Дэлхийн алдарт дуучин Тейлор Свифт бусдын амийг аврахын тулд өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулж, улмаар хүнд гэмтсэн гурван хүүхдийн ээжид 50 мянган ам.доллар хандивлажээ.
Коннектикут мужийн 42 настай Эшли Таунтон нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд мэргэшсэн сувилахуйн туслах хийдэг ажээ. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард бага охиноо дагуулан Род-Айленд мужийн I-95 хурдны замаар өмнө зүгт зорчиж байхдаа замын цаад хэсэгт осол гарсныг анзаарсан байна.
Бусад хүмүүсийн нэгэн адил зүгээр өнгөрөөд явж болох байсан ч Эшли тэгж чадаагүй аж. Тэрбээр “Хэн нэгэн асуудалд орсныг хараад туслахыг хүсдэг” хэмээн ярьжээ.
Тэрбээр ослын газраас 30 орчим ярдын зайд машинаа зогсоож, охиндоо машиндаа үлдэн, аав руугаа утасдахыг хэлээд, өөрөө осолдсон машин руу алхсан байна. Тэнд очиход жолооч болон хоёр зорчигч байсан бөгөөд бүгд өсвөр насныхан байжээ. Тэд бага зэрэг гэмтсэн, харьцангуй гайгүй харагдаж, тэдэнтэй ярилцах мөчид бүх зүйл гэнэт өөрчлөгдсөн байна.
:max_bytes(150000):strip_icc():focal(731x336:733x338):format(webp)/Taylor-Swift-Ashley-Taunton-082826-31cb2d97666b422cbeb1ded526b83714.jpg)
Зам борооны улмаас халтиргаа ихтэй байсан тул өөр нэг автомашины жолооч жолоодлогоо алдаж, тэдний зүг хяналтгүйгээр хурдтай ойртож эхэлжээ. Аюул хэдхэн хормын дотор нүүрлэсэн бөгөөд Эшлид юу хийхээ бодох ч зав байгаагүй аж. Тэр өөрт нь хамгийн ойр байсан өсвөр насны хүүг (хожим Винни гэж нэрийг нь мэдсэн) ирж буй машинаас түлхэн гаргаж, өөрөө түүний оронд цохилтыг хүлээн авчээ.
Эшли “Яг л асар том дэлбэрэлт болсон юм шиг санагдсан. Би газарт унаснаа л санаж байна. Шагай маань зүгээр унжчихсан байгааг харсан. Босох гэж оролдсон ч амьсгалж чадахгүй байсан” хэмээн тэр аймшигт мөчийг дурссан байна.
Түүний охин тэр даруй ээж дээрээ гүйж очин, тусламж иртэл гараас нь атган хамт байжээ. Эшли дотуур цус алдаж байгаагаа мэдэрч, амьд үлдэх эсэхдээ эргэлзэн, түргэн тусламжийн машинд хүртэл үхэхийг хүсэхгүй байгаагаа бодон залбирч байсан аж.
Эмнэлэгт хүргэгдэн очиход түүний бие маш хүнд гэмтсэн нь тогтоогджээ. Тэр хоёр талын дотоод гүрээний артерийн задрал, элэг болон дэлүүний урагдал, олон хавирганы хугарал, өрцний урагдал зэрэг амь насанд нь аюултай олон гэмтэл авсан байжээ.
Эмч нар түүний бүрэн эдгэрэлт, тэр дундаа сэргээн засах эмчилгээ нэг жил хүртэл үргэлжилж болзошгүй гэж үзсэн байна. Гэвч Эшлигийн хувьд хамгийн том гайхамшиг нь тэр аймшигт ослоос амьд гарсан явдал байжээ.
Эшли “Энэ бүхний туршид Бурханы оролцоо ямар тодорхой байсныг би гайхан биширч байна. Тэр бүх зөв хүмүүсийг яг зөв газарт нь байлгадаг юм шиг санагддаг” хэмээн хэлжээ.
Харин энэ түүхийн хамгийн гайхалтай хэсэг нь ослын үеэр түүний аварсан хүү Винни огт танихгүй хүн биш нь хожим тодорхой болсон байна. Эшли Виннитэй 2020 онд уулзаж байсан, 14 жилийн турш нөхөрлөсөн найзынх нь хүү байжээ. Гэвч энэ холбоог тэдний хэн нь ч тухайн үед мэдээгүй байна.

