас Снуп Догг хүртэл - олны танил болсныхоо дараа нэрээ өөрчилсөн алдартнууд

Олон алдартан олны танил болохоосоо өмнө хууль ёсоор нэрээ өөрчилж, тайзны нэр сонгодог. Харин зарим нь хэдийнэ алдар нэртэй болж, өөрийн нэрээр танигдсаныхаа дараа нэрээ өөрчилсөн байдаг.

Тэдний нэрээ өөрчлөх болсон шалтгаан харилцан адилгүй. Зарим нь шинэ нэрээрээ олонд танигдаж чадсан бол заримынх нь хувьд энэ өөрчлөлт түр зуурынх байжээ.

Хамгийн сүүлд Майли Сайрус есдүгээр сарын 1-нд 10 дахь студийн цомог болох “Bass Persuades”-ээ зарлахаас нэг өдрийн өмнө сошиал сүлжээний хаягуудаасаа овгоо хасаж, зөвхөн “Miley” буюу “Майли” хэмээх нэрээ ашиглаж эхэлсэн байна.

Алдар нэрд хүрснийхээ дараа нэрээ өөрчилсөн зургаан од

1. Майли Сайрус. Шинэ нэр: Майли. Майли Сайрус нэг нэрээрээ танигддаг оддын эгнээнд нэгджээ. Тэрбээр шинэ цомгоо зарлахынхаа өмнө сошиал сүлжээний хаягуудаасаа “Cyrus” овгийг хасаж, зөвхөн “Miley” хэмээх нэрээ ашиглаж эхэлжээ.

Есдүгээр сарын 1-нд тэрбээр улаан, хар өнгө давамгайлсан хөрөг зургаа нийтэлж, тайлбар хэсэгт нь ердөө “MILEY” гэж бичсэн байна. Гэхдээ Майли Сайрус олны танил болохоосоо өмнө ч нэрээ өөрчилж байсан түүхтэй аж.

Miley Cyrus attends the 2026 iHeartRadio Music Awards.

Тэрбээр “Hannah Montana” цувралаар дэлхий даяар алдаршихаасаа өмнө Destiny Hope гэсэн нэртэй байжээ. Харин 2008 онд нэрээ хууль ёсоор Miley Ray болгон өөрчилсөн байна.

“Miley” гэдэг нэр нь түүний бага насны “Smiley” буюу “инээмсэглэгч” хэмээх хочоос үүссэн аж.

2. Принс

Шинэ нэр: Хайрын бэлгэдэл, “The Artist Formerly Known as Prince”. 1993 онд 35 насныхаа төрсөн өдрөөр алдарт дуучин Принс нэрээ өөрчлөхөөр шийдсэн нь хөгжмийн ертөнцийг гайхашруулжээ. Тэрбээр өөрийн нэрийг “Love Symbol” буюу “Хайрын бэлгэдэл” хэмээх таних тэмдэг болгон өөрчилсөн байна.

Тухайн үед Принс өөрийн шийдвэрээ тайлбарлахдаа уг тэмдэг нь дуудлагагүй, тодорхой нэршилгүй бөгөөд “шинэ арга замаар сэтгэх” тухай санааг илэрхийлж буй хэмээн тайлбарласан байдаг аж.

gettyimages-91849564.jpg

Гэвч шинэ нэрийг нь дуудах боломжгүй байсан тул хэвлэл мэдээллийнхэн түүнийг “The Artist Formerly Known as Prince” буюу “Өмнө нь Принс хэмээн танигдсан уран бүтээлч” гэж нэрлэх болсон байна.

Энэ нэршил хэсэг хугацаанд түүний албан бус нэр болжээ. Харин 2000 онд Принс нэрэндээ буцаж, дахин Prince хэмээн нэрлэгдэх болсон юм.

3. Жонатан Чебан. 

Шинэ нэр: Foodgod. “Keeping Up with the Kardashians” реалити шоугаар олонд танигдсан Жонатан Чебан 2019 онд нэрээ Foodgod болгон хууль ёсоор өөрчилжээ. Тэрбээр Ким Кардашьяны дотны найз бөгөөд тус реалити шоунд олон удаа оролцож байсан аж.

