НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зочид, төлөөлөгчдөөс бид "HUMAN" буландаа Хинду Умару Ибрахим бүсгүйн түүхийг онцлон хүргэж байна.
Хинду Умару Ибрахим - Чадын тал нутгаас Улаанбаатарын COP17 хүртэл
Тэр НҮБ-ын танхимд дэлхийн улс орнуудын төлөөлөгчдөд үг хэлж, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, уугуул иргэдийн эрхийн талаар дэлхийн томоохон индэр дээрээс ярьдаг. Дэлхийн удирдагчидтай нэг ширээнд суудаг.
Гэвч Хиндү Умару Ибрахимийн түүх дэлхийн тэр том танхимуудаас эхлээгүй. Түүний түүх Чадын өргөн уудам тал нутагт, Мбороро нүүдэлчин хүмүүсийн дунд, мал сүрэг, ус, бэлчээр, улирлын нүүдэлтэй хамт эхэлжээ.
Өнөөдөр түүний нэр Африкийн уугуул иргэдийн эрх, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсад танигдсан нэр. Чадын Мбороро буюу бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, нүүдлийн уламжлалт амьдралын хэв маягаа хадгалж ирсэн ард түмний охин тэрбээр 1999 онд Association for Indigenous Women and Peoples of Chad (AFPAT) байгууллагыг үүсгэн байгуулж, өнөөдөр тэргүүлэн ажиллаж буй юм байна.
Хиндүгийн амьдралыг албан тушаал, шагнал, олон улсын хурлаар хэмжвэл хамгийн чухал хэсгийг нь орхигдуулсан болно. Учир нь, түүний хувьд уур амьсгалын өөрчлөлт хэзээ ч зөвхөн эрдэмтдийн тайлан, олон улсын гэрээ, статистик тоо байгаагүй аж. Тэр тэрхүү өөрчлөлтийг хүүхэд байхаасаа харж өсжээ.
Байгаль бол түүний хувьд амьдрал
Хиндү Мбороро нүүдэлчин малчдын гэр бүлд төрж өссөн. Түүний хүүхэд нас Чадын тал нутаг, мал сүрэг, ус, бэлчээр, улирлын нүүдэлтэй салшгүй холбоотой ажээ. Мбороро хүмүүсийн хувьд газар нутаг гэдэг зүгээр нэг амьдрах орон зай биш. Ус нь амьдрал, бэлчээр нь амьжиргаа, мал сүрэг нь гэр бүлийн ирээдүй, нүүдэл нь үеэс үед уламжилсан соёл.
Хиндү тиймээс хүүхэд байхдаа байгаль орчин гэдэг үгийг өнөөдрийнх шиг олон улсын бодлогын хэлээр мэддэггүй байсан нь мэдээж. Гэхдээ тэр байгальтайгаа хэрхэн харьцаж амьдрахыг тэр мэддэг байжээ.
Тэр өсөж том болохын хэрээр өөрчлөгдөж буй зүйлсийг анзаарч эхэлжээ. Үүнд: ус,.бэлчээр, улирал. Улмаар хамгийн тод харагдсан нь Чад нуурын өөрчлөлт байжээ.
Чад нуур бол бүс нутгийн сая сая хүний амьдрал, мал аж ахуй, газар тариалан, загасчлалын түшиг болсон усны чухал эх үүсвэр. Гэвч сүүлийн хэдэн арван жилд нуурын экосистем, усны хүртээмжид асар их өөрчлөлт гарсан байна. Хиндүгийн хувьд энэ нь статистикийн хүснэгт дээрх тоо биш, хүүхэд насных нь дурсамж байжээ.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлт түүний амьдралд Парисын гэрээ, COP-ын хэлэлцээрээс эхлээгүй. Нуурын ус татарч эхлэхэд эхэлжээ.
