Австралийн брейк бүжигчин Рэйчел Ганн буюу Raygun Парисын Олимпын үеэр дэлхий даяар цахим шуугианы бай болсон түүхийг өгүүлэх шинэ баримтат киноны гол дүр болжээ.

Цаг хугацаа бүх шархыг эдгээдэг гэдэг. Австралийн брейк бүжигчин Raygun ч үүнийг мэдэрчээ. Ялангуяа гэнэт дэлхий нийтийн шоололт, шүүмжлэлийн бай болж, танихгүй хүмүүсийн цахим дайралтад өртсөн шархыг эдгээхэд цаг хугацаа хэрэгтэй байсан аж.

Парисын Олимпын наадмын үеэр хийсэн өвөрмөц, уламжлалт брейк бүжгээсээ болж цахим ертөнцөд олны анхаарлыг асар их татсанаас хойш хоёр жилийн дараа Рэйчел Ганн тэрхүү “сюрреал” буюу бодит мэт санагдаагүй туршлагаа хүлээн зөвшөөрч, эвлэрч чадсанаа ярьжээ. Үүнд сэтгэл заслын эмчилгээ ч тодорхой хэмжээгээр тусалсан байна.

Ганн “Парис одоо миний амьдралын түүхийн нэг хэсэг болсон. Миний хувьд одоо болсон бүхнийг бүрэн хүлээн зөвшөөрч, нэг алхмаар урагшлах, цааш явах нь илүү чухал болсон” хэмээн ярьжээ.

Дэлхийн хамгийн алдартай, эсвэл зарим талаараа хамгийн их шүүмжлэл дагуулсан брейк бүжигчин болсон Ганн Netflix-ийн “Untold Raygun: Breaking Badly” баримтат киноны гол дүр болжээ. Тус кино есдүгээр сарын 1-нд Netflix-ээр цацагдах юм байна.

Уг бүтээлээр Ганн хэрхэн брейк бүжигтэй холбогдсон, Парисын Олимпод оролцох хүртэлх хүнд замнал, мөн гэнэт дэлхий даяар алдартай болсон нь түүнд хэрхэн нөлөөлсөн талаар өгүүлэх аж. Тэр баримтат кинонд “Би зүгээр л нэг мем биш” хэмээн хэлжээ.

Баримтат кино нээлтээ хийхийн өмнө Сидней хот дахь гэрээсээ CNN-д ярилцлага өгөхдөө Ганн тухайн үеийн үзүүлбэрээрээ бахархдаг хэвээр буйгаа хэлсэн байна.

Тэр “Тухайн үед бүх зүйл удаан хэмнэлээр өрнөж буй автомашины осол шиг санагдаж байсан. Гэхдээ би тэнд өөрөөрөө байх, бүтээлч байх, бусдаас өөр байхаас айхгүй байхыг хүссэн. Би харамсдаггүй” гэжээ.

Олимпын тайзан дээрх 18:0-ийн ялагдал

Парист өөр гурван тамирчинтай өрсөлдөхдөө Ганн эх орноо бэлгэдсэн хөдөлгөөнүүдийг үзүүлж, бүтээлч байдлаа харуулахыг хичээжээ. Тэр Австралид үүссэн гэх “sprinkler” бүжгийн хөдөлгөөн болон имж шиг дэвхрэх хөдөлгөөн зэргийг үзүүлсэн байна.

Гэвч гурван тойрогт бүгдэд нь 18:0-ээр ялагдаж, бараг тэр даруй цахим ертөнцийн шүүмж, доромжлолын бай болжээ. Түүний цахим дахь алдар нэр үүгээр зогссонгүй. Удалгүй тэр TMZ, Жо Роганы подкаст зэргээр яригдаж, “The Tonight Show” нэвтрүүлэгт жүжигчин Рэйчел Дрэч түүнийг элэглэн үзүүлжээ.

Тэр ч байтугай дуучин Адель тоглолтынхоо үеэр Рэйчел Ганны талаар ярьсан байна. Гэхдээ дэлхий нийтийн анхаарал удалгүй Ганн болон түүний нөхөр, дасгалжуулагч Сэмюэл Фри нар Олимпод оролцох эрхээ хууль бусаар авсан гэх худал, хуйвалдааны шинжтэй цуурхал болон хувирчээ.

Энэ бүх анхаарал Ганнд асар хүндээр туссан байна. Тэр “Надад харанхуй нүх рүү унаж байгаа юм шиг санагдсан” хэмээн тухайн үеийнхээ мэдрэмжийг дүрсэлжээ.