Тэдний энэ гайхалтай холбоог Эшлиг эмнэлэгт хэвтэж байх үед түүний найз Жэйми О’Рурк олж мэджээ. Жэйми эмнэлэгт Эшлигийн нөхөр болон охиныг хараад юу болсон талаар асуухад, Эшли I-95 хурдны зам дээр машинд мөргүүлснийг сонсоод тэр дороо бүхнийг ойлгосон байна. Тэрбээр “Өө бурхан минь, Эшли байсан юм уу? Тэр миний хүүгийн амийг аварсан байна!” хэмээн цочирдон хэлжээ.
Жэйми дараа нь Эшлигийн талаар “Тэр өөрийгөө аюулд оруулахаас огтхон ч эмээлгүй, үнэхээр гайхалтай зориг гаргасан” хэмээн ярьсан байна.
Эшлигийн энэ гайхалтай түүх олон нийтэд хүрсний дараа түүнд туслах зорилгоор хандивын аян эхэлжээ. Наймдугаар сарын 28-ны байдлаар GoFundMe хандивын аянд 64 мянга гаруй ам.доллар цуглаж, гэр бүлд нь хоол хүнсээр туслах зорилготой Meal Train аянаар 16 мянга гаруй доллар цугласан байна.
Энэ түүхийг сонссон Тейлор Свифт Эшли болон түүний гэр бүлд зориулсан GoFundMe аянд 50 мянган ам.доллар өөрийн биеэр ирж хандивласан байна.
Тейлор Свифт өмнө нь ч гамшиг, хүнд нөхцөлд орсон хүмүүст их хэмжээний хандив өгч байсан билээ. Гэвч энэ удаагийн тусламжийн цаана нэгэн ээжийн бусдын төлөө хийсэн эгэл мэт боловч үнэндээ асар том зоригт үйлдэл бий.

Эшлид тэр үед өөрийгөө баатар болно, эсвэл хэн нэгэн түүний тухай мэднэ гэсэн бодол огт байгаагүй. Тэр ердөө л тусламж хэрэгтэй хүнийг хараад зүгээр өнгөрч чадаагүй аж.
Энэ явдал Эшлигийн өөрийнх нь амьдралыг ч өөрчилжээ. Тэрбээр "Амьдрал бидний төсөөлдөг шиг урт, хэзээ ч дуусахгүй зүйл биш гэдгийг илүү гүн ойлгосон байна. Найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ уулзах, хамт кофе уух, хамтдаа цаг өнгөрөөх төлөвлөгөөгөө “дараа болъё” гэж хойшлуулах нь амархан ч тэр “дараа” хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй"-г өөрийн биеэр ойлгожээ.
Тэрбээр “Маш завгүй байдаг учраас найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ хийх зүйлсээ хойшлуулах амархан. Гэхдээ би одоо дахиж ингэхийг хүсэхгүй байна. Найзтайгаа зүгээр л кофе уухаар явах байсан ч түүндээ цаг гаргана. Учир нь, бид энэ дэлхийгээс хэзээ, хэрхэн явахаа хэзээ ч мэдэхгүй” хэмээн хэлсэн байна.
:max_bytes(150000):strip_icc():focal(749x0:751x2):format(webp)/Ashley-Taunton-081426-3-188a4a490be34b9698513dabad87bbf0.jpg)
Эшли Таунтоны түүх нэгэн энгийн үнэнийг бидэнд дахин сануулж буй юм. Жинхэнэ сайхан сэтгэл хариу нэхдэггүй, жинхэнэ зориг өөрийгөө бодохоосоо өмнө бусдыг боддог. Тэр бороотой өдөр хурдны зам дээр танихгүй хүмүүсийн төлөө машинаасаа буусан.
Нэгэн залуугийн амийг аврахын тулд өөрийн биеэр цохилтыг хүлээн авсан. Харин хувь тавилангийн гайхамшиг гэмээр зүйл тохиож, түүний аварсан хүү нь олон жилийн өмнөөс таньдаг найзынх нь хүүхэд байжээ.
Эх сурвалж: PEOPLE