Чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд чихэрлэг болон нүүрс ус ихтэй хүнсний хэрэглээгээ хянах нь чухал байдаг. Харин газрын самрын нухшийг өдөр тутмын хооллолтдоо хэрхэн зөв хэрэглэх талаар эргэлзэх хүн олон.
Чихрийн шижин өвчингүй хүмүүс ч газрын самрын нухаш эрүүл хүнс мөн эсэхийг төдийлөн сайн мэддэггүй. Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, газрын самрын нухшийг зөв хэмжээгээр хэрэглэвэл тэнцвэртэй хооллолтын нэг хэсэг болгож болох аж.
Бүртгэлтэй хоол зүйч Мэгги Михальчик газрын самрын нухаш нь эрүүл хооллолтын нэг хэсэг байж болох ч бүх бүтээгдэхүүний найрлага ижил байдаггүйг анхааруулжээ.
Дэлгүүрүүдэд худалдаалж буй зарим төрлийн газрын самрын нухшинд нэмэлт сахар агуулагддаг тул бүтээгдэхүүн сонгохдоо шошго, найрлагыг сайтар шалгах хэрэгтэй аж. Гэвч газрын самрын нухаш нь чанартай уургийн сайн эх үүсвэр, ургамлын гаралтай уураг, ханаагүй тос, эслэг, магни агуулдаг байна.
Газрын самрын нухаш цусан дахь сахарын хэмжээнд хэрхэн нөлөөлдөг вэ?
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, газрын самрын нухаш дангаараа цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлэх магадлал бага аж. Учир нь, уг хүнс нүүрс ус харьцангуй бага, харин уураг болон өөх тос агуулдаг. Уураг нь нүүрс усны шингээлтийг удаашруулдаг учраас цусан дахь глюкозын хэмжээ богино хугацаанд огцом өсөхөөс сэргийлж, илүү аажмаар нэмэгдэхэд нөлөөлдөг байна.
Мөн газрын самрын нухашид агуулагдах өөх тос болон эслэг нь хоол боловсруулалт, нүүрс усны шимэгдэлтийг удаашруулдаг. Өөх тос нь ходоодноос хоол нарийн гэдэс рүү шилжих явцыг удаашруулдаг бол эслэг нь нүүрс усны шимэгдэлтийг сааруулна. Үүний үр дүнд хоол идсэний дараа цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгдэх бус, харьцангуй тогтвортой, аажмаар өсөх нөхцөл бүрддэг аж.
Газрын самрын нухаш нь нүүрс ус харьцангуй бага хүнс учраас өндөр нүүрс ус агуулсан хүнстэй харьцуулахад цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлэх нь бага юм байна.
Хоол зүйчид "Талх зэрэг нүүрс ус ихтэй хүнсийг дангаар нь идэхийн оронд бага хэмжээний газрын самрын нухаштай хослуулан хэрэглэвэл цусан дахь сахарын хэмжээ хурдан өсөхөөс тодорхой хэмжээгээр сэргийлэх боломжтой" гэж тайлбарлажээ.
Гэхдээ бүх төрлийн газрын самрын нухаш адилхан биш. Зарим бүтээгдэхүүнд сахар, зөгийн бал зэрэг нэмэлт чихэрлэг орц агуулагддаг тул ийм бүтээгдэхүүн хэрэглэвэл цусан дахь сахарын хэмжээ илүү нэмэгдэх боломжтой.
Иймд цусан дахь сахарын хэмжээгээ хянадаг хүмүүс газрын самрын нухаш сонгохдоо найрлагыг анхаарч, үндсэн орц нь газрын самар бөгөөд нэмэлт орц аль болох цөөн бүтээгдэхүүнийг сонгохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Мөн газрын самрын нухшийн хэмжээг анхаарах нь чухал. Уураг, эрүүл өөх тос, эслэг агуулдаг хэдий ч илчлэг ихтэй хүнс учраас хэтрүүлэн хэрэглэх нь зохимжгүй. Нэг удаагийн ердийн хэмжээ нь ойролцоогоор хоёр хоолны халбага бөгөөд энэ нь бараг 200 килокалори илчлэгтэй байдаг аж.
Өөх тосыг нь багасгасан газрын самрын нухшийг илүү эрүүл сонголт гэж үздэг байна. Учир нь, газрын самрын байгалийн гаралтай өөх тос нь цатгалан мэдрэмжийг удаан хадгалахад туслахаас гадна нүүрс усны шингээлтийг удаашруулахад тодорхой үүрэгтэй байдаг ажээ.
Иймээс чихрийн шижинтэй хүмүүс газрын самрын нухшийг хоол хүнснээсээ бүрэн хасах шаардлагагүй. Харин нэмэлт сахар багатай эсвэл сахаргүй бүтээгдэхүүн сонгож, тохирох хэмжээгээр хэрэглэх нь илүү зөв сонголт болох нь.
Мэргэжилтнүүд "Нүүрс ус агуулсан хүнстэй уураг, эслэг, эрүүл өөх тос агуулсан хүнсийг хослуулан хэрэглэх нь цусан дахь сахарын хэмжээг илүү тогтвортой байлгахад тустай" гэж үзэж байна.
Эх сурвалж: PARADE