Дэлхийн нүүдэлчдийн VI наадам 2026 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдана. Наадмын нээлтийн ёслол энэ сарын 31-нд нийслэл Бишкек хотод болох бол үндсэн спортын тэмцээнүүд Иссык-Куль нуурын бүс нутаг, тэр дундаа Чолпон-Ата болон бусад спортын талбайд үргэлжлэх ажээ.
Дэлхийн нүүдэлчдийн наадам нь зөвхөн спортын тэмцээнээр хязгаарлагдахгүй. Нүүдэлчин ард түмний уламжлалт спорт, соёл, зан заншил, гар урлал, хөгжим, уламжлалт мэдлэгийг хадгалан хамгаалах, хойч үед өвлүүлэх, дэлхий нийтэд таниулах олон улсын томоохон соёл, спортын арга хэмжээ юм. Наадам нь угсаатны спорт, угсаатны соёл, шинжлэх ухаан ба уламжлалт мэдлэг гэсэн үндсэн гурван чиглэлийг хамардаг.
Энэ удаагийн наадамд дэлхийн олон орны тамирчид нүүдэлчин ард түмний уламжлалт спортын төрөлд хүч, хурд, тэсвэр, авхаалж самбаа, ур чадвараа сорих юм. Хөтөлбөрт үндэсний бөхийн төрлүүд, морин уралдаан, уламжлалт сур харваа, морьт харваа, үндэсний хүчний спорт, оюуны уламжлалт тоглоомууд зэрэг олон төрөл багтжээ. Мөн монгол бөх, халхагай зэрэг уламжлалт бөхийн төрлүүд болон олон улсын бусад үндэсний спортууд багтсан байна.
Монголын тамирчид үндэсний спортын өвөө дэлхийд таниулна
Монгол Улс ч энэ удаагийн наадамд үндэсний спортын төрлүүдээр оролцож, монголчуудын олон зуун жилийн нүүдлийн соёл, спортын уламжлал, өвөрмөц ур чадварыг дэлхийн тавцанд сурталчлах юм.
“Хүчээрээ нэгдэж, сэтгэлээрээ нэгдэнэ” уриатай Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд Монгол Улсын заан Д.Анар Монголын үндэсний бөхийн төрлөөр оролцохоор болжээ.
Ялангуяа үндэсний бөх, морин спорт, сур харваа зэрэг нь монголчуудын нүүдлийн ахуй, түүх, соёлтой салшгүй холбоотой учраас Дэлхийн нүүдэлчдийн наадам нь Монголын уламжлалт өвийг олон улсын түвшинд таниулах чухал талбар болж байна.
Спортоор дамжуулан соёл, өв уламжлалаа холбох нь
Дэлхийн нүүдэлчдийн наадмыг анх 2014 онд Кыргызстан санаачлан зохион байгуулсан бөгөөд өнөөдөр нүүдэлчин соёл, уламжлалт спортын олон улсын хэмжээний платформ болон өргөжжээ. 2026 оны VI наадмын үеэр спортын тэмцээнээс гадна уламжлалт хөгжмийн фестиваль, угсаатны соёлын арга хэмжээ, шинжлэх ухаан, уламжлалт мэдлэгийн чиглэлийн хөтөлбөрүүд зохион байгуулагдах аж.
Энэ удаагийн наадам хэн хүчтэй, хэн хурдан бэ гэдгийг тодруулах тэмцээнээс гадна нүүдэлчин ард түмний нийтлэг үнэт зүйл, түүх, соёл, уламжлалыг дэлхийд харуулах томоохон уулзалт болох юм.