“Сэтгэл зүйдээ анхаарах цаг надад хэрэгтэй байсан”

Rachael Gunn, aka Raygun, is the subject of a new documentary where she opens up about going viral at the Paris Olympics.

-Олимпод оролцох нь олон тамирчны амьдралын хамгийн сайхан өдрүүдийн нэг байдаг. Харин хоёр жилийн дараа та тэр өдрийг хэрхэн харж байна вэ?

-Үнэнийг хэлэхэд, тэр өдөр одоо ч маш их догдлуулсан өдөр хэвээрээ. Олимпод оролцсон хүн бүр үүнийг амьдралынхаа хамгийн сайхан өдөр гэж боддоггүй байх. Ихэнх хүн Олимпод очоод үзүүлбэртээ сэтгэл дундуур үлддэг байх.

Гэхдээ Олимпод оролцоно гэдэг амьдралд ганц тохиох боломж. Би хэзээ ч тийм зүйл мэдэрнэ гэж бодож байгаагүй.

-Энэхүү баримтат кино таны өөрийн байр суурийг хэлэх тодорхой боломж болж байна. Яагаад яг одоо вэ?

-Надад болсон бүхнээс бага зэрэг зай авч, бүхнийг боловсруулах цаг хугацаа, орон зай хэрэгтэй байсан. Би сэтгэл зүйдээ маш их анхаарсан. Одоо өөрийн түүхээ хуваалцахад бэлэн, сайн байгаагаа мэдэрч байна.

Тэр үед маш их худал мэдээлэл, хуйвалдааны онол, таамаг байсан. Маш их шуугиан дэгдсэн. Заримдаа тэр шуугиан намжихыг хүлээх хэрэгтэй байдаг гэж би боддог.

“Баримтат киногоо үзэхдээ хэдэн хундага шампанск уусан”

-Та өмнө нь өөрийн үзүүлбэрийн бичлэгүүдийг үзэхээс зайлсхийдэг гэж ярьж байсан. “The Tonight Show”-ын элэглэл зэрэг таны тухай хийсэн зүйлсийг ч үзээгүй. Харин баримтат киногоо үзсэн үү?

-Тийм ээ, үзсэн. Баримтат киногоо үзэхдээ хэд хэдэн хундага шампанск уусан. Энэ нь мэдээж багагүй тус болсон! 

Бүх зүйлээс тодорхой хугацаанд холдсон болохоор тэр үеийнх шиг тийм хүнд мэдрэгдээгүй. Яаралтай, шинэхэн зүйл биш болсон байсан. Энэ удаа өөр санагдсан. Би сэтгэл заслын эмчилгээ хийлгэж, маш их зүйл дээр ажилласан.

-Олимпын үеийн өөрийн үзүүлбэрээ анх удаа тэр үед үзсэн үү?

-Үгүй ээ, би өөрийнхөө үзүүлбэрийг өмнө нь харж байсан. Яагаад гэдгийг нь санахгүй байна, гэхдээ нэг удаа үзчихээд “Өө, бодож байснаас минь тийм ч муу биш юм байна!” гэж бодож байсан.

“Тэр үнэхээр 'удаан хэмнэлтэй' автомашины осол шиг байсан”

-Та Олимпын алтан медаль хүртэнэ гэсэн ямар ч төөрөгдөлгүй байсан нь баримтат киноноос харагддаг. Олимп ойртох тусам бусад бүжигчдийн биеийн хүч чадалтай харьцуулахад өөрийгөө хангалттай биш гэдгээ мэдэж, аль болох өөрийгөө эвгүй байдалд оруулахгүй байхыг хүсэж байсан. Тэр ч байтугай тэмцээнд оролцохынхоо өмнө Олимпын тосгонд паник дайралтад орсон тухайгаа ярьдаг. Үзэгчийн хувьд баримтат кино бүхэлдээ "удаан хэмнэлтэй" автомашины осол шиг санагддаг. Тухайн үед танд ч бас тэгж мэдрэгдэж байсан уу?

-Өө, үнэхээр тийм байсан! Энэ яг "удаан хэмнэлтэй" автомашины осол шиг байсан. Би зүгээр л аль болох хохирлыг нь багасгахыг хичээж байсан. Гэхдээ би бас өөрийгөө бага зэрэг хэтрүүлээд байна гэж бодож байсан.