Хоёр ертөнцийн дунд өссөн охин
Хиндүгийн амьдралын өөр нэг чухал онцлог нь тэр уламжлалт нүүдэлчин ахуй болон орчин үеийн боловсролын хоёр өөр ертөнцийн уулзвар дээр өсжээ. Ээж нь охидоо сургуульд явуулахдаа хотод боловсрол эзэмшиж байгаа нь өөрсдийн соёл, уламжлал, угсаа гарлаа мартах шалтгаан болох ёсгүйг үргэлж сануулдаг байж.
Хиндү хотод очоод өөрийгөө “нүүдэлчин охин” гэдгээ мэдэрч, харин Мбороро хүмүүсийнхээ дунд буцаж ирэхдээ “хотод сурдаг охин” болсон мэт хоёр өөр ертөнцийн заагийг туулж өсчээ.
Хожим энэ туршлага түүний үзэл санааны суурь болсон байна. Өөр өөр ертөнц хоорондоо заавал зөрчилдөх албагүй. Харин бие биенээ сонсож чадна. Энэ санаа түүний бүх амьдралын туршид дагалджээ.
16 настайдаа асуусан “Яагаад?”
Хиндү 16 настайгаасаа уугуул иргэдийн эрх, эмэгтэйчүүдийн асуудал, байгаль орчны талаар дуугарч эхэлсэн байна. Түүний өмнө тэр үед дэлхийн удирдагчидтай уулзах, НҮБ-ын индэр дээр үг хэлэх, олон улсын шагнал хүртэх ирээдүй байсангүй. Харин өөрийнх нь эргэн тойронд амьдарч буй хүмүүсийн бодит амьдрал байжээ.
Боловсрол эзэмших боломж хязгаарлагдмал охид. Шийдвэр гаргах түвшинд дуу хоолой нь төдийлөн хүрдэггүй эмэгтэйчүүд. Ус, бэлчээрийн төлөө нэмэгдэж буй өрсөлдөөн. Уламжлалт амьдралын хэв маягт ирж буй дарамт... Тэр асуулт тавьж эхэлжээ.
Яагаад өөрийн амьдралын талаар хамгийн их мэддэг хүмүүс өөрсдийнхөө ирээдүйн тухай шийдвэр гаргахад хамгийн бага оролцох ёстой гэж? Энэ асуулт эцэстээ түүний амьдралын замыг тодорхойлжээ.
1999 онд тэр Association for Indigenous Women and Peoples of Chad-AFPAT байгууллагыг байгуулсан байна. Тус байгууллага уугуул эмэгтэйчүүдийн эрх, боловсрол, амьжиргаа, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Ингэж нэг охины дотор төрсөн “яагаад?” гэсэн асуулт олон хүний дуу хоолой болжээ.
Тэр байгаль хамгаалагч төдий биш

Хиндүгийн онцлог эндээс харагдана. Тэр байгаль хамгаалах тухай ярихдаа зөвхөн мод, ус, газар нутгийн тухай ярьдаггүй. Хүний тухай ярьдаг байна. Учир нь,
Газар доройтоход хамгийн түрүүнд хэн хохирдог вэ?Тэнд амьдарч буй хүмүүс.
Ус хомсдоход хэн хамгийн түрүүнд өөрчлөлт мэдэрдэг вэ? Малчин, тариачин, загасчин.
Бэлчээр багасахад хэн амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөөс өөр аргагүй болдог вэ? Нүүдэлчин.
Тиймээс Хиндүгийн хувьд байгаль хамгаалал, хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, энх тайван, уур амьсгалын өөрчлөлт гэдэг тус тусдаа сэдэв биш. Нэг л амьдралын өөр өөр талууд ажээ.
Малчны мэдлэгийг дэлхийн шинжлэх ухаантай уулзуулсан нь
Хиндүгийн үзэл санааны хамгийн хүчтэй хэсэг бол уламжлалт мэдлэгт хандах хандлага. Мбороро хүмүүс олон үеийн турш байгальтайгаа харьцаж ирсэн. Тэд усны эх үүсвэрийг, бэлчээрийн онцлогийг, улирлын өөрчлөлтийг, мал сүргийн нүүдлийн замыг ажиглаж, мэдлэгээ үеэс үед дамжуулж иржээ.