Чебан рестораны хоол, хүнсний чиглэлээр түлхүү контент бүтээж, Foodgod нэртэй Instagram хаяг ашигладаг болсон бөгөөд энэ брэндтэйгээ нийцүүлэхийн тулд нэрээ албан ёсоор өөрчилсөн байна.

Jonathan Cheban

Түүний нэр өөрчлөгдсөн тухай баримт бичигт шүүхийн шүүгч Питер Холден гарын үсэг зурж, хүсэлтийг нь зөвшөөрчээ.

4. Лиза Бонет

Шинэ нэр: Лилакой Мүүн (Lilakoi Moon). Жүжигчин Лиза Бонет мэргэжлийн уран бүтээлийнхээ хүрээнд өнөөг хүртэл Lisa Bonet нэрээрээ танигддаг. Гэхдээ тэрбээр 1995 онд хөгжимчин Ленни Кравицтай харилцаагаа дуусгасныхаа дараа нэрээ Lilakoi Moon болгон өөрчилсөн байна.

Premiere Of Warner Bros Pictures "Joker" - Arrivals

Ийнхүү тэр хувийн амьдралдаа шинэ нэрийг сонгосон боловч мэргэжлийн салбартаа олон нийтэд танил болсон Лиза Бонет нэрээ хадгалсаар иржээ.

5. Дрейк

Жинхэнэ нэр: Обри Грэм. Өнөөдөр дэлхийн хамгийн алдартай рэпперүүдийн нэг болсон Дрейк анх хөгжимчин биш, харин жүжигчин гэдгээрээ олонд танигдсан аж. Түүний жинхэнэ нэр Обри Грэм (Aubrey Graham).

Тэрбээр “Degrassi: The Next Generation” телевизийн цувралд Обри Грэм нэрээрээ тоглож, жүжигчний карьераа эхлүүлсэн байна. Харин 2010 онд анхны цомгоо гаргахдаа өөрийн дунд нэр болох Drake-ийг уран бүтээлийн нэр болгон ашиглаж эхэлжээ.

drake

Ийнхүү нэгэн үе телевизийн цувралын залуу жүжигчин Обри Грэм байсан тэрбээр дэлхийн хөгжмийн ертөнцөд Drake хэмээх ганц нэрээр танигдсан од болсон байна.

6. Снуп Догг 

Шинэ нэрүүд: Snoop Lion, Snoopzilla. Снуп Догг нэрээ өөрчилж олныг гайхшруулсан алдартнуудын нэг.. 2012 онд тэрээр гэнэт нэрээ Snoop Lion болгон өөрчилж байгаагаа зарласан байна. Гэвч шинэ нэрээ удаан хэрэглэж чадаагүй байна.

Snoop Dogg

Дараа жил нь продюсер, хөгжимчин Dam-Funk-тай хамтарсан цомгийнхоо өмнө тэрбээр хэсэг хугацаанд Snoopzilla хэмээх нэр ашиглажээ. Харин өнөөдөр дэлхий даяар түүнийг дахин Snoop Dogg нэрээр нь мэддэг болсон.

Нэр гэдэг өөрөө брэнд

Алдартнуудын хувьд нэр гэдэг зүгээр нэг хүнийг дуудах үг биш. Тэдний нэр карьер, дүр төрх, уран бүтээл, бизнесийн брэндтэй нь салшгүй холбоотой байдаг.

Зарим нь өөрийн жинхэнэ нэрээрээ алдаршдаг бол зарим нь өөр нэр сонгож, тэр нэрээрээ дэлхий дахинд танигддаг. Харин бүр зарим нь алдрын оргилд хүрснийхээ дараа дахин өөрийн жинхэнэ нэрээрээ нэрлэгдэхийг хүсдэг байна.

Майли, Принс, Foodgod, Lilakoi Moon, Drake, Snoop Lion, Snoopzilla...

Тэдний зарим нэр нь түр зуурын өөрчлөлт байсан бол зарим нь тухайн хүний амьдралын шинэ үеийг илэрхийлжээ. Гэвч алдар нэр хүнийг өөрчилдөг ч заримдаа хүн өөрийнхөө нэрийг өөрчилж, дахин бүтээхийг хүсдэг ажээ.

Эх сурвалж: PEOPLE