“Дэлхий нийтээрээ намайг шоолно гэж юу байх вэ дээ! Рэйчел, ингэж бодож байгаа чинь жаахан инээдтэй юм” гэж бодсон. Гэтэл тэд үнэхээр шоолсон. Тэгээд нэлээд удаан хугацаанд үргэлжилсэн.

Хүнд байсан. Би өөрөөр хөдөлдөг гэдгээ мэдэж байсан. Надтай хамт шалгарсан бусад бүх хүнээс өөр арга барилтай гэдгээ мэдэж байсан. Би брейк бүжгийн ертөнцөд ч маш өөр замналаар орж ирсэн. Амьдралынхаа нэлээд хожуу үед эхэлсэн.

Хүмүүс ойлгохгүй байж болох, эсвэл ялангуяа 1980-аад оны “Beat Street” зэрэг киноноос хойш брейк бүжгийг үзээгүй хүн бол миний хөдөлгөөнийг их хачин гэж бодож болох олон зүйл байсныг би мэдэж байсан.

Дэлхийн тайзан дээр үүнийг хийхэд өөр түвшний зориг хэрэгтэй байсан. Би тэнд өөрөөрөө байх, бүтээлч байх, бусдаас өөр байхаас айхгүй байхыг хүссэн. Би харамсдаггүй.

“Парис одоо миний түүхийн нэг хэсэг”

-Та Олимпын өмнө бүр оролцохоо болих талаар бодож байсан ч эцэст нь насан туршид ганц тохиох боломж гэж үзээд оролцсон тухай баримтат кинонд ярьдаг. Одоо тэр шийдвэрээ зөв гэж бодож байна уу?

-Бүх зүйлд хүргэсэн тэр “Sliding Doors” буюу амьдралыг өөрчилсөн шийдвэр яг аль нь байсныг хэлэхэд хэцүү. Гэхдээ хүн өөрийн гаргасан шийдвэрүүдээ эргэцүүлж, тэдгээрээс суралцаж, илүү сайн хүн болохыг хичээдэг.

Парис одоо миний түүхийн нэг хэсэг болсон. Миний хувьд одоо болсон бүхнийг бүрэн хүлээн зөвшөөрч, нэг алхмаар урагшилж, цааш явах нь илүү чухал.

“Би зөвхөн өөрийнхөө үйлдэл, бодол, үгэнд хяналт тавьж чадна”

-Таны хийлгэсэн сэтгэл заслын эмчилгээ ямар байсан бэ?

Би сэтгэл зүйгээ сайжруулахын тулд хэд хэдэн арга туршиж үзсэн. Анхаарал төвлөрүүлэх дасгал, бясалгал хийж үзсэн. Надад огт таалагдаагүй. Би байнга “Одоо би ямар муухай мэдрэмжтэй байна вэ, бүх дэлхий сүйрч байгаа юм шиг санагдаж байна” гэдгийг мэдрээд л байсан.

Тиймээс анхаарлаа өөр зүйлд хандуулж, бодлоо салгах зүйлс надад илүү их тус болсон. Гэхдээ бүжигтээ эргэн ороход надад нэлээд хугацаа шаардсан. Би хүмүүс намайг таних вий гэж санаа зовж, хэсэг хугацаанд фитнес зааланд ч буцаж очоогүй.

Эцэст нь, би юуг хянаж чадах, юуг хянаж чадахгүйгээ ойлгох хэрэгтэй болсон. Үнэндээ миний хянаж чадах цорын ганц зүйл бол өөрийнхөө хариу үйлдэл байсан. Би хүмүүс намайг юу гэж бодохыг хянаж чадахгүй. Намайг юу гэж ярихыг нь хянаж чадахгүй. Миний тухай ямар бичлэг, элэглэл хийхийг хянаж чадахгүй. Гэхдээ би юу хийх, юу бодох, юу хэлэхээ хянаж чадна.

Үүнийг ойлгоход би маш их хугацаа зарцуулсан. Гэхдээ тэр бүх хөдөлмөр үнэ цэнтэй байсан. Өнөөдөр би энд суугаад: “Та өөрөөрөө байж болно. Хүмүүс таныг мууллаа гээд өөрөөрөө байхаас айх хэрэггүй” гэж хэлж чадна.

“Цахим орчинд бидний харж байгаа хүн бол бодит хүн”

-Таны тэр үед гэнэт дэлхий даяар алдартай болсон туршлагыг энгийн хүн бүр ойлгоход хэцүү байх. Та юу гэж боддог вэ?

