Кантри хөгжмийн залуу од Элла Лангли “Choosin’ Texas” дуугаараа хөгжмийн ертөнцийн хамгийн том амжилтуудын нэгийг шинэчлэхэд тун ойртжээ.

Түүний хит дуу Billboard Hot 100 жагсаалтыг 19 дэх долоо хоногтоо тэргүүлж, улмаар Мэрайя Кэригийн “All I Want for Christmas Is You” дууны 22 долоо хоногийн №1 амжилтад ердөө гурван долоо хоногийн зайтай ирээд буй аж.

Хэрэв “Choosin’ Texas” энэ эрчээ хадгалж чадвал Мэрайя Кэригийн олон жилийн турш эзэмшиж буй рекордыг эвдэж, Billboard Hot 100-ийн түүхэн дэх хамгийн удаан хугацаанд №1 байр суурийг хадгалсан дуу болох боломжтой юм байна.

Rolling Stone-ийн хөгжмийн сэтгүүлч Марисса Моссын хэлснээр, энэ дуу Кэригийн амжилтыг даваад зогсохгүй “бүх цаг үеийн хамгийн том хит дуу” болж ч магадгүй байна.

Өдгөө 27 настай Лангли хөгжмийн ертөнцөд харьцангуй шинэ нэр. Тэр 2024 онд анхны цомгоо гаргасан ч “Choosin’ Texas” түүнийг богино хугацаанд Америкийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг болгожээ.

Тус дуу нь 2026 оны хоёрдугаар сараас Billboard-ийн тэргүүнд бичигдэж эхэлсэн бөгөөд долдугаар сард 14 долоо хоног №1 байснаараа Уитни Хьюстон, Мэрайя Кэри нарын эмэгтэй уран бүтээлчдийн рекордыг давтсан байна.

Наймдугаар сарын байдлаар уг дуу 19 долоо хоног №1 байр сууриа хадгалж, түүхэн дэх хамгийн удаан тэргүүлсэн дууны жагсаалтад улам дээшилжээ.

Хөгжмийн салбарын мэргэжилтнүүд түүний амжилтыг эмэгтэй кантри уран бүтээлчдийн хувьд томоохон ахиц гэж үзэж байна. Учир нь, кантри радиогоор тоглогддог уран бүтээлчдийн дунд эмэгтэй дуучдын эзлэх хувь 10 хүрэхгүй байдаг.

Мосс "Ланглигийн амжилт Нэшвиллийн хөгжмийн салбарт эмэгтэй уран бүтээлчдэд илүү их боломж нээж магадгүй" гэж онцолжээ.

Эх сурвалж: PARADE