"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Хаадын хаан морин парк"-д болохоор товлогджээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд:

  • "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээн
  • ”Адуун төвөргөөн” морьт жагсаал
  • ”Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт
  • Адуучдын ур чадварын тэмцээн
  • Эмнэг сургах тэмцээн
  • Жороо морины үзүүлбэр
  • Дэмбээний тэмцээн
  • Морин хуурын үзэсгэлэн худалдаа
  • Гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажээ.          

Монгол Улс 2013 онд 3000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал зохион байгуулж, Гиннесийн амжилтад бүртгүүлсэн. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг хэлэлцэн баталжээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр дэлхий дээр 60.8 сая адуу бий гэсэн судалгаа байдаг. Үүний 5 сая гаруй нь Монгол Улсад байдаг бөгөөд манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог ажээ.