Хиндү энэ мэдлэгийг өнгөрсөн үеийн "үлдэгдэл" гэж харалгүй өнөөдрийн дэлхийд хэрэгтэй мэдлэг гэж үздэг байна. Тэр орчин үеийн шинжлэх ухааныг ч үгүйсгэдэггүй. Түүний хариулт маш энгийн. Яагаад хоёуланг нь ашиглаж болохгүй гэж?

Шинжлэх ухааны тусламжтайгаар байгалийн хувьсан өөрчлөөгдөж буйг хэмжиж чадна. Харин тухайн газар нутаг дээр олон үеэрээ амьдарсан хүн тэр өөрчлөлтийг өдөр тутмын амьдралаас мэдэрч, хаана, хэзээ, хэрхэн өөрчлөгдөж байгааг өөрийн туршлагаар мэддэг. Хиндү энэ хоёр мэдлэгийг уулзуулахыг зорьжээ.
Түүний 2019 онд TEDWomen-д тавьсан “Indigenous knowledge meets science to take on climate change” илтгэл ч энэ үзэл санааг дэлхийд хүргэсэн байна. Түүний хувьд асуудал нь: “Шинжлэх ухаан уу, уламжлалт мэдлэг үү?” гэвэл “Яагаад энэ хоёрыг хамтад нь ашиглаж болохгүй гэж?” гэдэгт оршиж буй аж.
Газрын зураг дээр багтдаггүй мэдлэг
Хиндүгийн ажилд онцгой байр суурь эзэлдэг нэг арга бол нутгийн иргэдийн оролцоотой 3D зураглал. Энд газрын зураг зөвхөн уул, гол, нуур, замыг харуулахгүй. Тухайн газар дээр амьдардаг хүмүүс өөрсдийн мэддэг усны эх үүсвэр, бэлчээр, нүүдлийн зам, байгалийн нөөц, цаг хугацааны явцад гарсан өөрчлөлтүүдээ өөрсдөө тэмдэглэдэг.
Ингэснээр цаасан дээрх газрын зурагт өөр нэг давхарга нэмэгдэж. Тэр нь хүмүүсийн ой санамж. Олон үеэрээ тухайн газар нутагтай харилцаж ирсэн хүмүүсийн мэдлэг. Энэ арга нь байгалийн нөөцийг зохистой ашиглах, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, нөөцийн төлөөх зөрчилдөөнийг бууруулахад тусалдаг байна. Эндээс Хиндүгийн гол философи тодорхой харагдаж буй юм.
Өөрөөр хэлбэл, газрыг зөвхөн дээрээс нь харж болохгүй. Тэр газар дээр амьдарч буй хүмүүсийн нүдээр бас харах хэрэгтэй.
Чадын тал нутгаас Парисын хэлэлцээр хүртэл
Хиндүгийн дуу хоолой аажмаар Чадын хилээс давж, дэлхийн уур амьсгалын бодлогын төвд хүрчээ. Тэр олон улсын уугуул иргэдийн байгууллагуудын үйл ажиллагаанд оролцож, International Indigenous Peoples Forum on Climate Change-ийн хамтран даргалагчдын нэгээр ажилласан.
2015 оны Парисын уур амьсгалын бага хурлын үеэр уугуул иргэдийн дуу хоолойг дэлхийн уур амьсгалын хэлэлцүүлгийн төвд хүргэхийн төлөө ажиллаж, дараа жил нь Парисын хэлэлцээрт гарын үсэг зурах түүхэн үйл явдлын гэрч болжээ.
Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг томоохон зорилтууд ярьж байх тэр үед Хиндүгийн тавьж байсан асуулт энгийн атлаа чухал байж. Энэ өөрчлөлтийг хамгийн түрүүнд мэдэрч буй хүмүүсийн дуу хоолой хаана байна вэ?