-Маш сайн асуулт байна. Энэ талаар бид ярилцах хэрэгтэй гэж боддог. Учир нь, интернэт асар хүчтэй болж, ийм зүйл улам бүр олширч байна. Энэ нь хүмүүсийг өөрийгөө илэрхийлэхээс айхад хүргэх үнэхээр муу нөлөөтэй гэж би боддог.

Саяхан залуучууд цахим ертөнцөд гэнэт цацагдахаас айдаг учраас клубт очиж бүжиглэхийг хүсэхгүй байгаа тухай нийтлэл уншсан. Мянганы үеийн хүн миний хувьд энэ үнэхээр гунигтай санагдсан.

Клубт очоод чөлөөтэй бүжиглэж, өөрийнхөөрөө байж чадах эрх чөлөөгөө алдана гэдэг үнэхээр харамсалтай. Бид ямар зүйл дээр дарж, юуг комментолж, юуг бусадтай хуваалцаж байгаагаа үнэхээр бодох хэрэгтэй. Учир нь, дэлгэцийн цаана байгаа хүн бол бодит хүн. Тэр хүн амьдралтай. Гэр бүлтэй. Ажилтай. Түүнд санаа тавьдаг хүмүүс бий.

Энэ бүхний төвд орсон хүнд төдийгүй түүний эргэн тойрон дахь хүмүүст ч маш хүнд тусдаг. Инээдмийн киноны хөгжилтэй хэсгийг хуваалцаж байгаа зүйл биш. Дүр, эсвэл зохиомол дүрийг хуваалцаж байгаа хэрэг биш.

Та амьд, бодит хүний тухай мэдээлэл хуваалцаж байна. Тиймээс бид цахим орчинд ямар нэгэн зүйлд хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө түр зогсож, дахин бодох хэрэгтэй. Намайг гэнэт дэлхий даяар таних болсон тэр үе үнэхээр сюрреал (зүүд шиг) байсан.

Ходоод эвгүйрхэж, нэг л айдас төрөөд “Энэ үнэхээр болоод байгаа юм биш биз дээ? Миний царай төрх дэлхий даяар тарж байгаа гэж би бодоод, өөрийнхөө тухай хэт дөвийлгөсөн хачин зүүд зүүдлээд байгаа юм биш биз?” гэж бодож байсан. Үнэхээр хачин "туршлага" байсан.

“Эмэгтэй тамирчид илүү их шүүмжлэлтэй тулгардаг”

TOPSHOT - Australia's Rachael Gunn, known as Raygun competes in the Women's Breaking dance Round robin of the Paris 2024 Olympic Games at La Concorde in Paris, on August 9, 2024. (Photo by Odd ANDERSEN / AFP) (Photo by ODD ANDERSEN/AFP via Getty Images)

-Баримтат кинонд Австралийн шилдэг эмэгтэй брейк бүжигчид гардаг. Тэд таны үзүүлбэрт дургүйцэж байгаагаа илэрхийлсэн. Тэдний нэг болох Flix “Би үүнд гомдсон” гэж хэлсэн. Та тэдний уур бухимдлыг зөвтгөж байна уу? Тэдний үгийг сонсох ямар байсан бэ?

-Мэдээж, ялангуяа өмнө нь найз байсан хүнээсээ ийм зүйл сонсох нь урам хугармаар. Гэхдээ тэд өөрсдийн үнэн сэтгэлээ л хэлсэн. Тэр үе эмэгтэй брейк бүжигчдийн хувьд, тэр дундаа Австралийн эмэгтэй брейк бүжигчдийн хувьд маш хүнд үе байсан гэж боддог.

Тэд маш их дарамт, шүүмжлэл, дарамт шахалттай тулгарсан. Flix-ийн бизнес рүү хүртэл хүмүүс үзэн ядалт агуулсан утасдаж байсан гэж би мэднэ. Тиймээс тэдэнд эх орондоо, бодит амьдрал дээр ямар хүнд байсныг төсөөлөхөд ч бэрх.

Цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл тэгтлээ их хурц мэдрэгдэхгүй байх гэж найдаж байна. Ямартай ч миний хувьд цаг хугацаа өнгөрөх тусам бүхнийг боловсруулахад тус болсон. Харин тэдэнд тэр бүх мэдрэмжээ боловсруулахад арай илүү хугацаа хэрэгтэй байж болох юм.

