Том Круз бараг 40 жилийн дараа алдарт “Days of Thunder” киноны үргэлжлэлд Энн Хэтэуэйтэй тоглохоор болжээ. Энэ тухай Variety өнөөдөр мэдээлсэн байна.

Том Круз болон Энн Хэтэуэй нар уг мэдээг олон нийтийн сүлжээгээр дамжуулан зарлаж, NASCAR-ын уралдааны машины дэргэд хамт зогсож буй сурталчилгааны зургаа нийтэлжээ. Машин дээр “Days of Thunder-Summer 2028” буюу “Days of Thunder-2028 оны зун” гэсэн бичиг бий аж.

Зурагт хоёр жүжигчин товчтой цамц, цэнхэр жийнсэн өмд өмссөн байсан бөгөөд Энн Хэтэуэй ковбой малгайгаар гоёжээ.

Days of Thunder 2: Anne Hathaway joins Tom Cruise in the NASCAR sequel out  June 2028 – ASTIG: Philippine News & Reviews

Том Круз дүрээ дахин бүтээнэ

Variety-ийн мэдээлснээр, Том Круз анхны кинонд бүтээсэн Коул Триклийн дүрээ дахин бүтээх аж. Харин Энн Хэтэуэй уралдааны багийн эзэн бөгөөд инженерийн дүрд тоглох юм байна.

Киноны найруулагчаар Жонатан Ливайн ажиллаж, Том Круз уг киног Жерри Брукхаймер болон Томми Харпер нарын хамт продюсерлож бүтээх аж.

“Хүүхдээ төрүүлчихээд киногоо хийе”

Хэтэуэй Instagram-д нийтэлсэн богино бичлэгтээ Том Крузд хандан “Киногоо хийцгээе” хэмээн хэлжээ. Круз түүнд “Сайхан санаа байна. Чи хүүхдээ төрүүлчих, дараа нь бид киногоо хийнэ. 2028 оны зун гарна. Хоцорч болохгүй шүү” хэмээн хариулсан байна.

Хэтэуэй одоогийн байдлаар бие давхар байгаа бөгөөд уг яриа нь тэдний шинэ киноны ажил хэзээ эхлэхийг хөгжилтэй байдлаар илэрхийлжээ.

“Days of Thunder 2” хэзээ гарах вэ?

Paramount Pictures-ийн мэдээлснээр кино 2028 оны зургадугаар сарын 2-нд кино театруудаар, IMAX, Dolby Cinema, 4DX зэрэг форматаар нээлтээ хийхээр төлөвлөгджээ. Киноны үйл явдлын талаар одоогийн байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа аж.

Энн Хэтэуэйн хувьд 2026 он уран бүтээлээр арвин жил болж, дөрвөн кино нь кинотеатруудаар гарч буй юм байна. Тэдгээрийн дунд “The Devil Wears Prada 2” болон “The Odyssey” багтжээ.

Мөн 2026 оны эцэс гэхэд тэрбээр Коллин Хүүверийн бестселлер романаас сэдэвлэсэн “Verity” кинонд Верити Кроуфордын дүрд тоглож буй юм байна. Тус кинонд Хэтэуэйгээс гадна Дакота Жонсон, Жош Хартнетт нар тоглож байгаа бөгөөд аравдугаар сарын 2-нд зөвхөн кинотеатруудаар нээлтээ хийхээр төлөвлөжээ.

“Days of Thunder” гэж ямар кино вэ?

Tom Cruise, Anne Hathaway to star in 'Days of Thunder' sequel

“Days of Thunder” нь 1990 онд гарсан, Том Крузын тоглосон уралдааны машины спортын тухай адал явдалт драм юм. Круз уг кинонд NASCAR-ийн залуу, авьяаслаг жолооч Коул Триклийн дүрийг бүтээжээ.

1990-2028 он хүртэл 38 жилийн дараа Коул Триклийн дүр дахин дэлгэцнээ гарч байгаа нь кино сонирхогчдын хувьд нэлээн хүлээлт  үүсгээд байгаа аж.

Эх сурвалж: PARADE