Дэлхий түүнийг сонсож эхэлсэн нь
Хиндүгийн олон жилийн хөдөлмөр олон улсын хэмжээнд үнэлэгдэж эхэлжээ. Тэр National Geographic Explorer, НҮБ-ын Sustainable Development Goals Advocate, Conservation International-ийн Lui-Walton Senior Indigenous Fellow зэрэг олон улсын нэр хүндтэй "алба"-ыг хашиж ирсэн бөгөөд уугуул иргэдийн эрх, байгаль орчны асуудлаар дэлхийн олон байгууллагатай хамтран ажилладаг байна.
Түүний хөдөлмөрийг үнэлж, Pritzker Emerging Environmental Genius Award, Rolex Award for Enterprise, Holbrooke Award зэрэг шагналаар шагнаж, BBC-ийн 100 Women жагсаалтад багтаж, TIME сэтгүүл түүнийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж буй нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэгээр онцолж байв.
Гэхдээ Хиндүгийн хувьд эдгээр шагнал амьдралынх нь зорилго биш. Түүний хувьд хамгийн чухал зүйл нь өөрийн ард түмний дуу хоолойг бусдад хүргэх явдал.
Чадын тал нутгаас Монголын тал нутагт
Түүний зам Монголтой огтлолцлоо. Улаанбаатар хотод болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17-гоор дэлхийн газрын доройтол, цөлжилт, ган, газрын тогтвортой менежментийн ирээдүйн талаар хэлэлцэж байна.
“Restoring Land. Restoring Hope.” — “Газрыг сэргээе. Найдвараа сэргээе". Энэ уриан дор дэлхийн улс орнуудын төлөөлөгчид, эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллагууд, залуучууд, уугуул иргэд, малчид нэг дор цугласан. Тэдний дунд Чадын Мбороро нүүдэлчин эмэгтэй Хиндү Умару Ибрахим байграа нь олзуурхууштай.
Наймдугаар сарын 26-нд тэр бэлчээр, нутаг дэвсгэр, ус, гангийн тэсвэржилт, эрүүл газрын төлөөх санхүүжилтийн асуудлаарх иргэний нийгмийн хэлэлцүүлгийг удирдан явуулсан. Энэ бол зүгээр нэг хурлын хөтөлбөрийн нэг хэсэг биш. Чадын тал нутаг Монголын тал нутагтай уулзсан мөч.
Хоёр тал нутаг, нэг асуулт

Монгол, Чад хоёр газарзүйн хувьд хэдэн мянган километрийн зайтай. Хэл нь өөр. Соёл нь өөр. Түүх нь өөр. Гэхдээ малчин хүний асуулт хил хязгаарыг үл мэднэ. Ус хаана байна вэ? Бэлчээр хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Мал сүргээ хааш нь нүүлгэх вэ? Ирэх улирал ямар байх бол? Хүүхдүүд маань энэ амьдралаа үргэлжлүүлж чадах уу?
Монголын малчин эдгээр асуултыг монгол хэлээр асууна. Чадын Мбороро малчин өөрийн хэлээр асууна. Гэвч цаана нь байгаа айдас, найдвар, амьдралаа авч үлдэх хүсэл нь адилхан. Тиймээс Хиндүгийн Монголд ирсэн нь онцгой утгатай. Тэр Монголын нүүдэлчдийг гаднын хүний нүдээр харахгүй. Өөрийн амьдралын туршлагаар харна.
Мал сүрэг. Ус. Бэлчээр. Нүүдэл. Байгальтай зохицон амьдрах ухаан. Түүнийг дагаад ирж буй уур амьсгалын өөрчлөлтийн сорилт. Чадын тал нутаг, Монголын тал нутаг хоорондоо хол боловч нүүдэлчин хүний амьдралын зарим асуулт нэг л өнгөөр сонсогдоно.
Нүүдэлчин бол өнгөрсөн цаг биш
Хиндүгийн амьдрал бидэнд нэг чухал зүйлийг сануулах авай. “Нүүдэлчин” гэдэг өнгөрсөн цагийн үг биш. Нүүдлийн мал аж ахуй өнөөдөр ч олон сая хүний амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, бэлчээрийн экосистем, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай холбоотой амьд тогтолцоо хэвээр байна.
