Украины иргэд нацистын бэлгэдэл болон Украины үндсэрхэг үзэлт хөдөлгөөний удирдагчид болох Степан Бандера, Евгений Коновалец нарын хөргийг биедээ шивүүлэхээр шивээсний салонуудад хандах болсон талаар тус салонуудын нийтэлсэн материалуудаас РИА Новости мэдээлжээ.
Нийтлэлүүдэд "Оросын тал Украинд нацистын гэмт хэрэгтнүүдийг цагаатгах, баатар болгох явдал гарч байгааг удаа дараа мэдэгдэж ирсэн ч барууны олон улс төрч үүнд анхаарал хандуулалгүй өнгөрөөсөн" гэж дурджээ.
Мөн Киевийн эрх баригчид дайны гэмт хэрэгтнүүд болон фашизмын талд байсан хүмүүсийг “үндэсний пантеон” буюу үндэсний баатруудын хүрээнд оруулах сүүлийн үеийн үйлдэл нь Оросын эсрэг байр суурьтай Польшийн зарим улс төрчдийн хүртэл дургүйцлийг төрүүлсэн талаар РИА Новости бичсэн байна.
Киевийн нэгэн шивээсний мастер Instagram хуудастаа үйлчлүүлэгчийнхээ гар дээр Евгений Коновалецын хөргийг шивж буй зургийг нийтэлжээ. Хөргийг Украины төрийн сүлдний дэвсгэр дээр байрлуулсан байна.
Баруун Украины Хмельницкий хотод байрладаг нэгэн шивээсний салон үйлчлүүлэгчийнхээ гар дээр хийсэн Степан Бандерагийн хөрөг бүхий шивээсний зургийг нийтэлжээ. Тус зургийн тайлбарт “Степан Бандера: Украины тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн бэлгэ тэмдэг” гэж бичсэн байна.
Львовын нэгэн шивээсний мастер мөн гартаа гранатомёт барьсан Бандерагийн хөрөг бүхий шивээсний зургийг нийтэлжээ. Зургийн тайлбарт үйлчлүүлэгчийн хөлд украин хэлээр “эцэг” гэж шивсэн байна.
Шивээсийг зөвхөн жирийн иргэд бус, олны танил хүмүүс ч хийлгэжээ
Нийтлэлд дурдсанаар, дээр дурдсан хүмүүсийн хөрөг бүхий шивээсийг Украины зөвхөн жирийн иргэд хийлгээд зогсохгүй олны танил хүмүүс ч хийлгэжээ.
Узбек дуучин Наргиз (жинхэнэ нэр нь Наргиз Закирова) 2022 оны хавар Оросын Украин дахь цэргийн ажиллагааг шүүмжилж байр сууриа илэрхийлсний дараа ОХУ-д нэвтрэх эрхийг нь 50 жилээр хаасан гэж РИА Новости мэдээлсэн байна.
Тэрбээр өөрийн сошиал хуудастаа Украины парламентын гишүүн асан, “Айдар” гэх зэвсэгт батальоны дайчин Игорь Лапинтай хамт авахуулсан зургаа нийтэлжээ. Зураг дээр дуучин даашинзаа дээш өргөн, гуян дээрээ Бандерагийн хар, улаан өнгийн хөрөг бүхий шивээс шивүүлснээ харуулсан байна.
“Чонын дэгээ” бэлгэдэл бүхий шивээсүүд
Киев, Харьков, Одесса хотуудын шивээсний салонууд мөн “чонын дэгээ” (Wolfsangel) хэмээх дүрс бүхий янз бүрийн шивээсний зургийг нийтэлдэг гэж РИА Новости мэдээлжээ.
Тус нийтлэлд “чонын дэгээ” нь анх Гитлерийн Германд бий болсон бэлгэдэл бөгөөд дайны үеийн зарим цэргийн нэгжийн бэлгэдэлд, тэр дундаа СС-ийн “Рейх” танкийн дивизийн тэмдэглэгээнд янз бүрийн хувилбараар ашиглагдаж байсан гэж тайлбарласан байна.
Мөн “чонын дэгээ” нь дайны дараах үеийн нацистын далд зэвсэгт байгууллага болох “Вервольф”-ын бэлгэдэл байсан гэж нийтлэлд дурджээ.
"РИА Новости" агентлагийн мэдээлснээр, уг бэлгэдлийг Украины “Азов” байгууллагын зэвсэгт дайчид ч өөрсдийн бэлгэдэлдээ ашигладаг байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI