Калифорни мужийн Ирвайн хотын Great Park-т бямба гарагт зохион байгуулагдсан Daisy Chain Fields хөгжмийн фестивальд 45 мянга орчим хүн хуран цугларчээ.
Фестивалийг санаачлагч, гол уран бүтээлч Olivia Rodrigo өөрийн тоглолтын үеэр хөгжмийн ертөнцийн домог болсон уран бүтээлчид болох Stevie Nicks, Alanis Morissette болон Sarah McLachlan нарыг тайзнаа урин хамтран дуулсан байна.
Энэ үдэш зөвхөн хөгжмийн тоглолт байсангүй. Фестивалийн гол санаа нь эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалах, тэдэнд үйлчилдэг байгууллагуудыг дэмжих байжээ.
“Lilith Fair байгаагүй бол Daisy Chain Fields байхгүй”
Тус фестивалийн үеэр Оливия Родриго 1990-ээд оны сүүлчээр эмэгтэй уран бүтээлчдийг нэг тайзан дээр хүчтэйгээр нэгтгэсэн Lilith Fair фестивалийн түүхэн ач холбогдлын талаар онцолжээ.
Lilith Fair-ийг санаачилсан Сара Маклахлан ч энэ удаагийн фестивалийн тусгай зочноор оролцсон байна.
Родриго үзэгчдэд хандан “Lilith Fair байгаагүй бол Daisy Chain Fields гэж байхгүй байх байсан” хэмээн хэлсэн байна.
Ингэснээр 1990-ээд оны эмэгтэй уран бүтээлчдийн хөгжмийн хөдөлгөөн өнөө үеийн шинэ үеийн феминист хөгжмийн соёлтой холбогдож байгаа нь харагджээ.
Хөгжим + эрхийн төлөөх үйл ажиллагаа

Фестивалийн тайзнаа тухайн үеийн хөгжмийн ертөнцийн онцлох нэрсийн нэг болох Chappell Roan, Doechii зэрэг уран бүтээлчид мөн хүрэлцэн иржээ. Гэхдээ фестивалийг зорин ирсэн 45 мянган хүнийг зөвхөн хөгжмийн одод татсангүй.
Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх ил тод байр суурь нь энэ фестивалийн хамгийн том онцлог байсан аж. Фестивалиас олсон бүх орлогыг эмэгтэйчүүд, охидод чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандивлахаар төлөвлөсөн бөгөөд нийтдээ 20 сая ам.доллар босгосон байна.
Хандив хүртсэн байгууллагуудын дунд Planned Parenthood, Black Mamas Matter Alliance, Center for Reproductive Rights зэрэг байгууллагууд багтжээ.
Фестивалийн “дресс код” хүртэл мессэж байв
Энэ фестивальд цэцэг зүгээр нэг чимэглэл байсангүй. Оролцогчид толгойдоо цэцгэн титэм зүүж, хувцас хэрэглэлдээ Daisy буюу дэйзи цэцгийг өргөн ашигласан нь фестивалийн нэр, үзэл санаатайгаа нийцсэн байна.
Эндээс харахад, Daisy Chain Fields нь ердийн хөгжмийн фестивалиас арай өөр дүр зураг бүтээжээ. Тайзан дээр хөгжим эгшиглэж, үзэгчид бүжиглэн, харин тэр бүхний цаана эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёсны тухай тодорхой мессэж явжээ.
Мөн улс орны өнцөг булан бүрээс хүмүүс зөвхөн дуртай уран бүтээлчдээ сонсохын тулд бус, энэ фестивалийн илэрхийлж буй байр суурийг дэмжихийн тулд Ирвайн хотыг зорин ирсэн байна.
2026 оны феминист фестиваль ийм харагдаж байна
Daisy Chain Fields-ийн хамгийн сонирхолтой тал нь феминизмийг зөвхөн тайзан дээрх илтгэл, улс төрийн уриагаар бус хөгжим, загвар, олон нийтийн оролцоо, хандив, урлагийн соёлоор дамжуулан илэрхийлсэнд оршжээ.

Өөрөөр хэлбэл, 2026 оны феминист фестиваль хөгжмийн наадам, нийгмийн хөдөлгөөн, буяны үйлс, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх дуу хоолой болсон байна.
Нийт 45 мянган хүн нэг дор цуглаж, дуртай хөгжмөө сонсонгоо нэгэн үзэл санааг хуваалцаж, 20 сая ам.долларыг эмэгтэйчүүд, охидод чиглэсэн байгууллагуудад зориулсан нь үүнийг зүгээр нэг концерт биш, соёл урлагаар дамжуулан нийгмийн өөрчлөлт бий болгох оролдлого болгожээ.


Эх сурвалж: CNN