Нүүдэлчин хүмүүсийн олон үеийн турш хуримтлуулсан мэдлэгийг музейн үзмэр шиг хадгалах бус, өнөөдрийн бодит асуудлыг шийдэхэд ашиглаж болно. Хиндү өөрөө үүнийг амьдралынхаа туршид харуулж байна. Тэр уламжлалаа хамгаалах гэж шинжлэх ухааныг үгүйсгээгүй. Шинжлэх ухааныг дэмжих гэж уламжлалаа орхиогүй. Харин энэ хоёрын хооронд гүүр барьж.ээ
Түүний тэмцэл үнэндээ юунд зориулагдсан бэ?

Хиндүгийн амьдралыг харахад НҮБ, COP, Парисын хэлэлцээр, National Geographic, олон улсын шагнал гээд сүртэй нэрс олон бий. Гэхдээ түүний тэмцлийн гол утга тэдгээрийн аль нь ч биш.
Сонсогдох эрх. Уугуул иргэд өөрсдийн нутагт юу болж байгааг хэлэх эрхтэй. Малчид өөрсдийн бэлчээр, ус, амьдралынхаа талаар гаргах шийдвэрт оролцох ёстой. Эмэгтэйчүүд өдөр тутмын хөдөлмөрөө үүрээд зогсохгүй шийдвэр гаргах ширээнд суух ёстой.
Хүүхэд бүр боловсрол эзэмших боломжтой байх ёстой. Байгаль орчны эрхийг хүний эрхээс салгаж ойлгож болохгүй. Энэ бол Хиндүгийн олон жилийн хөдөлмөрийн цөм аж.
Тэр дэлхийг аврахаар эхлээгүй
Хиндү Умару Ибрахимийн амьдралын түүхийг нэг өгүүлбэрээр хэлэх шаардлагатай бол ингэж хэлж болох нь. Тэр дэлхийг аврахаар тэмцлээ эхлүүлээгүй. Тэр эхлээд өөрийн нуур, өөрийн бэлчээр, өөрийн хүмүүсээ хамгаалахыг хүссэн.
Харин зам нь уртсах тусам өөрийнх нь нутагт тулгарсан асуудал зөвхөн Чадын асуудал биш, дэлхийн асуудал болохыг ойлгожээ. Тэгээд өөрийн дуу хоолойг дэлхийн тавцанд хүргэсэн. Гэхдээ тэр хаанаас ирснээ мартаагүй. Тэр Чадын Мбороро хүмүүсийн дундаас ирсэн.

Мал сүргийн дэргэдээс. Усны үнэ цэнийг мэдэрч өссөн тал нутгаас. Олон үе дамжин хадгалагдсан уламжлалт мэдлэгийн дундаас. Өөрийн ард түмний охидын төлөө дуугарч эхэлсэн 16 настай охины зүрх сэтгэлээс.
Өнөөдөр тэр дэлхийн удирдагчидтай нэг ширээнд сууж байна. Гэхдээ түүний хамгийн том амжилт нь дэлхий түүнийг таньсан явдал биш. Өөрийн үндэснээс холдолгүйгээр дэлхийд хүрч чадсан явдал. Учир нь, заримдаа дэлхийг өөрчлөх хамгийн хүчтэй санаа өндөр барилгын дээд давхарт төрдөггүй.
Заримдаа тэр усны эрэг дээр, мал сүргийн дэргэд, тал нутгийн салхинд, үеэс үед уламжилсан хүмүүсийн дунд төрдөг. Заримдаа дэлхийд хамгийн хүчтэй хүрдэг дуу хоолой олон улсын индэр дээр хамгийн чангаар ярьдаг хүнийх биш. Өөрийн нутагт юу болж байгааг хамгийн сайн мэддэг хүнийх байдаг.
Өнөөдөр тэр дуу хоолой Улаанбаатарт сонсогдож байна. Хиндү Умару Ибрахим.
Эх сурвалж: UNCCD, CONCERVATION INTERNATIONAL, WIKIPEDIA, TED, AFTIMAG