АНУ-ын поп од Бейонсе Колумбын Чоко мужид болсон 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн тусламжийн ажилд зориулж өөрийн хөрөнгөөс 1 сая ам.доллар хандивлахаар болжээ. Энэ тухай түүний Parkwood Entertainment компани наймдугаар сарын 25-нд албан ёсоор мэдэгдсэн байна.

Тус хандивыг газар хөдлөлтөд хамгийн их өртсөн бүс нутгийн иргэдэд хүнс болон орон байрны хэрэгцээт материалаар яаралтай хангахад зориулах аж. Parkwood Entertainment-ийн мэдээлснээр, хөрөнгийг Колумбын гамшгийн бүсэд газар дээр нь ажиллаж буй Food For The Poor болон World Central Kitchen хүмүүнлэгийн байгууллагуудаар дамжуулах юм байна.

7.4 магнитудын газар хөдлөлт олон хүний аминд хүрчээ

Газар хөдлөлт наймдугаар сарын 10-ны өглөө Колумбын Чоко мужид болсон, голомт нь Сан-Хосе-дель-Пальмар хотын ойролцоо байжээ. Газар хөдлөлтийн улмаас орон сууц, зам, дэд бүтэц их хэмжээгээр эвдэрч, олон мянган хүн орон байрны хүндрэлтэй тулгарсан байна.

Колумбын Гамшгийн эрсдэлийг удирдах үндэсний нэгжийн хамгийн сүүлийн мэдээллээр, 331 хүн амиа алдаж, 4439 хүн шархадан, 240 хүн сураггүй болжээ. Мөн олон мянган орон сууц сүйдэж, гамшигт нэрвэгдсэн бүсүүдэд хүнсний хангамжид хүндрэл үүссэн байна.

Шакира, Karol G нар мөн тусламж үзүүлж байна

Колумбын дуучин Шакира Чоко мужийн сургуулиудыг сэргээн босгоход зориулан 1.25 сая ам.долларын анхны санхүүжилтийн амлалт өгсөн байна. Энэхүү дүнд FIFA Global Citizen Education Fund, Live Nation болон CAF-ийн дэмжлэг багтжээ.

Мөн Колумбын дуучин Karol G-ийн байгуулсан Con Cora сан гамшигт нэрвэгдсэн хүмүүст зориулж 1.2 сая ам.доллар гаргасан байна.

Олон улсын болон Колумбын уран бүтээлчид гамшигт нэрвэгдсэн иргэдэд ийн яаралтай тусламж хүргэх, орон байр болон боловсролын дэд бүтцийг сэргээх хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэгдсээр байгаа аж.

Эх сурвалж: INFOBAE, UOL. PR NEWSWIRE