“Би брейк бүжгийн цорын ганц дуу хоолой байхыг хэзээ ч хүсээгүй”

-Зарим шилдэг брейк бүжигчид энэ баримтат кинонд бухимдалтай байгаа талаар Reuters мэдээлсэн. Тэдний үзэж буйгаар, энэ спорт хэдийнэ таны нэртэй хэтэрхий их холбогдсон. Та тэдэнд юу хэлэх вэ?

-Тийм ээ, тэгж байгаа байх! Би энэ баримтат кино хүмүүсийг брейк бүжигт сонирхолтой болгож, илүү их судалж, бусад бүжигчдийг олж харахад хүргээсэй гэж хүсэж байна. Зарим хүмүүсийн хувьд брейк бүжигтэй танилцсан анхны хүн нь би байж болох юм.

Гэхдээ олон хүн өөр олон бүжигчнийг олж харсаныг би мэднэ. Миний найз нөхөд, гэр бүлийнхэн хүртэл одоо тэмцээнүүд, бусад бүжигчдийн талаар мэддэг болсон. Тиймээс энэ бүхний ачаар зарим хаалга нээгдээсэй гэж хүсэж байна.

Энэ баримтат кинонд брейк бүжгийн талаар ярих зүйл маш их байгааг харуулдаг. Энэ бүх ярианы үеэр шилдэг бүжигчид, энэ урлагийг анхлан хөгжүүлсэн хүмүүс, ахмад үеийн буюу “OG” бүжигчдийг урьж, тэдний дуу хоолойг сонсоосой гэж би үнэхээр хүсэж байна.

Би брейк бүжгийн тухай ярьдаг цорын ганц хүн байх шаардлагагүй. Би хэзээ ч тийм зүйл хүсэж байгаагүй.

“Эмэгтэй тамирчид илүү хатуу шүүлтэд өртдөг”

-Заримдаа Олимп болон бусад тэмцээнд тамирчин муу үзүүлбэр үзүүлсэн ч хүмүүс түүнийг өхөөрдөж, дэмждэг. Жишээ нь, Сиднейн Олимпын “Эрик загас” буюу Эрик Муссамбани, Калгарийн Олимпын Эдди “Ийгл”, мөн “Cool Runnings” киноноос бидний мэдэх Ямайкийн чарганы баг байна. Яагаад таныг тэднээс өөрөөр хүлээж авсан гэж бодож байна вэ? Интернэттэй холбоотой юу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Хмм, би юугаараа тэднээс өөр юм бол? Яг ямар ялгаа байна вэ? Гэхдээ эмэгтэй тамирчид илүү их шүүмжлэл, хяналт дор байдаг гэж би боддог. Үнэхээр тийм.

Тэдний үзүүлбэрээс гадна өмссөн хувцас, биеийн галбир хүртэл шүүгддэг. Хэт булчинлаг байна гэдэг. Булчин багатай байна гэдэг. Хэт махлаг байна гэдэг. Хэт туранхай байна гэдэг.

Эмэгтэй тамирчдын бие, төрх байдалд хүмүүс маш их анхаарал хандуулдаг. Миний тухай гарсан хариу үйлдэлд энэ нь чухал хүчин зүйл байсан гэж боддог.

“Цахим орчин бол бодит ертөнц биш”

-Таны вирус мэт тархсан явдал хүмүүсийг өөрийгөө илэрхийлэхээс айхад хүргэж магадгүй гэж та хэллээ. Ийм зүйлээс айж байгаа хүмүүст, брейк бүжиг эсвэл өөр ямар нэгэн зүйл туршиж үзэхээс эмээж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Бид цахим орчин дахь хүмүүсийн хариу үйлдэлд хэт их ач холбогдол өгдөг гэж би боддог. Гэхдээ цахим орчин бол бодит ертөнц биш. Би цахим орчинд маш их муулуулдаг. Гэхдээ бодит амьдрал дээр хүмүүсийн надад хандах хандлага огт өөр.

Энэ хоёрын хооронд асар их ялгаа бий. Өнөөдөр цахим орчинд гарч ирвэл хүмүүс таныг муулах нь нийгмийн нэг хэсэг болсон мэт санагддаг. Гэхдээ магадгүй бид үүнийг өөрөөр харах хэрэгтэй байх.

Та үнэхээр сонирхолтой зүйл хийсэн учраас хүмүүс таныг ярьж байна гэдгийг нэр төрийн тэмдэг мэт хүлээж авч болох юм. Тиймээс айх хэрэггүй. Энэ бол зүгээр л интернэт. Интернэт таныг идчихгүй.

Эх сурвалж: CNN