Сан-Францискогийн оршин суугч Жианна Капецио наймдугаар сарын 21-ний баасан гарагт гэрээ цэвэрлүүлэхээр "Tau Robotics" компанийн хүн дүрст роботыг нэг цагийн хугацаагаар хөлсөлж, 30 доллар төлжээ. Энэ талаар тэрбээр Storyful-д ярьсан байна.

Ер бусын энэхүү цэвэрлэгээний үеийн бичлэгт робот түүний гэрт янз бүрийн ажил хийж буй нь харагджээ. Тухайлбал, тоос соруулах, гал тогооны тавцан арчих зэрэг ажлыг робот гүйцэтгэсэн байна. Гэхдээ робот бүх ажлаа бүрэн бие даан хийж чадаагүй аж.

Капецио Storyful-д “Роботыг Tau Robotics компанийн оператор алсаас удирдаж байсан. Тэр бүрэн автоном буюу бие даан ажиллаж байгаагүй” гэж ярьжээ.

Нэг цагийн дотор юу хийсэн бэ?

Робот нэг цагийн турш ажиллахдаа Капециогийн орыг засаж, угаалгын өрөөг цэвэрлэж, тоос соруулсан байна. Капецио механик гэрийн үйлчлэгч нь хүнийх шиг хурдан ажиллаагүйг хүлээн зөвшөөрсөн ч эцсийн үр дүнд сэтгэл хангалуун байжээ.

Тэр “Хүн хийсэн бол илүү хурдан байх байсан. Гэхдээ ерөнхийдөө дажгүй ажилласан” гэж ярьсан байна.  Түүнчлэн Капецио "Робот ажлаа дууссаны дараа өөрөө дахин цэвэрлэх, засах шаардлага огт гараагүй" гэж нэмж хэлсэн байна.

Tau Robotics-ийн робот ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

Tau Robotics одоогийн байдлаар үйлчилгээгээ зөвхөн урилгаар санал болгож байгаа аж. Компанийн мэдээлснээр тэдний робот гэр цэвэрлэх, гүн цэвэрлэгээ хийх, оффис цэвэрлэх зэрэг ажил гүйцэтгэх боломжтой юм байна.

Капециогийн нийтэлсэн бичлэгээс үзэгчид роботыг түүний орон сууцаар явж, цэвэрлэгээ хийж байхыг харжээ. Гэвч цахим орчинд бичлэгийг үзсэн зарим хүн роботын ажиллах арга барилд төдийлөн сэтгэл хангалуун байгаагүй аж.

Нэг хэрэглэгч “Тэр гал тогооны тавцанг өнгөцхөн арчаад өнгөрч байгаа нь... би лав татгалзъя” гэж сэтгэгдэл үлдээжээ. Өөр нэг нь “Хэтэрхий удаан байна. Би өөрөө хийсэн нь дээр” хэмээн бичсэн байна. Гэхдээ асуудал нь зөвхөн робот хэр сайн цэвэрлэж байгаад байгаагүй аж.

Зарим үзэгчдийн хувьд роботын цэвэрлэгээний чадвар хамгийн том асуудал биш байжээ. Капециогийн бичлэг цахим орчинд роботууд хүний хийж ирсэн ажлыг орлох нь хөдөлмөр эрхлэлтэд ямар нөлөө үзүүлэх вэ? гэсэн маргааныг мөн дагуулсан байна.

Нэг хэрэглэгч “Сайн ажиллаж дээ. Гэхдээ роботыг дэмжихийн тулд хүний орлогыг булааж авч байгаа юм байна” гэжээ. Өөр нэг нь “Инээдтэй юм! Роботууд хэрэггүй! Хүмүүст робот биш, ажлын байр хэрэгтэй!” хэмээн шүүмжилсэн байна.

Капециогийн өөрийн үнэлгээ эерэг хэвээр байв

Цахим орчин дахь шүүмжлэлүүдийг үл харгалзан Капецио роботын ажилд эерэг үнэлгээ өгчээ. Капецио "Робот хүнээс илүү удаан ажилласан ч нэг цагийн хугацаанд ор засаж, угаалгын өрөө цэвэрлэж, тоос соруулсны дараа дахин засах, цэвэрлэх шаардлагатай зүйл байгаагүй" гэж хэлсэн байна.

Эх сурвалж: PEOPLE